2010
Мэхлэх үү эсвэл мэхлэхгүй юү
2010 оны Зургадугаар сар


Мэхлэх үү? эсвэл үгүй юү?

Би шалгалтынхаа нэг асуултын хариуг санахгүй байлаа. Хажуугийнхаа хүүхдийн хариулт уруу өнгийн харах маш амархан байлаа.

Би 17 настай сувилагчийн ангийн оюутан надад kоллежийн хоёр дахь жил нэлээд хүнд байлаа. (Филиппинд бид сургуулиа 16-тай төгсдөг.) Шалгалт, судалгааны ажил, барагдашгүй, унших зүйлс их энэ бүхэн надад төгсгөлгүй ядаргаатай санагдаж байлаа. Бага унтдаг болсноос болж, нүд маань үргэлж хар цагирагтай л явдаг боллоо. Ажил ихтэй байсан ч би үргэлж “золиослол тэнгэрээс адислалуудыг авчирдаг” гэдгийг мартахгүйг хичээж байлаа.1

Хэрэв би хичээж ажиллах юм бол ирээдүй маань илүү сайн болно гэдгийг би мэдэж байлаа. Бууж өгөөд хичээлээ хийхгүйгээр ор уруугаа ормоор санагдсан үед би маргааш нь шалгалт эсвэл даалгавраа муухан мэдэж байвал ямар харамсалтай, яланд унасан мэт байхаа төсөөлдөг байв. Энэ нь намайг сэрээж, хичээлээ хийх хангалттай хөшүүрэг болдог байв.

Манай ангийн ихэнх нь шалгалтандаа хангалтгүй дүн аваад сэтгэлээр унадаг байлаа. Гэсэн ч тэд хөдөлмөрлөхийг, шаргуугаар хичээн суралцахыг хүсэхгүй байв. Тэд шалгалт шүүлгийн үеэр хариултаа дамжуулж, багшийг хараагүй үед нь бие биедээ цаасаа харуулан “тусалдаг” байлаа. Би бас ийм зүйл хийхээр уруу татагдаж байсан ч хэзээ ч зүрхлээгүй юм. Би Сүмийн сэтгүүлүүд дээрээс Сүмийн гишүүд үргэлж өндөр жишгийг үзүүлэх ёстой буюу мэхлэх ёсгүй гэдгийг олон удаа уншсан. Тиймээс би хичээнгүй суралцаж, энэ нь заримдаа хуулсан ангийнхнаасаа сул дүн авах шалтгаан болдог ч уруу таталтыг сөрсөн юм.

Нэг өдөр би өглөөний 7:00 цагаас оройн 19:00 цаг хүртэл хичээлтэй, хичээл бүр дээр асуулт хариултын шалгалттай байлаа. Эхний асуулт хариултанд бэлтгэж, би 10 хуудас юм уншлаа. “Энэ бүгдийг би яаж дуусганаа?” гэж бодлоо. Ашгүй, би эхний асуулт хариултыг сайн хийж дуусгав. Өдрийн цайны үеэр би дараагийнхдаа бэлтгэв. Би анги уруугаа очтол, удалгүй шалгалт эхэллээ. Би бүгдийг нь хариулсан ч нэгийнх нь хариулт орж ирдэггүй. “Яагаад ингэв ээ?” гэж бодлоо. “Би үүнийг сайн давтсан шүү дээ. Би хариултыг мэдэх ёстой!”

Үзгээрээ ууртайхан сандлаа цохиж суутал үсээ янзалж байгаа мэт толгойгоо эргүүлээд, ангийнхаа хүүхдийн хариултыг гялс харж болох юм гэх бодол гялсхийв. “Би үүнийг ганц удаа хийж болно ш дээ, тэгээд би шилдэг нь болно” гэж бодлоо. Нэг удаа л юм чинь яавал гэж. Үүнээс гадна, би хичээнгүй суралцдаг боловч мэхэлдэггүй болохоор ангийнхнаасаа доогуур дүн авдаг!” энэ нь үнэхээр шударга бус юм шиг надад санагдаж байв. Гэхдээ л надад эвгүй байлаа. Сандал дээрээ займчин, мэхлэх үү эсвэл үгүй юү гэдэг сонголт хийхийг хичээж байв.

Гэтэл дотроос минь нэгэн дуу хоолой, “Хэрэггүй, Шери!” Мэхлэх нь буруу, чи үүнийг мэднэ шүү дээ!” гэж хэлэв. Гэнэт би шалгалтаа амжилттай өгсөн ч мэхлэх юм бол авсан дүндээ сэтгэл хангалуун байж чадахгүй гэдгээ ойлголоо. Тэнгэрлэг Эцэг маань зөв сонголт—хийхийг минь харж байсан болохоор энэ сонголт бол жинхэнэ шалгалт нь байсан юм.

Яг тэр үед Ням гарагийн хичээл дээр судалж байсан “Би яахан ийм их муухай хэрэг үйлдэж, Бурхандаа нүгэл үйлдэх билээ?” Эхлэл 39:9 гэсэн судрын үгс орж ирлээ. Тэнгэрлэг Эцэг шалтгалтууд, хичээлийн даалгавруудаас эхлээд тоолж баршгүй олон бэрхшээлийг давахад минь тусалсан гэдгийг би мэднэ. Түүний миний төлөө хийсэн бүхнийг би хэрхэн мартаж, нүглийг сонгох билээ?

Тэр өдөр ямар дүн авснаа би одоо санахгүй байна. Асуултандаа хариулсан үгүйгээ ч би хэлж чадахгүй. Гэхдээ би зөв сонголт хийсэндээ ямар сайхан мэдрэмжтэй байснаа үргэлж санаж явдаг.

Одоо би төгсөх курсийн оюутан болоод бас л адилхан уруу таталтууд, уул шиг овоорсон хичээлтэй байгаа ч сөрөхөд хүндхэн мөчид уруу таталтыг давж, сонголтоо аль эрт хийсэн болохоор мэхлэхгүй байхыг сонгох нь хэцүү биш болсон. Хичээнгүй хөдөлмөрлөж авсан “онц” дүн хэчнээн амттайг би сурч авсан. Ёс бус явдал хэзээ ч аз жаргал байгаагүй (Aлмa 41:10-г үз). Үнэн аз жаргал нь бошиглогчдын болон Сүмийн бусад удирдагчдын зөвлөгөөг дагаж, зарлигуудыг сахиснаар ирдэг. Би “Тушаалуудыг дагах юм бол аврал, амар амгаланг авах болно” хэмээх үгсэд чин сэтгэлээсээ итгэдэг.2

Эшлэл

  1. “Тэр хүнийг магтъя,” Дуулал, х. 50

  2. “Тушаалуудыг дага,” Дуулал,

Зураг чимэглэлийг Грегг Торкелсон