2019
Би түүнийг дахин харна
2019 оны 4-р сар


Би түүнийг дахин харна

I Will See Him Again

Би Никарагуад өсөж торнисон юм. Бага байхдаа би бүх зүйлээ ахтайгаа хамт хийдэг байлаа. Бид сургууль, дэлгүүр рүү хамт явдаг байв. Бас манай хашааны ар талд бөөн адал явдал болдог байлаа. Бид аз жаргалтай байв.

Харин дараа нь есөн нас хүрэхэд маш харамсалтай зүйл болсон юм. Ах маань газар хөдлөлтөөр нас барав. Эхлээд би түүний нас барсныг ухаарч ойлгоогүй. Тэр урд хаалгыг тогшин орж ирээд, хаа нэгтээ байж байгаад ирлээ гэж хэлнэ хэмээн төсөөлөн боддог байлаа. Би хаалга руу ширтэн, ийм юм болоосой хэмээн хүсдэг байв. Би түүнийг дахин харахыг маш их хүсэж байлаа.

Цаг хугацаа өнгөрсний дараа арай гайгүй болов. Би ахыгаа санадаг хэвээр байсан ч, дахин баяр хөөрийг мэдрэх болсон юм.

Тэр үед би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн байгаагүй. Харин өсөж том болсныхоо дараа би Сүмийн тухай сурч мэдэн, баптисм хүртсэн юм. Нэг өдөр би аяга тавгаа угааж байлаа. Яг тэр үед Христийн амилсны баяр болж байв. Би Амилалтын талаар мөн ахынхаа тухай бодсон.

Гэнэт надад нэгэн мэдрэмж төрөв. Өдрийн цагаар ахынхаа талаар бодсон бодол маань санаанд орж ирэв. Энэ нь тийм ч тэнэг зүйл байсангүй! Энэ бодол Ариун Сүнснээс намайг тайвшруулж, удирдан чиглүүлэхээр орж ирсэн байлаа. Хэзээ нэгэн цагт ах минь үнэхээр амилах болно. Мөн би түүнийг үнэхээр дахин харна.

Хайртай хүн чинь нас барсан бол тэднийгээ санагалзаж, гашуудах нь байдаг л зүйл. Бэлэн болсон гэж бодогдох үедээ гэр бүлийнхэнтэйгээ эсвэл томчуудтай ярилцаарай. Тэнгэрлэг Эцэгт хандан өөрийн мэдрэмжийн талаар залбир. Тэрээр танд амар амгаланг дахин мэдрэхэд тусална.

Юу ч болсон бай, Есүс Христ таныг хайрладаг гэдгийг сана. Христийн амилсны баяраар бид Түүний бидний төлөө хийсэн золиослолыг дурсан санадаг. Түүний ачаар бид бүгдээрээ амилуулагдаж, гэр бүлүүдтэйгээ хамт мөнхөд амьдарч чадна. ●

Тайтгаруулах карт

Эдгээр картыг хайчилж ав. Та картаа дундуур нь эвхэж, номын хавчуулга болгон ашиглаж болно. Хавчуургаа судартаа эсвэл уйтгарлан, ганцаардаж, айсан үедээ харж болох газарт хадгал.

“Би та нарыг өнчрүүлж орхихгүй. Би та нар уруу ирнэ.”

Иохан 14:18

“Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина.”

Илчлэлт 21:4

“Зоригтой байгтун, мөн бүү эмээ, учир нь Их Эзэн бибээр та нартай хамт байна, мөн та нарын дэргэд зогсч байх болно.”

Сургаал ба Гэрээ 68:6