Юмсыг байгаагаар нь
2009 оны тавдугаар сарын 3, Айдахогийн–Бригам Янгийн Их Сургууль дээр болсон Сүмийн Боловсролын Системийн галын дэргэдэх ярилцлагаас
Бидний харьцдаг, оролцдог кибер орон зай нь бодгалийг маань хязгаарлаж болзошгүй тул төлөөлөгчийн хувьд сэрэмжлүүлгийн дуу хоолойгоо өргөж байна.
Та бүхэнтэй хамт суралцах энэ боломжийг би тэсэн ядан хүлээж, бэлтгэж байхдаа Нифайн ах Иокавын хүчтэй мэдрэмжийг илүү сайн ойлгосон юм. Тэр хэлэхдээ, “Би энэ өдөр өдийг хүртэл байснаас үлэмж илүүгээр та нарын бодгалиудын аз жаргалын төлөө хүсэл тэмүүлэл хийгээд зовнилдоо дарагдан байна” (Иаков 2:3) гэжээ. Өнөөдөр та нартайгаа хуваалцахыг хүсч байгаа миний захиас яг л тэнгэрээс буух шүүдэр лугаа адил миний бодгалийн дээр нэвчин сэтгэлийг минь удаанаар зовоож байгаа зүйлийн нэг юм (C ба Г 121:45). Одоо та бүгдийг эгшин зуурын хийгээд мөнхийн үр дагавар бүхий онц чухал сэдэв уруу анхаарлаа хандуулахыг би хүсч байна. Биднийг энд хамт байх хугацаанд Ариун Сүнс бидэнтэй цуг байж, бидний хүн нэг бүрд заах болтугай хэмээн би залбирч байна.
“Сүнс хуурах нь үгүй, мөн үнэнийг хэлдэг хэмээн Мормоны Номонд үнэнийг энгийн бөгөөд уран тодоор тодорхойлсон байдаг нь үргэлж миний сэтгэлийг хөдөлгөдөг. Иймийн тул, энэ нь үнэхээр тэдгээр зүйлүүдийг байгаагаар нь, мөн тэдгээр зүйлүүдийг үнэхээр байхаар нь ярьдаг; иймийн тул, эдгээр зүйлүүд, бидний бодгалиудын авралын тулд бидэнд тодорхой үзүүлэгдсэн билээ” (Иаков 4:13; мөн C ба Г 93:24-г үз).
Бид энэ шүлэгт тодорхойлсон анхны нэг гол элемент болох: юмсыг байгаагаар нь гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлэх болно. Эхлээд бүгдээрээ юмсыг байгаагаар нь ойлгож мэдэхийн үндсэн сургаал болсон Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөний хэдэн гол элементийг авч үзэцгээх болно. Дараа нь бид юмсийг байгаагаар нь харахад бидний анхаарлыг сарниулах эсвэл чадварыг маань боогдуулах дайсны хэрэглэдэг дайралтын арга барилын талаар авч үзэх болно. Тэгээд эцэст нь бид өсвөр, ирээдүй үе болсон та бүхний үүрэг хариуцлагуудын талаар ярилцана. Будлиулан самууруулсан, хорон санаа юу юунаас ч илүүтэйгээр өсч байгаа өнөө үед та бүхэн юмсыг байгаагаар нь хүлээн авч тогтмол ялган таньж, дуулгавартай байж, нандин гэрээнүүдээ дээдлэн сахиж байх хэрэгтэй.
Бидний бурханлиг хувь заяа
Гэр бүл: Дэлхий дахинаа Өргөх Тунхагт Тэргүүн Зөвлөл ба Арванхоёр Төлөөлөгчийн Зөвлөл: бид Бурханы сүнсэн охид хөвгүүдийн хувьд “Түүний хүүхдүүд мөнхийн амьдралын өв залгамжлагчид болох [өөрсдийн] бурханлиг хувь заяагаа гүн ухамсарлаж, төгс төгөлдөр болж хөгжин дэвшихийн төлөө махан биебодийг олж, дэлхийн туршлагуудыг нэмж олох Түүний төлөвлөгөөг хүлээн зөвшөөрсөн” хэмээн тунхагладаг.1 Тэнгэрлэг хувь заяагаа олж авахын, хөгжих үйл явцад биемахбодтой байхын чухлыг анхаарна уу.
Бошиглогч Иосеф Смит бие махбодын чухлыг тодорхой заасан:
“Дэлхийд бид бие махбодтой болж, түүнийхээ цэвэр ариун байдлыг селестиал хаант улсад Бурханы өмнө үзүүлэхээр ирсэн. Аз жаргалын агуу зарчим бол бие махбодтой байх. Чөтгөрт бие махбод байхгүй бөгөөд энэ нь түүний шийтгэл юм. Тэр хүний биеийг олж авахад их баяртай байх ба Аврагч түүнийг зайлуулах үед тэр ямар ч биегүй байснаас гахайн биетэй байсан нь дээр гэж үзэн гахайн сүрэг уруу явуулахыг тэр хүссэн. Биет бүхэн биегүйн дээр ноёрхох хүчтэй. …
“Зөвхөн бид л түүнд нэвтрэх боломж олгохгүй бол чөтгөр бидний дээр ямар ч хүчгүй. Харин бид Бурханаас ирэх ямар нэгэн хүчийг эсэргүүцэх тэр л агшинд чөтгөр хүчээ авч эхэлдэг.”2
Бие махбод маань бидний мөнх бус амьдралын өмнөх дэлхийд үнэхээр олж авч чадахгүй туршлагуудыг өргөн хүрээтэй, гүн гүнзгий, эрчимжүүлсэн хэлбэрээр авах боломжийг олгодог. “Бидний сүнс болон бие нэгдсэнээр бие маань зан араншингийн үндэс, ухаан бодлын багаж хэрэгсэл болдог билээ” хэмээн Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ерөнхийлөгч Боид К.Пакер заасан.3 Тиймээс, бидний бусадтай харьцах харилцаа, үнэнийг мэдэж, түүний дагуу үйлдэх чадвар, Есүс Христийн сайн мэдээний ёслол болон зарчмуудад дуулгавартай байх чадвар нь бие махбодиор маань дамжуулан өсдөг. Мөнх бус амьдралдаа бид энэрэл нинжин сэтгэл, хайр, эелдэг байдал, аз жаргал, уй гашуу, урам хугаралт, өвдөлт мөн биднийг мөнхийн амьдралд бэлтгэхийн тул өгөгдөх янз бүрийн бие бялдрын хязгаарлалтуудыг амсдаг. Судруудад энгийнээр тодорхойлсноор “бие махбодийн дагуу” (1 Нифай 19:6; Aлмa 7:12–13) бидэнд байх ёстой, суралцаж, үзэж мэдрэх ёстой хичээлүүд байдгийг мэдэгдсэн.
