2019
Боб болон Лори Төрстон—Камбож Пномпень номлол
2019 оны 4-р сар


Итгэлийн хөрөг

Боб болон Лори Төрстон

Камбож Пномпень номлолд үйлчилсэн

senior missionary couple

Бид Камбож Пномпень номлолд үйлчлэхээр дуудагдсанаа мэдээд уйлж билээ. Ямар их догдолсон гээч!” хэмээн тэр хэлсэн. Төрстон ах: Бид Камбожийг сонгохгүй байх байсан. Гэхдээ энэ нь ямар гайхалтай бэлэг, ямар гайхамшигтай адислал байсан гээч! Төрстон эгч:

senior missionary hugging Cambodian woman

Төрстоныхон Камбожийн ард түмэнтэй онцгой байдлаар холбогдсон гэж боддог. “Бид тэдэнд хайртай бөгөөд тэд ч бас биднийг хайрладгийг бид мэдэрсэн. Камбож дахь хүмүүс бидэнд сайхан сэтгэлээр хандаж байсан” хэмээн Төрстон эгч хэлсэн юм.

senior couple visiting members

Номлолынхоо үүрэг хариуцлагууд дундаас тэд гишүүдийн гэрт айлчлан очих боломжтой байснаа хамгийн ихээр нандигнадаг.

senior missionary with Cambodian woman

Төрстон эгч Камбожид үйлчилж байсан хүмүүсээ хараад, “Би чамтай дараагийн амьдралдаа уулзахыг тэсэн ядан хүлээж байна. Тэр үед би чиний талаар үнэхээр юу гэж боддогоо болон хэрхэн хайрладгаа мөн хэрхэн хүндэлдгээ хэлэх болно” гэж бодож байснаа санасан.

Бид бүгд Бурханы хүүхэд тул хэл яриа, соёлын ялгаанаас үл хамааран утга учиртай тохинууллыг хийж болно гэдгийг Боб, Лори Төрстон хоёр эхнийхээ номлолоос сурчээ.

Гэрэл зурагчин Лэслий Нилссон

Sister Thurston hugging grieving girl

Боб:

Лори бид хоёр гэрлэхээсээ өмнө тэтгэвэрт гарсныхаа дараа номлолд үйлчлэх талаар ярьдаг байв. Бид хоёр хоёулаа өмнө нь номлолд үйлчилж байсан. Лори Японы Кобэ, харин би Австралийн Брисбэн номлолд тус тус үйлчилсэн юм. Тэтгэвэрт гарахад бэлдэж эхлэхдээ бид олон номлолд үйлчлэх хүсэлтэй байгаагаа хүүхдүүддээ хэлж билээ.

Бидэнд залуудаа тэтгэвэрт гарах аз завшаан олдсон юм. Ахмад номлогчид эрүүл мэндийн болон бусад асуудлын улмаас дэлхийн гуравдагч орон гэх мэт газруудад үйлчлэх боломжгүй байдаг талаар бид сонсоод, “Бид 60 ч хүрээгүй байгаа. Бас эрүүл саруул тул биднийг ашигла!” гэсэн билээ.

Би 56 насныхаа төрсөн өдрөөс хойш хоёр өдрийн дараа тэтгэвэртээ гарсан. Үнэндээ биднийг номлолынхоо дуудлагыг авах үед ч би ажлаа хийсээр л байсан юм. Бид дуудлагаа нээгээд, Камбож Пномпень номлолд үйлчлэхээр дуудагдсанаа мэдэн уйлж билээ. Ямар их догдолсон гээч!

Лори:

Бидэнд Камбожид үйлчилнэ гэсэн бодол огтхон ч төрж байгаагүй. Африк хавьцаа л байх гэж тооцоолж байсан юм. Бид өөрсдөөсөө “За, тэгэхлээр биднийг ямар адал явдал хүлээж байгаа бол?” гэж асуух болов. Бид Камбожийг сонгохгүй байх байсан. Гэхдээ энэ нь ямар гайхалтай бэлэг, ямар гайхамшигтай адислал байсан гээч! Их Эзэн биднээс илүү их ухаантай. Тэрээр биднийг хэрэгтэй гэсэн газар луу явуулдаг.

