2019
“Энэ бол мөнх бус амьдрал шүү дээ”
2019 оны 4-р сар


“Энэ бол мөнх бус амьдрал шүү дээ”

Ричард Ж.Андэрсон

АНУ, Юта

man working on car

Зураг чимэглэлийг Жон Качик

Нэгэн өвлийн үдэш би бишопын хувьд ярилцлага хийсээр гэртээ оройтож ирэв. Би маш их ядарсан байв. Олон долоо хоног ажил дээр их ачаалалтай, дарамттай байсан бөгөөд гэр бүл, Сүмийн үүрэг хариуцлагуудаа гүйцэтгэхэд миний бие хүрэлцэхгүй байлаа.

Би маргааш өглөө нь ажилдаа явахын тулд уг орой машинаа засах хэрэгтэй байв. Би комбинзоноо өмсөж, бишопын үүргээ механикчийн үүргээр солив. Хүйтэн гараашийн шалан дээр, машины доор хэвтээд, би ажиллаж эхэллээ. Би өдөржингөө өчнөөн их ажилласан байтлаа яагаад даарч, ядарч, гар хуруугаа өвдтөл ажиллах хэрэгтэй гэж? Миний тэвчээр алдагдан, гомдоллож, Тэнгэрлэг Эцэгтээ хандан залбирсан юм.

“Та надад жаахан ч гэсэн тусалж болдоггүй юм уу?” гэж би хэллээ. “Би сайн эцэг, нөхөр, бишоп байх гэж мөн зарлигуудын дагуу амьдрах гэж чадлаараа хичээж байна. Би түр зуур ч гэсэн амсхийвэл илүү сайн үйлчлэхгүй гэж үү? Надад үүнийг засаж дуусаад, орондоо ороход туслаач” гэв.

Гэнэт надад “Энэ бол мөнх бус амьдрал шүү дээ” гэсэн тод, томруун үгс оюун ухаанд минь орж ирлээ.

“Юу?” гэж намайг хэлэхэд

“Энэ бол мөнх бус амьдрал шүү дээ” гэсэн үгс дахин орж ирлээ.

“Энэ бол мөнх бус амьдрал шүү дээ” гэсэн үгс гурав дахь удаагаа орж ирэхэд оюун ухаан, зүрх сэтгэл минь ойлголтоор дүүрэв. Эдгээр үг миний сүнсэнд зориулагдсан байлаа. Энэ нь “мөнх бус амьдрал” байсан бөгөөд би Тэнгэрлэг Эцэгийн хүсдэг шиг тийм хүн нь болоход надад тусалдаг өсөлт хөгжлийг мэдэрч байсан байв. Яг л Сүнс надад “Чи дэлхий дээрх энэ аяллынхаа үеэр ямар ч зовлон бэрхшээлийг туулахгүй гэж бодсон юм биш биз?” гэж хэлж байгаа мэт байсан. Хүйтэн бетонон шалнаас босохдоо би өөр хүн болсон байлаа.

Бид тэдгээрт хэрхэн хандахаас шалтгаалан, сорилт бэрхшээлийг Тэнгэр дэх Эцэгийнхээ бидэнд өгсөн бэлэг хэмээн харж болно. Тэрээр биднийг Өөрт нь ханддаг болгож сургахын тулд бидэнд сорилт бэрхшээлийг өгдөг. Харин Түүнд хандсанаар бид суралцаж, сүнслэг өсөлт хөгжлөөр адислагддаг.

Тэрхүү хүйтэн шөнө, гараашийнхаа хүйтэн шалан дээр байхад оюун ухаанд минь орж ирсэн тэр үгс намайг 35 гаруй жилийн туршид адисалсан. Би ямар ч зовлон бэрхшээлийг үр ашиггүй өнгөрөөхгүй байхыг хичээдэг. Би мөн сорилт бэрхшээлийг өөр ямар ч арга замаар сурахгүй байх байсан зүйлсийг сурч мэдэх боломж бололцоо хэмээн хардаг.