Төлөөлөгчид ба бошиглогчид бидний бие махбодийн мөнх бус болон мөнхийн байдлын чухал ач холбогдлыг үргэлж заадаг байсан. Паул мэдэгдэхдээ:
“Та нар өөрсдөө Бурханы сүм мөн бөгөөд Бурханы Сүнс та нарын дотор оршдог гэдгийг мэддэггүй юм уу?
“Хэрэв нэг нь Бурханы сүмийг устгавал Бурхан тэр хүнийг устгана. Учир нь Бурханы сүм бол ариун бөгөөд энэ нь та нар мөн” (1 Коринт 3:16–17).
Энэ эрин үед Их Эзэн: “Мөн сүнс хийгээд мөн бие нь хүмүүний бодгаль бөлгөө” хэмээн илчилсэн (C ба Г 88:15). Энэ үнэн бол бодит бөгөөд бидний бие болон сүнс үргэлж бидний бодит байдал ба бие хүнийг бүрдүүлэх болно. Бие болон сүнс салшгүйгээр холбогдсон үед бид баяр баяслын бүрэн байдлыг хүлээн авч чадна. Харин тэд салсан үед бид баяр баяслын бүрэн байдлыг хүлээн авч чадахгүй (C ба Г 93:33–34-г үз).
Эцэгийн төлөвлөгөө нь хүүхдүүдээ аз жаргалтай байхад тусалж, тэднийг дахин амилсан, өргөмжлөгдсөн биетэй аюулгүйгээр гэртээ авчрахын тул удирдамжаар хангахад зориулагдсан. Люсифер, Бурханы охид хөвгүүдийг будилуулан самууруулж, аз жаргалгүй болгож, тэдний мөнхийн хөгжлийг саатуулахын тулд ажилладаг. Хуудал хуурмагийн эцгийн нуугдмал зорилго нь бид бүгдийг “өөрийн адил зовлонт” (2 Нифай 2:27) болгохын төлөө тул тэр хамгийн ихээр үзэн яддаг Эцэгийн төлөвлөгөөний элементүүдийг гуйвуулахаар ажилладаг.
Сатан бие махбодгүй тул түүний мөнхийн хөгжил нь зогссон байдаг. Усны урсгал голын голдрилдоо далангаар хаагдан зогссон байдаг шиг дайсны мөнхийн хөгжил нь бүтэлгүйтсэн. Учир нь түүнд бие махбод байхгүй. Люсифер бослого гаргаснаараа мөнх бусын адислалууд болон бие махбодоор дамжуулан ирэх туршлагуудыг мэдрэх боломжгүй болсон. Зөвхөн биеийг олсон сүнсний суралцаж чадах хичээлүүдийг тэр суралцаж чадахгүй. Тэр гэрлэж эсвэл гэр бүлийн амьдрал, хүүхэд төрүүлэх адислалуудын баяр баягаланг мэдэрч чадахгүй. Тэрээр бүх хүн төрөлхтний үнэн ба олон талын дахин амилалтын бодит байдлын дагуу амьдарч чадахгүй. Хараал идсэн гэдэг үгний байж болох сүнслэг утгуудын нэг нь Тэнгэрлэг Эцэгтэй адил болохын тул тэр үргэлжлүүлэн хөгжих чадваргүй болох хэмээн тайлбарлаж болно.
Бие махбод нь Эцэгийн аз жаргалын төлөвлөгөө ба бидний сүнслэг өсөлтийн төв учраас Люсифер биеэ зохисгүй буруугаар ашиглахад уруу татаж, бидний хөгжлийг хясахыг эрэлхийлдэгт бид гайхах зүйлгүй. Мөнх оршихуйн үндсэн егөөдлүүдийн нэг бол бие махбодгүйн учир тэр үнэхээр зовлонт болох тэр, биеэ зохисгүйгээр ашиглах муу олиггүй бүхэнд биднийг урин дуудаж, хорхойтуулах дайсан билээ. Түүнд жинхэнэ багаж байхгүй, хэрэглэж ч чадахгүй. Иймийн тул түүний уруу таталтын гол зорилго нь биднийг биеийн болоод сүнслэг байдлын сүйрэл уруу хорхойтуулан дагуулах явдал юм.
Дайсны довтолгоонууд
Бие махбодоо буруугаар ашиглах, өөрсдийн биеийн ач холбогдлыг багасгах нөлөөнд оруулахаар дайсан биднийг уруу татдаг. Эдгээр хоёр довтолгооны арга барилыг мэдэж, няцаах нь бидний хувьд маш чухал.
Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн хэн нэг нь ариун явдлын хуулийг зөрчих, мансууруулах бодис ба донтуулагч элдэв зүйлсийг хэрэглэх, өөрсдийгөө зэрэмдэглэх эсвэл үзэмжгүй болгох, эсвэл хиймэл хуурамч онгодыг шүтэхэд, тэдний өөрсдийнх нь бие байна уу бусдынх байна уу, Сатан энэ бүгдэд баяртай байдаг. Үнэн хэрэгтээ биеийг аливаа нэгэн байдлаар буруугаар хэрэглэх нь Бурханы охид хөвгүүд болох бидний үнэн бие хүнийг няцаасан эсэргүүцлийн нэг хэлбэр мөн (Moзая 2:36–37; C ба Г 64:34–35-г үз).
