Христийн амилсны баяраар шинэ уламжлалыг дагаж үзнэ үү
Энэ Христийн амилсны баяраар, бидэнд өгсөн хамгийн агуу бэлгийг дурсан санахад илүү их цагийг зарцуулаарай.
Баярын өдрүүдийн хувьд Христийн мэндэлсний баяр ихэнхдээ хамгийн их анхаарал татдаг. Гэвч Христийн мэндэлсний болон амилсны баяр болгоноор тэмдэглэдэг үйл явдлууд маш олон жилийн өмнө болоогүй байсан бол эдгээр баяр байхгүй байх байсан.
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008) өмнө нь “Христийн амилсны баяр байгаагүй бол Христийн мэндэлсний баяр байхгүй байх байсан. Бетлехемийн нялх Есүс Гетсемани болон Калварийн гэтэлгэгч Христгүйгээр мөн Амилуулалтын гайхамшигт ялалтгүйгээр өөр хүү байх байсан”1 хэмээн заасан.
Жил бүрийн баяраараа таны нэмж хийж болох хэд хэдэн уламжлалыг дурдъя.
1. Христийн мэндэлсний баярын магтууг дуулахаар явах
Цаа буга, элфүүдийн тухай өвөрмөц сонин дуу аялгууг эс тооцвол Христийн мэндэлсний баярын магтуунууд бүгд Есүс Христийн тухай өгүүлдэг. Христийн амилсны баяраар Аврагчийн тухай дуулах, тийм ээ, хөршүүдийнхээ үүдний өмнө хүртэл зогсож дуулахад хамгийн тохиромжтой цаг билээ.
Хэрэв танд ямар нэгэн санаа орж ирэхгүй бол дууллын номын “Христийн амилсны баяр” болон “Цагаатгал” гэсэн хэсгээс дуунууд харна уу. Есүс Христийг магтан дуулсан ямар ч дууг Христийн амилсны баярын магтуу хэмээн үзэж болно.
2. Хэн нэгнийг уучлах
Наманчлалын бэлэгт та хэр олон удаа талархаж байсан бэ? Христийн амилсны баяр бидэнд бусдыг хэрхэн уучлах талаар илүү их бодох боломжийг олгодог.
Есүс “Иймийн тул, та нар бие биенээ уучлах ёстойг та нарт хэлнэ би;
Их Эзэн, бибээр өршөөх түүнийгээ би өршөөх болно, харин бүх хүмүүнийг уучлах нь та нараас шаардагдана” (Сургаал ба Гэрээ 64:9–10) хэмээн заасан.
Та өөрөөсөө “Та хэний талаар таагүй бодол тээж явдаг вэ?” гэж асууж болно. Уг хүнээ уучлах хүчийг өгөхийг хүсэн залбирч, тэдгээр зовлонтой мэдрэмжүүдийг алга болгох боломжийг Аврагчид олго.
3. Дуу бүжигт наадам, жүжиг болон өөр бусад тоглолт хийх
Та Христийн амилсны баярын тоглолт зохион байгуулж болно. Үүний энгийн нэг жишээ бол гэр бүлийн үдшээр судраас унших эсвэл нийтээрээ дуулах концерт ч байж болно.
4. Хайртай хүмүүсийнхээ булшийг эргэж очих
Есүс Христийн ачаар үхлийн хатгуур үгүй болсон (1 Коринт 15:55-ыг үзнэ үү). Хайртай хүмүүсийнхээ булшин дээр очиж, энэ агуу мэдээний талаар тунгаан бодоорой.
Та бас тэдгээр булшин дээр очихдоо Амилалтын талаар өгүүлсэн дуртай шүлгээсээ чанга уншиж болно. 1 Коринт 15:20–22; Алма 11:42–44; Сургаал ба Гэрээ 88:14–16 гэх мэт хэдэн (олон шүлгээс) судрыг үүнд ашиглаж болно.
5. Байгаагаасаа илүү сайн байх
Христийн амилсны баяраар Гетсемани болон загалмай дээр болж өнгөрсөн мөн гурав дахь өдөр Аврагч үхлээс боссон, дараа нь тэнгэрт дээш аваачигдахынхаа өмнө 40 хоногийн туршид тохинуулсан зэрэг үйл явдлуудыг тэмдэглэдэг.
Түүнчлэн тэнгэрт дээш аваачигдсаныхаа дараа Есүс Христ нифайчууд дээр ирж, тэдэнд тохинуулсан (3 Нифай 11–28-ыг үзнэ үү). Ийм л их зүйлийг тэмдэглэдэг шүү дээ!
Тиймээс, Христийн амилсны баярын өдрүүдээ яагаад нэмж болохгүй гэж? Христийн амилсны баярын гайхамшгаас сэтгэлийн таашаал авахаа уртасгацгаая. Христийн амилсны баярын дараах 40 хоногийн туршид Христтэй илүү адилхан болох ухамсартай хүчин чармайлт гарга. Сүнслэг өдөөлт авахын тулд ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны: “Есүс Хуучин Гэрээний Иехова тул Хуучин Гэрээн дээр Түүний хэлж, хийсэн бүх зүйлийг судлахад долоо хоног бүр цаг зав гарга. Тэрээр Шинэ Гэрээний Христ тул тэнд цэдэглэгдсэн Түүний хууль зарлигуудыг судал. Мормоны Ном дээр цэдэглэгдсэн Түүний сургаалуудыг судал. Учир нь Түүний үйл хэрэг, тохинууллын талаар үүнээс илүү тодорхой илчлэгдсэн өөр ном үгүй. Эцэст нь Сургаал ба Гэрээнд цэдэглэгдсэн Түүнийг үгсийг судал. Учир нь Тэрээр энэ эрин үед Өөрийн хүмүүст үргэлжлүүлэн заасаар байгаа”2” гэсэн урилгыг бодож үзнэ үү.
Таны уламжлалууд таныг хүлээж байна
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорф “Түүхэн дэх хамгийн чухал өдрийг олъё гэвэл бид бараг хоёр мянган жилийн өмнө, Гетсеманийн цэцэрлэгт Есүс Христ өвдөг сөгдөн маш хүчтэй залбирч, Өөрийн биеийг бидний гэм нүглийн төлөө золиос болгон өргөсөн тэр үдэш рүү буцаж очих хэрэгтэй”3 гэж заасан.
Түүхэнд болж өнгөрсөн хамгийн чухал үйл явдлын талаар жил бүр цаг зав гаргаж тунгаан бодвол зохино. Харин энд орсон эсвэл өөрийн тань сонгосон уламжлалууд бидэнд ийн үйлдэхэд тусалдаг.
Та энэ жил ямар уламжлалыг нэмэх вэ?