Бид хүмүүнлэгийн номлолд үйлчилсэн. Бид ХҮГ хүмүүнлэгийн төсөл дээр ажиллаж, тайлан илгээж, шинэ төслийн саналыг оруулдаг байлаа. Мөн хоёр жилийн өмнө ухаж гаргасан ундны усны худаг гэх мэт өмнө нь хийгдсэн төслийг бид шалгадаг байв. Бидэнд бас өөр арга замаар үйлчлэх боломж олдсон юм.

Бид гадас, дүүргийнхээ чуулганд оролцож, удирдагчид болон номлогчдод сургалт өгч, номлогчдын байрыг шалгаж, гишүүдийн гэрээр айлчилдаг байсан. Бид номлолын ажлыг саадгүй явуулахад тус болох янз бүрийн ажил хийдэг байлаа.

Номлолын маань нэг өдөр дараагийн өдөртэйгөө адилгүй байдаг байв. Заримдаа бид хөдөө газраар, өвдөг хүрсэн ус эсвэл шавар шавхай дунд явж, харин зарим өдрийг номлолын оффист өнгөрүүлдэг байсан. Бид Олон нийттэй харилцах албаны номлогчидтой хамт Шашин ба тахил шүтээн хариуцсан яамныхантай уулзсан юм. Камбожид “тахил шүтээн” гэдэг үгийг зөвхөн муу утгаар хэрэглэдэггүй. Албан ёсны шашин нь буддизм бөгөөд бусад нь тахил шүтээнд тооцогддог. Бид тус яаманд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол сайн, итгэл даах байгууллага гэсэн ойлголтыг өгөхөөр очсон юм.

Бид тэдэнтэй сайн харилцаатай болсон бөгөөд тэд ч биднээс тусламж хүсдэг болсон. Тэд бидэн рүү утасдаад, “Энд үер боллоо. Бидэнд 200 гаруй гэр бүлд зориулсан хоол хүнс хэрэгтэй байна” гэж хэлдэг байлаа. Хэрэгтэй гэсэн зүйлийг нь зохих газарт нь түргэн шуурхай хүргэж, байхгүй зүйлсийг нь нөхнө гэдэгт тэд Сүмд найдаж болно гэдгээ мэддэг байсан.

Камбожид байхад бидэнд юу тохиолдсон бэ? Биднийг тэнд байхдаа бараг бүхнийг үзэж харсан гэж хэлэхэд буруутахгүй байх. Бид хамгийн ядуу айлд очин, шороон эсвэл хулсан шалан дээр суудаг байв. Бид мөн төрийн байгууллагын ажилтны тансаг гэр оронд ч бас очдог байлаа. Боб бүр салбарын ерөнхийлөгчийн зөвлөлд хэсэг хугацаанд үйлчилсэн гээч.

Боб:

Номлолын ерөнхийлөгч над руу утасдаад, “Би таныг салбарын хоёрдугаар зөвлөхөөр дуудмаар байна” гэсэн. Жил хагас болсны дараа бид үйлчилж байсан салбарынхаа ерөнхийлөгчтэй хамт Хятадын Хонконгийн ариун сүмийн лацдан холбох өрөөнд сууж байлаа. Тэр анх удаагаа ариун сүмд орсон нь тэр байв! Тэр гэр бүлийнхэнтэйгээ хамт мөнгө цуглуулан, ариун сүм орох гэж долоон удаа оролдсон ч хэн нэгэн нь осолд орох ч юм уу өвддөг байжээ. Үргэлж ямар нэгэн зүйл болдог байсан байна. Долоон жилийн дараа тэд дөнгөж 40 доллар цуглуулсан байлаа.