Одоо ах эгч нар аа, би та бүхэнд биеийг зохисгүйгээр буруу хэрэглэх бүх арга замыг тоочиж чадахгүй; “маш олон янзын зам мөн аргууд бий, бүр тэдгээрийг би тоолж чадахааргүй тийм олон бөлгөө” (Moзая 4:29). Та бүхэн юу зөв, юу буруу гэдгийг мэднэ мөн хийж болох, хийж болохгүй зүйлсийг өөрөө “судлах мөн тэрчлэн итгэлээр” (C ба Г 88:118) суралцах хувь хүний үүрэг хариуцлага та нарт байгаа. Мөн та бүхэнд хийж болох, хийж болохгүй зүйлсийн сургаалын учир шалтгаан өгөгдсөн билээ. Та нар үнэхээр судлахыг хүсэх тусам та нар “өөрсдийгөө, мөн бодлуудаа, мөн үгсээ, мөн үйлүүдээ хянаж, мөн Бурханы зарлигуудыг мөрдөж, бас Их Эзэний маань ирэлтийн талаар сонссон түүндээ үргэлж итгэлтэй байж, бүр амьдралынхаа эцсийг хүртэл ингэхгүй аваас” (Moзая 4:30), та нар сүнслэгээр сэнхэрсэн, хамгаалагдсан байх болно. Биеэ зохисгүйгээр буруу хэрэглэхийг тэр уруу татах үед та нарт үнэнч шударга, хичээнгүй байдлын дагуу хууран мэхлэлтийг ялгах, дайсны довтолгоог няцаах хүч байх болно.
Сатан мөн Бурханы хүүхдүүдийг өөрсдийн биеийн чухал ач холбогдлыг багасгахад хорхойтуулахыг хичээдэг. Яг ийм төрлийн дайралт нь хамгийн бузар булай, зальжин байдаг. Дайсан биднийг хэрхэн мөнх бус амьдралын өмнөх оршихуйд баярлалдан уухайлах (Иов 38:7-г үз) шалтаг болсон дэлхийн туршлагуудад суралцах явдлыг эрсдэлд оруулахыг урамшуулан дэмжиж, тачаангуйн мэдрэмжинд (2 Нифай 28:21-г үз) илбэн номхотгож, аргалдаг зарим нэгэн жишээнүүдийг хэлэхийг би хүсч байна.
Жишээ нь, бид бүгд өргөн цар хүрээтэй, зөв зохистой, зугаатай, сэтгэл татсан зугаа цэнгэлд дуртай. Гэхдээ бид ер бусын, туйлын аюултай, сэтгэлийг маш ихээр хөгжөөн сэргээгч “болчимгүй зүйл” –ийг эрэлхийлснээрээ өөрсдийн биеийн чухал ач холбогдлыг багасгаж, эрүүл мэндээ дээсэн дөрөөн дээр тавьдаг. Өнгөц харахад гэм зэмгүй адал явдалтай учрахад юу нь буруу байх вэ хэмээн бид өөрсдийгөө зөвтгөж болох юм. Гэсэн хэдий ч мөнх бус байдлын сургамжтай туршлагуудыг хүлээн авах—Бурханы үнэн багаж хэрэгслийг бид зөвхөн баяр цэнгэл эсвэл зарим дэмий наргиа хөөх, биеэ тоох, эсвэл сайшаан магтуулах гэснээрээ—биеийнхээ чухал ач холбогдлыг үнэхээр багасган эрсдэлд оруулдаг.
Харамсалтай нь, өнөөдөр Сүмийн зарим залуу эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүд “юмсыг байгаагаар нь” хүлээн авахыг үл тоомсорлон, мөнхийн үнэ цэнэгүй анхаарал сарниулах зүйлүүд, ажилд саад болсон зугаа цэнгэл, үнэн замаас хазайлгах тэр бүхнээр мөнхийн харилцаагаа үл тоож байна. Их Эзэний Өргөөнд Ариун санваарын—хүчээр хамтдаа үеийн үед ба үүрд мөнхөд лацлагдсан—залуу хосууд хэт их видео тоглоомоор тоглох эсвэл интернэтэд хэт автагдах донтолтоос болж гэр бүлийн ярвигтай асуудлуудад орж байгааг харахад миний зүрх шимширдэг. Хэн нэгэн залуу эрэгтэй болон эмэгтэй видео болон интернэт тоглоомонд автан оюун ухаан, сүнсний хөшингө байдалд орсны улмаас тоолшгүй их цаг хугацаагаа дэмий үрж, мэргэжил, боловсрол олох хугацаагаа сунгах буюу алдаж, эцсийн эцэст ойр дотны хүнлэг харилцаануудаа золиосолж байна. Их Эзэн “Болгоогтун, … Би тэдэнд ийн зарлиглаж байна: авьяас билиг чинь мэдэгдэхгүй байхын улмаас чи цагаа дэмий үрэх ёсгүй, тэрчлэн чи авьяас билгээ булшлах ёсгүй” (C ба Г 60:13) гэж тунхагласан.
Та нар өөрсдөөсөө одоо “Гэвч Беднар ах аа, та яриагаа бидний мөнхийн хөгжил дэх бие махбодын чухал ач холбогдлын талаар ярьж эхэлсэн. Видео тоглоом тоглох, төрөл бүрийн компьютер-мэдээллийн хэрэгсэлтэй харьцах харилцаа нь бидний биеийн чухал ач холбогдлыг багасгах үүргийг гүйцэтгэдэг гэж та хэлж байна уу?” гэж асууж магадгүй. Энэ яг миний тунхаглах гэсэн зүйл. Би үүнийг тайлбарлая л даа.
