Асуулт, хариулт
“Патриархын адислал маань шийдвэр гаргахад хэрхэн тусалж болох вэ?”
Бидний хувийн Лиахона
Патриархын адислал бидэнд өөрсдийн мөнх бус оршихуйн өмнөх, мөнх бус амьдралын үеэрх мөн мөнх амьдралын мөн чанарын талаар олж мэдэхэд тусалдаг Тэнгэрлэг Эцэгийн арга зам юм. Өөрсдийнхөө талаар энэ гурван онцгой үнэнийг мэдэж авах нь Бурханы бидэнд зориулсан төлөвлөгөөг дагахад тусалдаг. Бид хэн гэдгээ, яагаад энд байгаагаа мөн хаашаа очиж болохоо мэднэ. Лиахона нь Нифай болон түүний гэр бүлийнхнийг зөвлөгөөг нь хэр итгэлтэй, тууштай дагаж байгаагаас шалтгаалан ажилладаг байсантай адил (1 Нифай 16:28-ыг үзнэ үү) бид ч гэсэн бурханлаг чадавхад маань хүргэх өөрсдийн Лиахонаг мөн үүний зөвлөгөөг итгэлтэй, тууштай дагаж чадна.
Ахлагч Утай, 20 настай, Аргентины Салта номлол
Мөнхийн талаас нь харах
Хэрхэн шийдвэр гаргахаа мэдэхгүй байх үедээ би патриархын адислалаа уншиж, үүн дээрх тэнгэрлэг илчлэлтийн талаар тунгаан боддог. Үүний дараа шийдвэр гаргахад хялбар болдог. Энэ нь надад дэлхий дээрх амьдралаа тэсэн гарч, амласан адислалуудаасаа хүртэхэд туслахын зэрэгцээ хэзээ нэгэн цагт Их Эзэний хаант улсад зохистойгоор ороход өөрийгөө бэлдэх хэрэгтэй гэдгийг сануулдаг. Энэ нь надад итгэлээ өсгөж, Их Эзэний хүсэлд итгэж, мөнхийн талаас нь харж амьдрахад үргэлж тусалдаг.
Абигэйл Ф., 18 настай, Филиппин, Кагаяан Валли
Тэнгэрлэг зөвлөгөө
Миний патриархын адислал надад Тэнгэрлэг Эцэгийн зөвлөгөөг өгдөг. Хэрэв би тухайн зөвлөгөөг дагах юм бол гаргах хэрэгтэй шийдвэрүүдийнхээ талаар илчлэлт хүлээн авах болно гэдгээ мэднэ. Тэр намайг зарим зүйлийг асуухаас ч өмнө хариулдаг.
Ками Х., 16 настай, АНУ, Юта
Сүнсийг сонсох
Хэрэв та тайтгарал, удирдамж эсвэл хойшлуулшгүй чухал асуултынхаа хариултыг эрж байгаа бол та үүнийхээ талаар үнэн сэтгэлээр залбиран, чин зүрхнээсээ патриархын адислалаа уншиж, Сүнсийг сонсож болно. Судраас эрж хайх нь бас тус болдог. Хэрэв та үүнийг жинхэнэ итгэлээр хийх юм бол Их Эзэн Өөрийн цагт, хамгийн сайн арга замаар хариулах болно гэдэгт би итгэдэг.
Кэзиа Б., 15 настай, АНУ, Хавай
Амлагдсан адислалууд
Патриархын адислал Бурхан биднийг хэрхэн адислахыг хүсэж байгааг бидэнд хэлж өгдөг. Тэр биднийг сэрэмжлүүлж, бидэнд хэрхэн түүнтэй илүү адилхан болж болохыг тайлбарладаг. Тэнгэрлэг Эцэг бидэнд юу бэлдсэнийг мөн тэдгээрийг хэрхэн авч болохыг мэдэх юм бол бид үүнийг хүлээн авахын тулд зохих ёсоор сонголт хийж, үйлдэх болно.
Хантэр Х., 18 настай, АНУ, Юта