Алдсан хүрэм
Зохиогч нь АНУ-ын Айова мужид амьдардаг.
“Их Эзэн, бибээр өршөөх түүнийгээ би өршөөх болно, харин бүх хүмүүнийг уучлах нь та нараас шаардагдана” (Сургаал ба Гэрээ 64:10).
“Ээж ээ, миний хүрэм байхгүй байна!” хэмээн Брад хэллээ. Сүмээс гэртээ харих цаг болсон ч Брад хүрмээ өлгүүрээс олсонгүй.
“Чи яг наанаа өлгөсөн гэдэгтээ итгэлтэй байна уу?” гэж ээж нь асуув.
“Тийм ээ. Яг энд байсан даа” гэлээ. Брадын хүрэм тод цэнхэр, улаан өнгөтэй байсан тул өөр хүрэмтэй андуурах боломжгүй байлаа.
“Өөр газар тавьсан байж магадгүй. Байран дотуур хайя” гэж аав нь хэлэв.
Ээж, аав хоёр нь бас Брад өрөөнүүдийг шалгахаар салж явлаа. Тэд цуглааны байрныхаа алдсан зүйлсэд зориулсан хайрцаг, Брадын Ням гаргийн ангийн өрөө, Хүүхдийн хэсгийн өрөө болон бүх өлгүүрийг шалгав. Тэр ч бүү хэл ариун цэврийн өрөөгөөр хайсан ч хүрмийг олсонгүй.
“Хэн нэг нь андуураад авсан байлгүй дээ. Тэд өөрсдийнх нь биш гэдгийг мэдээд, дараагийн долоо хоногт авч ирэх байх” гэж аав нь хэлэв.
“Тэр хооронд чи хуучин хүрмээ өмсөж бай” гэж ээж нь хэллээ.
Брад хөмсгөө зангидав. Түүнд хуучин хүрэм нь таалагддаггүй байлаа. Тэр хүрэм нь нимгэн, өнгө алдсан бас багадсан байв. Улаан, цэнхэр өнгийн шинэ хүрэм нь түүнийг супер баатар мэт харагдуулдаг нь түүнд таалагддаг байжээ.
“Хэн нэг нь миний хүрэм ямар гоё болохыг хараад хулгайлсан байх” гэж Брад бодов. Ийм зүйл яаж Сүмд болдог байна аа? Тэнд ирсэн хүн бүр үнэнч шударга байх ёстой шүү дээ. Брад хулгайчийг зүгээр орхихыг хүссэнгүй. Түүнд нэг төлөвлөгөө байв. Дараагийн ням гарагт хэн хүрмийг нь өмсөж ирэхийг тэр сайтар харан, хүрмээ шүүрч аваад, “Хулгайч аа, зогсоорой” хэмээн хашхирна. Тэд ч авсандаа харамсана даа.
Брад төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд ням гараг болохыг тэсэн ядан хүлээж байлаа. Дараагийн, бүр түүний дараагийн ням гарагт хүрэм өмсөхөд хэт дулаахан байлаа.
Дахин нэг долоо хоног өнгөрсний дараах ням гарагт Брад Хүүхдийн хэсгийн эрэгтэй хүүхдүүдийн хэн нь хүрмийг маань хулгайлсан бол гэж хардаж харав. Энэ өндөр хүү авсан юм болов уу? Эсвэл тэр охин авсан юм болов уу? Тэр хэнд ч итгэж болохгүй юм байна гэж бодов. Брадад энэ мэдрэмж таалагдсангүй.
Сүмийн дараа Брад байраар тойрон гэр бүлүүдийг хүрмээ өмсөцгөөж байгааг харлаа. Харин хүрмийг нь өмсөж байгаа хүн харагдсангүй. Тэр бүр алдсан зүйлсэд зориулсан хайрцгийг дахин үзсэн ч хүрэм нь бас л байсангүй. Хаана байж болох вэ?
Гэртээ харих зам зуураа Брад өөр төлөвлөгөө гаргав. Тэр залбирахаар шийдлээ. Тэнгэрлэг Эцэг алдагдсан зүйлсийг олж чадна гэдгийг тэр мэдэж байв. Тэр орой Брад залбирч, “Тэнгэрлэг Эцэг минь, хэн миний хүрмийг авсан болохыг хэлээч. Би хүрмээ эргүүлж авмаар байна” хэмээн хэлэв.
Брад хулгайчийн нэр эсвэл царай санаанд нь орж ирэх байх хэмээн хүлээлээ. Харин үүний оронд тэр өөрийнхөө найз Карлын талаар бодох болов. Хүүхдийн ангид Брад ихэвчлэн Карлын хажууд суудаг байлаа. Тэд хамтдаа үргэлж инээдтэй алиа хошин зүйлс ярин, инээлддэг байв. Гэтэл Карл сүмдээ хэдэн долоо хоног ирсэнгүй. Брад түүнийг санаж байлаа.
Карл хүрмийг авсан байвал яах вэ? Карл Брадын найз байж чадахгүй гэдгээ мэдээд, одоо сүмдээ ирэхээс айж байж магадгүй. Брад Карлыг сүмдээ ирээсэй хэмээн хүсэж байлаа. Хэрвээ Карл хүрмийг авсан бол түүн рүү орилж хашхиралгүй, түүнийг уучлахаар шийдэв.
Брадыг орон дээрээ гарахад сэтгэл нь тайвширсан байлаа.
Дараагийн ням гаргийн Хүүхдийн хэсэгт Карл ирээгүй ч өөр нэгэн шинэ хүү ирсэн байв. Тэр улаан, цэнхэр өнгийн судалтай зангиа зүүсэн байлаа.
Тэр шинэ хүүгийн хажууд суугаад “Гоё зангиа байна шүү. Чамайг яг супер баатар шиг харагдуулж байна” гэв.
Нөгөө хүүг инээмсэглэхэд Брад
ч хариуд нь инээмсэглэлээ. Тэр хулгайчийг хайхын оронд найзаа хайхаар болов. ●