Технологи бодит зүйлийг орлох, бодит байдлыг өсгөх, жинхэнэ бодит байдлыг бүтээхэд ашиглаж болох цаг үед бид эдүгээ амьдарч байна. Тухайлбал, эмч хүн өвчтөнд мэс заслыг амжилттай хийж, өвчтөнийг эрсдэлд оруулахгүйн тулд компьютерийн програм хангамжийг ашиглаж болно. Нисгэгч хүн олон хүний амьдралыг аварч болох ослын буултын горимын дадлагыг нислэгийн загварчилсан орлуулагч дээр ахин дахин хийж болно. Архитектор ба инженерүүд газар хөдлөлт болон бусад байгалийн гамшгуудаар хүний амь ба барилга байгууламжийн гарз хохирлыг бууруулах гоц загвар хийц ба барилгын арга техникийг зохиохын тул шинэ технологи ашиглаж байна.
Эдгээр жишээ бүр, яг тохируулан загварчилсан зохиомол загвар нь амьдралд үр дүнтэй хувь нэмэр оруулдгийн тодорхой жишээ болж байна. Яг тохирох гэсэн томьёолол нь бодит байдал ба бодит байдлыг төлөөлөгч хоёр ижил төстэй байх гэсэн утгыг илэрхийлдэг. Хэрэв нарийн тохиргоо нь өндөр хэмжээнд хийгдсэн, зорилго нь зөв—бол; жишээ нь тухайн туршлага амь насыг аварч, эсвэл амьдрал сайжруулах боломжоор хангаж байгаа бол ийм дууриамал үр дүнтэй байж чадна.
Компьютер дээр (26-р хуудас) хийсэн өрөөний зураг төсөл, дараагийн хуудас дахь бэлэн болсон өрөө хоёрын нарийн тохиргоог анзаарна уу.
Энэ жишээн дээр, өндөр хэмжээний нарийн тохиргоо нь ариун нандин үзэсгэлэнтэй ариун сүмийн барилга ба загвар буюу хамгийн чухал зорилгыг—амжилттай хийж дуусгахын тулд ашиглагдсан байна. Гэсэн хэдий ч, хэрэв нарийн тохиргоо нь өндөр хэмжээнд хийгдсэн, мөн зорилго нь буруу юмсыг бид “энэ зүгээр л тоглоом” гэж бодон бусад үед бол бодохгүй эсвэл хийхгүй байх байсан, Бурханы зарлигуудын эсрэг зүйлсийг хийж, тэдгээрт хорхойтсоноор энэ нь биднийг сүнслэг байдлын доройтол, аюул уруу хөтөлнө.
Бидний харьцдаг, оролцдог кибер орон зай нь бодгалийг маань хязгаарлаж болзошгүй тул төлөөлөгчийн хувьд сэрэмжлүүлгийн дуу хоолойгоо өргөж байна. Миний анхааруулж байгаа асуудлууд шинэ зүйл биш; тэд зурагт, кино, хөгжим зэрэг бусад мэдээллийн хэрэгслүүдэд яг ижилхэн хамааралтай. Гэхдээ орчин үеийн кибер ертөнцөд эдгээр сорилтууд илүү эрчимтэй нэвтэрч байна. Бидний төвшинг бууруулахыг хүсэгч, чөтгөрийн зорилго болоод доромжлолыг сурталчлах дээд зэргээр дууриалган хийсэн, кибер орон зайн технологийн сүнслэг байдлыг сүйтгэгч нөлөөллөөс болгоомжлохыг би аминчлан хүсч байна.
Дайсан биднийг бие махбодио буруугаар ашиглахад хорхойтуулж чадахгүй болохоороо түүний хамгийн боломжит аргуудынх нь нэг болох бид бүгдийг бие олсон сүнснүүдийн хувьд бага багаар, бие махбодиор “юмсыг байгаагаар нь” байлгахаас салгах мэхийг хэрэглэдэг. Уг чанартаа тэр биднийг мөнх бус амьдралын өмнөх оршихуйд, биегүй байсан шигээ бодож, үйлддэг байхыг хүсдэг. Хэрэв бид түүнд үүнийг хийхийг зөвшөөрөх аваас тэр өөрийн зорилгыг гүйцэлдүүлэхийн тул орчин үеийн технологийн зарим зүйлийг овжин ашигладаг. Болгоомжтой байцгаа! Элдэв зураг чимэглэл, мессеждэх, жижиг чихэвчнүүд, “Хөөрөл” /Twitter/ хэмээн нэрлэдэг вэбхуудсууд буюу өөрийн тухай интернэтээр мэдээлэх, интернэт сүлжээгээр харьцах, мэдээллийн хэрэгсэл ба интернэтийг донтолт болтол ашиглах, өөрийн биеийн чухал ач холбогдлыг унагах, хүн хүнтэйгээ нүүр тулан харьцах харилцааны үнэ цэнэтэй баян тансаг байдлыг умартан, тэдгээрт шимтэн орох, сэтгэл татагдахаас сэрэмжил. Биеийн чадавх, туршлагыг өргөн цар хүрээтэйгээр бүрэн булааж чадах бүх хэлбэрийн компьютер-мэдээллийн хэрэгсэл, тоон илэрхийллийн тоног хэрэгсэл зэргээс болгоомжил.
Кибер орон зайн найз залуутайгаа хүчтэй хайр дурлалын харьцаа үүсгэсэн нэгэн эмэгтэйгийн хэлсэн үгсийг анхааралтай уншина уу. Мэдээллийн хэрэгслээр хийсэн харилцаа хэрхэн бие махбодын ач холбогдлыг бууруулсан талаар сайн анхаарна уу. “PFSlider (эрэгтэйн дэлгэцэн дэх нэр) өдөр тутмын амьдрал маань болсон байв. Бүхий л биет бүхэн ор сураггүй болсон байв. Миний бие байхгүй, би арьс, үс, ясгүй болсон мэт байв. Бодол санаа минь сунжирсан урт бодлоор дүүрч, өнчин тархинд маань л төвлөрч байлаа. Гадагш ер гарахгүй, олон нийттэй ямар ч харьцаа байхгүй, цаг агаар ямар байгааг ч мэдэхгүй, харин зөвхөн компьютерийн дэлгэц, утас, сандал, магадгүй стакан ус л миний дэргэд байсан байх.”4
Үүнтэй уялдуулаад бид “Хүн бүр ариусгал хийгээд хүндэтгэл дотор өөрийн савыг хэрхэн эзэмдэхийг мэд” гэсэн Паулын сэрэмжлүүлгийг анхааралтай сонсох хэрэгтэй (1 Тесалоник 4:4).