Номлолд байхдаа бид Камбож дахь хожмын үеийн гэгээнтнүүдэд 3 удаа ариун сүмд ороход нь тусалсан юм. Ариун сүмийн эрхийн бичиг олгох ярилцлагыг хийдэг атлаа өөрсдөө ариун сүмд ганц ч удаа орж байгаагүй олон салбарын ерөнхийлөгчийг бид авч явсан. Ямар ч байсан Камбож дахь ахмад номлогчид эдгээр гэр бүлд ариун сүмд орох аян замд нь тусалдаг байв. Тэд онгоцонд сууж мэдэхгүй тул тэдэнтэй цуг дагалдан явах хэрэг ч гардаг байсан. Тэр ч бүү хэл ихэнх нь автобусанд ч сууж үзээгүй байлаа! Гэтэл тэд Хонконг руу нисэж, ариун сүмд орохоор явж байв. Үүнийг тэд дангаараа хийж чадахгүй байлаа. Тэднийг харж үзэн тусалсан Ариун сүмд орох хүмүүст үзүүлэх тусламжийн санд бид талархдаг.

Лори:

Камбожид Сүмийн гишүүн байх тийм ч амар хялбар зүйл биш. Камбожид Хүндэтгэлийн өдрийн талаар ямар ч ойлголт байдаггүй. Хүн бүр ямар нэгэн золиослол гаргаж байж Сүмд ирдэг.

Түүнчлэн Камбожийн хүн амын 6 хувь нь мусульман, дөнгөж 2 хувь нь христийн шашинтан, үлдсэн нь буддист юм. Буддист амьдралын хэв маягаас Христийн шашны хэв маяг руу шилжих маш хэцүү. Одоо ч гэсэн тэдний зарим нь ажлаа алдаж, харин заримынх нь хөршүүд зайгаа барьдаг хэвээр.

Аравны нэг ч гэсэн том асуудал болдог. Буддын лам нар өглөө болгон ирж будаа эсвэл мөнгө гуйдаг бөгөөд хүмүүс ч үүнд нь дассан байдаг. Гэхдээ өөрсдийн цалингийн нэг хэсгийг аравны нэгд өгнө гэдэг нь тэдний хувьд том асуудал.

Амьдралдаа үнэхээр сэтгэлийн гүн шарх авсан хүмүүс ч тэдний дунд олон бий. 70-аад оны сүүлчээр Камбож улсад засаглаж байсан Улаан кхмерийн коммунист дэглэмийн улмаас 40-ээс дээш насны хүн бүр өөр өөрийн гэсэн аймшигт түүхтэй. Үүнд өртөөгүй ямар ч хүнтэй би тааралдаж байгаагүй. Амь насаа алдсан хүмүүсгүй гэр бүл гэж байхгүй. Хэдийгээр зовлон үзсэн ч гэлээ, тэдний амьдралд үл гутрах байдал, үзээд алдъя гэсэн хандлага намайг гайхшируулсан юм. Гэхдээ гутардаггүй юм шиг харагддаг ч тэдний дунд өөрийгөө үнэлдэггүй хүмүүс олон. Олон хүн өөрсдийгөө чухал, үнэ цэнтэй хүмүүс гэдгийг мэдэрдэггүй.

Есүс Христийн сайн мэдээ тэдэнд өөрсдийгөө нээхэд хэрхэн тусалж байгааг харах гайхалтай сайхан байсан. Тэд өөрсдийгөө гайхалтай бөгөөд Бурханы хүүхэд гэдгээ олж мэдээд, “Та тоглоогүй биз? Одоо би хувь нэмрээ оруулах зүйлтэй боллоо” гэж хэлдэг.

Камбожид Сүм үнэхээр хөгжин цэцэглэх болно. Гайхалтай сайхан хүмүүс Сүмд хөтлөгдөн ирсэн. Тэндхийн гэгээнтнүүд анхдагчид бөгөөд сайн мэдээг чин сэтгэлээсээ хүлээн авсан хүмүүс Аврагчийг таньж мэдсэн тул олон арга замаар адислагдсан. Энэ бол үнэхээр гайхамшигтай.

