Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг
Далавчин дээрээ бөрттэй канар шувууд
Бараг 60 жилийн өмнө намайг залуухан бишопоор үйлчилж байхад манай тойргийн Катлийн МкКий гэгч бэлэвсэн эгч нас барсан юм. Түүний эд хөрөнгөн дунд гурван тэжээвэр канар шувуу байлаа. Маш сайхан шаргал өнгөтэй хоёр шувууг нь, түүний найзуудад өгөх ёстой байлаа. Гурав дахь нь Билли, тэр шар өнгөтэй ч далавчин дээрээ саарал толботой байв. МкКий эгч надад үлдээсэн зурвастаа: “Та болон таны гэр бүл түүнийг авч болох уу? Тэр хамгийн үзэсгэлэнтэй нь биш ч, түүний хоолой хамгийн шилдэг нь” гэж бичсэн байлаа.
МкКий эгч өөрөө далавчин дээрээ бөрттэй канар шувуу шиг хүн байлаа. Тэр гоо үзэсгэлэн, нийцтэй байх ур дүй эсвэл үр удмаар адислагдаагүй хүн байсан. Харин түүний дуу бусдад ачаагаа илүү хичээнгүй тээж, зорилгоо илүү ухаалаг дадмагаар хэрэгжүүлэхэд тусалдаг байв.
Энэ дэлхий далавчин дээрээ бөрттэй шар канар шувуудаар дүүрэн. Харамсалтай нь тэднээс маш цөөхөн нь дуулж сурсан байдаг. Зарим залуус хэн гэдгээ, хэн байж болохоо эсвэл хэн болохыг хүсч байгаагаа мэддэггүй; тэд бүгд л зүгээр хэн нэгэн болохыг хүсдэг. Бусад нь өтөл нас, ажил хэрэгтээ дарагдаж, эсвэл өөрсдийн чадвараас дэндүү дор амьдарч байгаагийн улмаас эргэлзээгээр дүүрэн байна.
Сайхан амьдрахын тулд бэрхшээлийг зоригтой, гансралыг сэргэлэн цовоо, агуу ялалтыг төлөв даруухан угтах чадварыг хөгжүүлэх ёстой. Та нар “Эдгээр зорилгуудыг бид хэрхэн биелүүлэх вэ?” гэж асууж байгаа байх. “Бид чухамдаа хэн бэ гэдэг үнэн ойлголтыг олж авснаар!” гэж би хариулна. Бид бол амьд Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн охид хөвгүүд нь билээ. Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн гэдгээ сайн бод. Бид хүч чадал, эрх мэдлийг шинээр гүн ухамсарлан ухаарахгүйгээр энэ итгэлийг чин сэтгэлээсээ хүлээн авч чадахгүй.
Бидний амьдарч буй дэлхийд ёс журам, нэр төр гэх ойлголт тийм ч чухал биш, гоо үзэсгэлэн эсвэл сэтгэл татам гэдгийн дараа хоёрдугаарт тавигдах болжээ. Гэвч олон зууны тэртээ Их Эзэн бошиглогч Самуелд хэлэхдээ: “Түүний гаднах байдлыг болон нурууны өндрийг нь бүү харагтун. Би түүнийг үл тоов. Учир нь Бурхан хүнтэй адил хардаггүй. Хүн гаднах төрхийг хардаг бол ЭЗЭН зүрхийг нь хардаг” (1 Самуел 16:7) гэсэн.
Аврагч итгэлтэй хэн нэгнийг хайхдаа синагогт байнга байдаг, өөрсдийгөө зөв зохистой хэмээдэг тэдгээрийн дундаас сонгоогүй. Харин Тэр Капернаумын загасчдын дундаас дуудсан. Эргэлзээ төрүүлэм, боловсролгүй, түргэн зантай Симон итгэлийн Төлөөлөгч Петр болсон билээ. Далавчин дээрээ бөрттэй шар канар шувуу Их Эзэний бүрэн итгэл, хязгааргүй хайрыг хүлээн авахуйц байсан.
Аврагч хичээл зүтгэл, хүч чадлаар дүүрэн номлогчдыг сонгохдоо Тэр түүнийг Өөрийн дэмжигчдийн дунд бус харин дайснуудынхаа дундаас олдог. Хавчин эсэргүүцэгч Саул номлогч Паул болдог.
Гэтэлгэгч төгс бус хүмүүсийг сонгож төгс болох замыг заадаг. Тэр үед тэр мөн л тэгсэн юм. Тэр одоо ч—далавчин дээрээ бөрттэй шар канар шувуудыг сонгосоор байна. Тэр та нарыг мөн намайг энэ дэлхий дээр Түүнд үйлчлэхийг дуудаж байна. Бидний үүрэг бүх нийтийнх байх ёстой. Тиймээс бид тэмцэлдээ бүдрэх аваас “Биднийг хөтөл, тийм ээ биднийг хөтөл, хүмүүний агуу Бүтээгч, дахин тэмцэхэд харанхуйгаас биднийг хөтлөөч” хэмээн гуйцгаая.1
Дарамтлагдсан, дарлагдсан, зовсон ядуустай үргэлж байх Галилей Хүний жишээг бид дагах болно. Үүнчлэн хийх аваас үнэн дуу хоолой бидний зүрх сэтгэлээс эгшиглэх болтугай хэмээн би залбирч байна.