Түрүүхэн миний хуваалцаж байсан Их Эзэний Өргөөнд гэрлэсэн залуу хосын тухай дахин бодож үзнэ үү. Амьдралын туршлага маруухан, эхнэр/нөхөр нь байж боломгүй их цагийг видео тоглоом тоглох, интернэтээр харьцах эсвэл “юмсыг байгаагаар нь” хүлээн авах боломжгүй болгодог дижитал зүйлсэд зарцуулдаг байж магад. Эхэндээ өдөр тутмын амсхийх завгүй ажлаасаа цөөхөн хэдхэн минутыг үүнд зарцуулж байгаа нь харьцуулахад гэмгүй мэт санагдаж магадгүй. Гэвч хамтдаа инээх, уйлах, тансаг бөгөөд удаан үргэлжлэх сэтгэлийн уялдаа, дотно хэлхээ холбоо тогтоох зэрэг хүмүүний хоорондын харьцааг хөндсөн чадваруудыг хөгжүүлэх чухал боломжуудаа алдах болно. Алгуурхнаар, гэмгүй мэт санагдах зугаа цэнгэл хор хөнөөлтэй боолчлолд оруулж чадна.
Ханийнхаа энхрий зөөлөн тэврэлтийн дулааныг мэдрэх, эсвэл хэн нэгнийхээ сэтгэлийн угаас гарч буй гэрчлэлийг нүднээс нь олж харах—зэрэг бүх юмсыг байгаагаар нь бие махбодоороо—мэдрэхийн оронд ямар ч үнэ цэнэгүй дээд зэргийн хийцтэй уран сэтгэмжит зүйлээр золиосолж болно. Хэрэв бид бүгдээрээ, та нар ч би ч сонор сэрэмжтэй байхгүй бол олон зууны өмнөх Лемен, Лемуел нар шиг “мэдрэхээс өнгөрсөн” (1 Нифай 17:45) болж болно.
Хэрхэн аажим аажмаар, бие махбодоороо бодит юмсыг байгаагаар нь хүлээн авахаас алгуурхан холдсон өөр нэгэн жишээг татъя. Өнөөдөр хэн нэгэн “Second life” /Хоёр дахь амьдрал/ хэмээх бодит биш ертөнц уруу орж, шинэ бие хүн болсон мэт болдог болжээ. Хувь хүн өөртэйгөө зан ааш, төрхөөр төстэй харагдах тоон тэмдэгт эсвэл тоон хэмжээст “хүнийг” бүтээж болдог болсон. Эсвэл хэн нэгэн юмсыг байгаагаар нь харах ямар ч боломжгүй санаанаасаа зохиосон хиймэл бие хүнийг хийж чадна. Гэхдээ хувь хүнтэй хиймэл хүн хэдий адил төстэй байсан ч ийм байдал нь бодит юмсыг байгаагаар нь биш болгохын тод жишээ юм. Өмнө нь би бодит хүн, хиймэл хүн буюу загвар хоёрын нарийн бүтцийн талаар тодотгосон. Би одоо бодит хүн, хиймэл хүн хоёрын хоорондох дүйцэл—хувийн нарийн бүтцийн чухал ач холбогдлыг тодотгоё. Хувийн нарийн бүтэц дутагдсан тухай дараах явдал Wall Street Journal: сэтгүүл дээр гарсан байсан.
Рик Хуугестрат “урт саарал гэзэг, шанаандаа өтгөн үс мөн хар цагаан үс холилдсон жирэвгэр сахалтай бадриун [53 настай] эр. … шөнө зургаан цагийг, амралтын хоёр өдөр бол ихэвчлэн 14 цагийг завсарлагагүйгээр Dutch Hoorenbeek /Дани Хууренбийк/ нэрээр тэр хоёр метр гаруй өндөртэй, булчинлаг … интернет дэх өөрийнхөө дуураймал дүрслэлийг [Рик зарцуулдаг] бүтээв. Тухайн дуураймал биет нь залуу, бие бялдрын хувьд [Рик] –ийн сайжруулсан хувилбар байв. …
“… [Тэр] компьютерийнхээ өмнө нүдээ чилтэл суудаг. … Түүний эхнэр Сью зочны өрөөндөө зурагт үзэж, Ноён Хуугестрат дэлгэцэн дээр үзэгдэх өндөр, туранхай улбар шар үстэй хүн болж бусдад харагдах хүнтэй интернэтээр харьцдаг байж.
“Тэр компьютерийн ертөнцийн Second Life-ын тоон хэмжээсийн сайн бүтээгдсэн зөгнөлт ертөнцийн тэрхүү эмэгтэйтэй ерөөсөө уулзаж үзээгүй байв. … Тэр түүнтэй ярьдаг шигээ утсаар тийм их ярьж байгаагүй аж. Гэвч тэдний нөхөрлөл сонирхол татахаар бодит цар хүрээнд орсон байв. Тэд хамтдаа зээлээ төлж, дэлгүүрт худалдаа хийж, дугуйгаар хамтдаа явж цагийг хамтдаа өнгөрөөдөг, бас хоёр нохойтой [өөрсдийн кибер ертөнцөд] гэнэ. … Тэдний хэлхээ холбоо маш бат бөх болж, гурван сарын өмнө ноён Хуугестрат улбар шар үстэй “хүн”-ийг хянадаг 38 настай канад эмэгтэй Жанет Спиелманыг өөрийн кибер эхнэр болохыг хүсчээ.