Хүмүүсийн амьдардаг нээлттэй хогийн цэг болох “Хогт уул” хэмээх газрын эргэн тойронд манай олон гишүүн бас маш хүчтэй тойргууд байдаг. Тэндхийн гишүүд хог түүж, цуглуулдаг юм. Тэд хогийн цэгээс дахин боловсруулах хуванцар болон хөнгөн цагаан цуглуулж, мөнгө олдог. Тэд өчүүхэн жоохон байшинд амьдардаг бөгөөд бид тэнд олон арван удаа очиж байсан.

Боб:

Нэг өдөр бид чанга хөгжим сонсож, майхан барьж байгааг олж харсан. Камбожид энэ нь хэн нэгэн гэрлэж байгаа эсвэл нас барсан гэсэн үг байв.

Лори:

Тав, зургаан хүүхдийн эх нас барсныг бид олж мэдэж билээ. Бидний сонсож мэдсэнээр, тэр нөхөргүй нэгэн байв. Хүүхдүүд нэг өглөө сэрээд л ээжийгээ амьсгал хураасан байсныг мэджээ.

Нэг охин нь мэгшин уйлж байв. Орчуулагчаар дамжуулан тэр “Би хамгийн том нь. Би ийм олон дүү нараа тэжээхийн тулд юу хийхээ мэдэхгүй байна” гэсэн.

Би түүнийг чанга тэврэв. Би тэврэхгүй байж чадна гэж үү дээ? Тэр охин эхийгээ дөнгөж алдчихаад байгаа шүү дээ. Би түүнд англиар “Намайг ойлгохгүй байгааг чинь би мэдэж байгаа ч чи ээжтэйгээ дахин уулзана гэдгийг би амлаж байна. Юм бүхэн сайхан болно. Чи ганцаараа орхигдохгүй” гэж хэлсэн юм.

Ийм олон олон туршлага биднийг Камбожийн ард түмэнтэй онцгой байдлаар холбож өгсөн.

Бид ч гэсэн тэдний хайрыг эргүүлэн мэдэрсэн. Камбож дахь хүмүүс бидэнд сайхан сэтгэлээр ханддаг байсан. Тэд Бурханы хүүхдүүд тул бид тэднийг хайрладаг. Тэд бидний ах, эгч, дүү нар.

Зарим хүнийг хараад, “Би чамтай дараагийн амьдралдаа уулзахыг тэсэн ядан хүлээж байна. Тэр үед би чиний талаар үнэхээр юу гэж боддогоо, хэрхэн хайрладгаа мөн хэрхэн хүндэлдгээ хэлэх болно” гэж бодож байснаа би санадаг.

Номлол маань биднийг олон талаар адисалсан. Зарим хүн “Би номлолд үйлчилж чадна гэдэгтээ итгэхгүй байна. Би ач зээ нараа орхиж чадахгүй” гэх мэтээр ярьдаг. Бид номлолд явахдаа тав, дөрөв, гурав, хоёр, нэг настай таван ач зээгээ орхиод явсан. Хоёр ач зээ охин маань биднийг байхгүй байх хооронд төрсөн. Би Камбожид номлолд байхдаа зүүж байсан нэрийн тэмдгээсээ хоёрыг нь хадгалж байгаад, тэр бяцхан охидодоо өгнө. Тэгснээр эмээ нь Их Эзэний хүссэн зүйлийг хийж байсан тул төрөхөд нь байгаагүй гэдгийг тэд мэдэх болно.

Боб:

Их Эзэнд номлогчийн хувьд үйлчилж болох олон арга зам бий. Ахлагч Жэффри Р.Холландын ахмад номлогчдын талаар ярьсан зүйлийг бид өөрсдийн зүрх сэтгэлд гүнээ мэдэрсэн. Тэрээр: “Тэдний хажууд байж хамаг цаг заваа барж байхаар Их Эзэнд үйлчилбэл ‘төгсгөлгүй дэлхийнүүдэд’ та нар [гэр бүлийнхээ] төлөө хамаагүй их зүйлийг хийж чадах юм шүү. ‘Энэ гэр бүлд бид номлолд үйлчилдэг!’ гэж хэлж мөн үйлдэхээс илүү агуу бэлгийг эмээ, өвөө нар хойч үедээ өгч чадна гэж үү!” [“Бид бүгд дуудагдсан, 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 55]”