“Түүний албан ёсны эхнэрийг энэ мэдээ баярлуулсангүй. ‘Энэ үнэхээр цочирдмоор’ хэмээн гэрлээд долоохон сар болсон эхнэр Сью Хуугестрат нь хэлэв.”5
Ах эгч нар аа, ойлгохыг хичээгээрэй. Би бүх технологи аюултай буруу гэж байгаа юм биш. Зохистой арга замаар үүний олон хүчин чадлуудыг суралцах, харилцаа холбоо барих, хүмүүсийн амьдралыг гэрэл гэгээтэй болгох, Сүмийг хүчирхэгжүүлэн босгох зэрэг мэдээжийн хийх ёстой зүйлсийг хийх ёсгүй хэмээн би энд хэлж байгаа юм биш. Харин ойр дотныхныгоо сэтгэлийн шаналгаанд оруулж, жинхэнэ харилцаагаа сүйтгэх, аюулд оруулахаас сэрэмжлүүлэх дуу хоолойг би өргөж байна. “Саяхан Станфорд Их Сургуулийн Дэд эрдэмтний зэрэг хамгаалсан эрдэмтний 30.000 интернэтээр тоглогчдын дунд явуулсан судалгаагаар интернэт тоглоом тоглодог эрэгтэйчүүдийн 40%, эмэгтэйчүүдийн 53% нь тэдний хиймэл найзууд нь жинхэнэ амьдралынх нь найзуудтай адил тэнцүү буюу бүр илүү сайн гэж гарчээ. Тоглогчдын дөрөвний нэг нь [үүнийг хариултандаа тодотгосон] өнгөрсөн долоо хоногийн хамгийн ихээр сэтгэл хөдөлгөсөн зүйл нь компьютерийн ертөнцөд тохиолдсон” гэжээ.6
“Юмсыг байгаагаар нь” хэмээх Их Эзэний үнэний тодорхойлолт нь ямар их чухал ач холбогдолтой, ямар их туйлбартай, ямар их цагаа олсон тодорхойлолт вэ. Бошиглогч Алма “Ай тэгвэл энэ нь бодитой гэж үү?” хэмээн асуусан (Aлмa 32:35). Тэрээр гэрэл, сайн сайхны тухай ярихдаа тэдгээр нь амталж болохоор юм шиг л ярьсан. Тиймээс тэд Үнэндээ, “Түүний [Эцэгийн] дэргэд оршин суудаг тэд бол … мөн түүний бүрэн байдлыг мөн түүний ач ивээлийг хүлээн авч тэд Бурханд үзэгддэгийн адилаар тэд үздэг ажгуу, мөн тэд Бурханд мэдэгддэгийн адилаар мэддэг ажээ” (C ба Г 76:94).
Миний хайрт ах эгч нар аа, сэрэмжлэгтүн! Хувийн нарийн бүтэц компьютер мэдээллийн харилцаанд ихээхэн буурсан, эдгээр харилцааны зорилгууд нь гуйвуулагдсан, төөрүүлэгдүүлсэн, ёс суртахуунгүй байх үед сүнслэг байдлын аюулд унах боломж нь маш өндөр байдаг. Би та нараасаа даруйхан үүнээс холдон зайлахыг мөн ийм газрууд, үйл ажиллагаануудаас байнга хол байхыг гуйж байна. (2 Tимот 3:5-г үз).
Одоо би дайсны довтолгооны нэмэлт онцлог шинжүүдэд анхаарлаа хандуулахыг хүсч байна. Ихэвчлэн Сатан нэрээ мэдэгдэхгүйгээр сэтгэл булааж, анхаарал татсан хоосон зүйлсийг санал болгодог. Люсифер өөрийн ажлыг үргэлж нууцаар биелүүлэхийг эрэлхийлдэг (Moсe 5:30-г үз). Гэхдээ ийм урвалт энгийн нэргүй биш, учир нь энэ нь интернэт блог /вэб тэмдэглэл/ дээр, эсвэл хуурамч нэрийн дор интернэт чат-өрөөнд /олон хэрэглэгч бие биедээ захидал бичих боломжтой вэб хуудас/ эсвэл хиймэл ертөнцөд байдаг гэдгийг санацгаагаарай. Ёс суртахуунгүй бодол, үг, үйл хэргүүд интернэт ертөнцөд ч гэсэн үргэлж ёс суртахуунгүй л байдаг. Найз нөхөд, гэр бүлийнхэндээ тарааж өгөхийн тулд интернэтээс дуу татаж авах эсвэл CD буюу DVD- нүүдийг хууль бусаар хуулбарлах гэх мэт үйлдлүүд нь залилан мэхэлж байгаа хэрэг билээ. Бид бүгд Бурханы өмнө хариуцлагаа хүлээх үүрэгтэй бөгөөд зүрх сэтгэлийнхээ хүсэл, үйл хэргийнхээ дагуу Түүний шүүлтээр гарцаагүй шүүгдэх болно (Aлмa 41:3-г үз). “Учир нь тэр [хүн] дотроо боддогтойгоо адил юм” (Сургаалт үгс 23:7).
Их Эзэн бидний хэн гэдгийг, юу боддогийг, юу хийдгийг, хэн болж болохыг үнэхээр мэддэг. Тэр бидэнд “эсэргүүцэгчид туйлын их уй гашууд нэрвэгдэх болно; учир нь тэдний алдсууд дээвэр дээрээс яригдах болно, мөн тэдний нууц илчлэгдэх болно” (C ба Г 1:3) хэмээн сэрэмжлүүлсэн.
Технологи өндөр хөгжсөн, түргэн өөрчлөгдөх өнөөгийн дэлхийд бидний сүнслэг байдалд аюул учруулах жишээнээс цөөхнийг би сэрэмжлүүлэх дуу хоолой болгон өргөлөө. Би дахин хэлж байна: технологиийн байна уу түргэн өөрчлөлтийн байна уу эсвэл тэр нь сайн байна уу эсвэл чөтгөрийн байна уу; бодит сорилт нь технологийн ч бай түргэн өөрчлөлтийн ч бай аль алиныг нь мөнхийн аз жаргалын төлөвлөгөөний нөхцөлд тохируулан ойлгох явдал юм. Люсифер өөрсдийн бие махбодийг буруугаар ашиглах, түүний чухал ач холбогдлыг багасгахад та нарыг дэмжин урамшуулах болно. Тэр Бурханы хэмжээлшгүй олон янзын бүтээлүүдийн жинхэнэ давталтын нэгэн хэвийн байдлыг орлуулахыг хичээх болно. Мөн тэр биднийг өөрсдийн төлөө ёс суртахууны чөлөөт сонголттой мөнхийн бодгалийн хувьд биш, харин зөвхөн мөнх бус зүйлсийн төлөө үйлдэхийг бидэнд үнэмшүүлэхийг хичээх болно. Залирхгаар тэр биет сүнснүүдийг адислалууд болон Эцэгийн аз жаргалын төлөвлөгөө, Түүний Цорын Ганц Хүүгийн Цагаатгалаар дамжуулан боломжтой болгосон “бие махбодийн дагуу” (1 Нифай 19:6; Aлмa 7:12–13) туршлагуудыг суралцах боломжуудыг алдуулахын тулд уруу татдаг.
Та нарын аз жаргал, хамгаалалтын тул би та нарыг авралын төлөвлөгөөний сургаалыг илүү хичээнгүйгээр суралцаж, бид сая тоймлон ярьсан үнэнийг залбиралтайгаар тунгаан бодохыг урьж байна. Би та нарт хувийн сургалтандаа залбиралтайгаар тунгаан бодох хоёр асуултыг санал болгож байна:
1. Олон янзын техник технологи болон мэдээллийн хэрэгслийг ашиглах нь миний амьдралд Ариун Сүнсний байнгын нөхөрлөлийг урьдаг уу эсвэл саад болдог уу?
2. Олон янзын техник технологи болон мэдээллийн хэрэгсэл ашиглахад зарцуулж байгаа цаг миний ухаалгаар амьдрах, хайрлуулах, үйлчлэх чадваруудыг өсгөж байна уу эсвэл хязгаарлаж байна уу?
Та нар хувь хүн бүрийн нөхцөл байдал, хэрэгцээнд тохирох хариулт, урамшуулах өдөөлт болон удирдамжийг Ариун Сүнснээс хүлээн авах болно. Би бошиглогч Иосеф Смитийн: “Биет хүн бүр биегүй тэдгээрийн дээр хүчтэй. Зөвхөн өөрсдөө л бид түүнд нэвтрэх боломж олгохгүй бол чөтгөр бидний дээр ямар ч хүчгүй” хэмээх сургаалыг давтан хэлж, үнэн гэдгийг баталж байна.
Эдгээр бие махбодийн чухал ач холбогдлын талаарх мөнхийн үнэнүүд нь хууран мэхлэлт, дайсны дайралтын эсрэг та нарт бэхлэлт босгох болно. Та нарын төлөө миний маш ихээр хүсч байгаа зүйлийн нэг бол Амилуулалтанд талархах, үргэлжийн өсөн нэмэгдэх гэрчлэл, бүр та нарын селестиал, өргөмжлөгдсөн биетэйгээр дахин амилах “мөн энэ нь амлалтын дагуу түүнд итгэлтэйн тань учир болой” (Moронай 7:41).
Дэлхийтэй нүүр тулах зориг
Би та нар жинхэнээсээ хэн бэ гэдэг талаар онцгойлон ярихыг хүсч байна. Та нар үнэхээр Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн сэргээн мандалтын үеийнхэн. 1997 оны 10-р сард Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Нийл А.Максвелл (1926–2004) Айдахогийн–Бригам Янгийн Их сургуулийн онцгой цугларалт дээр үг хэлэхээр зочилсон юм. Оюутны хотхонд байхад нь бид ерөнхийдөө олон төрлийн сайн мэдээний сэдвүүдээр болон ялангуяа Сүмийн залуучуудын талаар ярилцсан юм. Сэтгэлд минь хоногшсон Ахлагч Максвеллийн нэгэн мэдэгдлийг би тод санаж байна. Тэр хэлэхдээ, “Энэ үеийн залуучуудад өмнөх аль ч үеийнхнийг бодвол дуулгавартай байх агуу чадвар байна” гэсэн юм.
Тэр дараа нь түүний мэдэгдэл нь Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр Зөвлөх, Ерөнхийлөгч Жорж К. Канноны (1827–1901): “Бурхан дэлхийтэй мөн ил ба далд чөтгөрийн бүх хүчтэй тулж, Сайн мэдээг тунхаглаж үнэнийг сахих, ямар ч үр дагавраас үл айн Бурханы Сионыг байгуулан барих зоригтой, шийдэмгий сүнснүүдийг энэ эрин үед зориулан нөөцөлсөн байсан. Тэр хэзээ ч түлхэн унагах боломжгүй Сионы суурийг тавиулахаар, зөв шударга болох, Бурханыг эрхэмлэх, Түүнийг бүр дэндүү ихээр эрхэмлэж, бүх нөхцөл байдалд Түүнд дуулгавартай байх тэдгээр үрийг өсгөн үржүүлэх сүнснүүдийг энэ үед илгээсэн юм” гэж заасан үнэн дээр тулгуурласан гэдгийг тодотгосон юм.7
Энэ үеийн залуу эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүд дэлхийн түүхийн энэ цаг хугацаанд нөөцлөгдсөн байсан Тэнгэрлэг Эцэгийн хамгийн баатарлаг хүүхдүүдийн нэгээхэн хэсэг гэдгийг олон удаа эцэг эхчүүд болон сүмийн удирдагчид цохон тэмдэглэсэн байдаг. Үнэхээр ч эдгээр мэдэгдлүүд үнэн юм. Харин залуу хүмүүс энэ тодорхойлолтыг сонсоод ихэвчлэн энэ нь дандаа хэрэглэгддэг, улиг болсон—мэтээр түүний чухал ач холбогдлыг, гүнзгий утга санааг харахгүй өнгөрдөг болов уу хэмээн би боддог. “Учир нь их нь өгөгдсөн түүнээс их нь шаардагдах буюу” (C ба Г 82:3) гэсэн байдгийг бид мэднэ. Ерөнхийлөгч Каннон болон Ахлагч Максвелл нарын сургаалууд нь өнөөдөр биднээс юу шаардагдаж байгааг бүрэн гүйцэд ойлгоход тусална. Бид бүгд “бүх нөхцөл байдалд [Бурханд] дуулгавартай байх” мөн зоригтой байх ёстой. Иймийн тул дуулгавартай байдал нь хожмын өдрүүд дэх сайн, муугийн хоорондох дайнд өсвөр үеийнхний найдах гол зэвсэг юм.
Их Эзэн Өөрийн бүрэн эрх мэдлийг авсан үйлчлэгчдээрээ дамжуулан өнөөгийн залуу эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүдэд “шаардлагыг өндөрсгөсөн”-д бид баярлаж байна. Бид хэн бэ, яагаад энэ дэлхий дээр байгаа талаараа бодож үзэхэд өдөөн урамшуулсан ийм удирдамж нь таатай, баярламаар байдаг. Мөн Люсифер биднийг биеэ буруугаар ашиглаж, түүний чухал ач холбогдлыг багасгахын тул зусардангуйгаар зогсолтгүй “шаардлагыг доошлуулах”- ыг хичээдэг гэдгийг бид мэдэх хэрэгтэй.
Аврагч бидэнд дайсны мэхлэлтээс сэрэмжлэхийг дахин давтан сэрэмжлүүлж байсан.
“Мөн Есүс хариулж, мөн тэдэнд хэлэв: Хүмүүн та нарыг мэхлэхгүйн тулд анхааралтай байгтун; …
“Учир нь тэдгээр өдрүүдэд түүнчлэн хуурамч Христчүүд мөн хуурамч бошиглогчид гарч ирэх болно, мөн агуу тэмдгүүд хийгээд гайхалтай зүйлүүдийг үзүүлэх болно, ингэхийн хэрээр, хэрэв боломжтой бол, гэрээний дагуу сонгогдсон тэд байх тэрхүү сонгогдсон хүмүүсийг мэхлэх болно. …
“Мөн миний үгийг нөөцлөх хэн боловч хууртагдах нь үгүй” (Иосеф Смит---Maтай 1:5, 22, 37).
Дуулгавартай байдал нь Ариун Сүнсний байнгын нөхөрлөлийн үүдийг нээдэг. Мөн сүнслэг бэлгүүд болон чадварууд нь Ариун Сүнсний хүчээр идэвхжин, биднийг мэхлэлтээс зайлсхийх—мөн юмсыг байгаагаар нь харах, мэдрэх, мэдэх, ойлгох болон санах боломжийг олгодог. Бид бүгд эдгээр тодорхой шалтгаануудын учир агуу чадвартай заяагдсан. Моронай тунхаглахдаа:
“Их Эзэний үгсийг анхааран сонс, мөн өөрт хэрэгцээтэй ямар ч зүйлийн төлөө Эцэгээс Есүсийн нэрээр гуй. Бүү эргэлз, харин итгэлтэй бай, мөн эрт цагийнхны адилаар эхэл, мөн бүх зүрх сэтгэлээрээ Их Эзэнд ирэгтүн, мөн түүний өмнө айж мөн сүрдсэнээр авралаа гүйцээгтүн.
“Сорилтынхоо өдрүүдэд ухаалаг бай; бүх цэвэр бусыг өөрсдөөсөө зайлуул; шунал хүслээрээ үүнийг үрж дуусгаж болохын тулд бүү гуй, харин та нар ямар ч уруу таталтанд байр тавилгүй, харин та нар үнэн хийгээд амьд Бурханд үйлчилнэ гэсэн гуйвшгүй шийдмэг байдалтайгаар гуй” (Moрмон 9:27–28).
Бид энэ өдөөн урамшуулсан зөвлөгөөг анхааралдаа авснаар дайсны дайралт, уруу таталтыг өнөөдөр болон ирэх өдрүүдэд ялган таних адислалаар адислагдаж чадна, тэгэх ч болно. Бид дэлхий даяарх Их Эзэний ажилд хувь нэмрээ оруулж, урьдчилан томилогдсон үүрэг хариуцлагуудаа гүйцэлдүүлж чадна, мөн тэгэх ч болно.
Бурхан амьд бөгөөд бидний Тэнгэрлэг Эцэг гэдгийг би гэрчилж байна. Тэр бол авралын төлөвлөгөөг Зохиогч. Есүс бол Христ, бидний төлөө Тэр цовдлолтын золиослолыг хийж, бие нь хөхрөн бэртсэн, гэмтсэн тэр Гэтэлгэгч. Тэр амилсан; Тэр амьдардаг; мөн Тэр эдгээр хожмын өдрүүдэд Өөрийн Сүмийн тэргүүнд зогсдог. “Би түүний алдар сууг болгоож, мөн би түүний хайрын мутраар мөнхөд хүрээлүүлсэн” (2 Нифай 1:15) байх нь бодит бөгөөд хиймэл зүйл биш.
Бид дэлхийтэй болон чөтгөрийн гэх бүх хүчтэй тулах зориг, шийдэмгий байдлаар адислагдаж чадна, тэгэх ч болно гэдгийг би гэрчилж байна. Зөв шударга байдал ноёрхох болно. Ямар ч цэвэр бус гар энэ ажлыг хөгжин дэвшихээс зогсоож чадахгүй. Би тэдгээр юмсыг байгаагаар нь мөн тэд байгаагаараа байх болно гэдгийг Есүс Христийн ариун нэрээр гэрчилж байна, амен.