2019
Шийдвэр гаргах нь: Сонгох эрх ба илчлэлт
2019 оны 4-р сар


Залуучуудад зориулав

Шийдвэр гаргах нь: Сонгох эрх ба илчлэлт

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

Бид том шийдвэр гаргахдаа, бидний юу хийх ёстойг хэлж өгөх эсэхэд Бурханд хэр их найдах хэрэгтэй вэ?

woman standing in front of river

Зураг чимэглэлийг Дэвид Грийн

Бидний хүн нэг бүр өдөр бүр олон шийдвэртэй тулгардаг. Зарим нь “Би юу өмсөх вэ?,” “Өдрийн хоолонд юу идэх вэ?,” “Би шинэ машин худалдаж авах цаг болсон уу эсвэл хуучныгаа дахиад жоохон унасан нь дээр үү?” гэсэн ердийн шийдвэрүүд байдаг. Гэхдээ заримдаа “Би сургуульдаа эргэж орох уу?,” “Би энэ ажилд орох нь зөв үү?,” “Би өөр хот руу нүүсэн нь дээр үү?,” “Байшин худалдаж авах уу?,” “Би энэ хүнтэй болзох нь зөв үү?,” “Би энэ хүнтэй гэрлэх нь зөв үү?” гэх мэт том шийдвэр гаргах хэрэгтэй болдог.

Том шийдвэр гаргах шаардлагатай бол бид сонголт хийхдээ зохих ёсоор арай илүү цаг зарцуулдаг. Бид Сургаал ба Гэрээ 9:8–9 дэх Оливер Каудерид өгсөн зөвлөгөөг дагадаг. Их Эзэн:

“Гэвч, болгоогтун, би чамд хэлнэ, чи үүнийг оюундаа тунгаан бодох ёстой; дараа нь энэ нь зөв үү гэдгийг чи надаас асуух ёстой, мөн энэ нь зөв аваас цээжин биеийг чинь чиний дотор шатахаар болгоно би; тиймийн тул, энэ нь зөв юм байна гэдгийг чи мэдрэх болно.

Гэвч энэ нь зөв биш аваас чамд ийм мэдрэмж байхгүй байх болно, харин буруу зүйлийг мартахад чамайг хүргэх дүйнгэ бодол санаа чамд байх болно” хэмээн хэлсэн.

Хэдийгээр энэ нь сайн зөвлөгөө ч гэлээ, заримдаа бид том шийдвэр гаргахдаа Бурхан бидэнд юу зөв гэдгийг хэлж өгнө гэдэгт хэт анхаарлаа хандуулж, харин оюундаа тунгаан бодох тухайд анхаарлаа хангалттай сайн хандуулдаггүй юм шиг надад санагддаг. Бурхан бидний шийдвэрийг зөв гэж батлахыг нь хүлээж цагаа барснаар бид гайхамшигтай боломжуудыг хажуугаараа өнгөрүүлдэг. Бид сонгох эрхийн гүйцэтгэдэг үүргийг хүлээн зөвшөөрч болох хэдий ч урьдчилан тодорхойлсон “төлөвлөгөөний” замаас биднийг гаргах шийдвэрийг гаргахаас айж, цээжин бие дотор шатаж, тэнгэрээс дуу сонсох хүртэл өөрсдийн шийдвэрийг буруу хэмээн бодож эхэлдэг. Бидний олонхын хувьд сонгох эрх, хувийн илчлэлт хоёрын хоорондох үгээр илэрхийлэмгүй энэ сөргөлдөөн дундаас “Биднийг шийдвэр гаргахад Бурхан ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?” гэсэн нэгэн чухал асуулт гарч ирдаг.

Биднийг шийдвэр гаргахад гүйцэтгэдэг Бурханы үүрэг

Магадгүй энэ асуултад Жаредын ахын түүхээр дамжуулан хариулах нь дээр байх. Энэ түүхэнд Бурхан биднээс шийдвэрээ хэрхэн гаргахыг хүсдэг арга замын талаар бидэнд заадаг өсөлт хөгжлийн сонирхолтой загвар өгөгдсөн байдаг. Бабелын цамхагт хүмүүсийн хэл бусниулагдсаны дараа Жаред ахаасаа тухайн нутгийг орхин явах хэрэгтэй эсэх, хэрэв тийм бол хаашаа явах талаар Их Эзэнээс лавлан асуухыг хүссэн (Ифер 1:36–43-ыг үзнэ үү). Жаредын ах асууж лавласнаар, Их Эзэн тэднийг далайн эрэгт хөтлөн авчирдаг. Аялж байх замд нь Их Эзэн тэдэнд хандан үүлэн дундаас ярьсан ба алхам бүрийг нь зааж өгчээ. Эцэст нь тэд далайн эрэгт хүрч очсон бөгөөд тэндээ дөрвөн жил амьдарсан байна.

Дөрвөн жилийн дараа Бурхан Жаредын ахад далайг туулахад бэлдэж, том завь барь хэмээн хэлэв. Жаредын ах завинд агаар байхгүй гэдгийг олж мэдээд мөн л загварыг дагаж, юу хийхээ Бурханд хандаж асуужээ. Хүлээж байсанчлан, Их Эзэн түүнд завины орой болон ёроолыг нүхэл хэмээн нарийн заавар өгсөн байна. Илчлэлтийн дараах загварыг олж харна уу. Бурхан тэдэнд төлөвлөгөө өгч, тэд уг төлөвлөгөөг хэрхэн гүйцэлдүүлэх талаар асуулт тавьж мөн хариуд нь Бурхан дэлгэрэнгүй, тодорхой хариулт өгдөг.

Гэвч завийг нүхэлсний дараа Жаредын ах завинд ямар ч гэрэл байхгүй болохыг ойлгосон. Тэр дахин юу хийх ёстойгоо Бурханаас лавлаж асуудаг. Харин хариулахын оронд Бурхан түүнээс “Та нар хөлгүүд дотроо гэрэлтэй байхын тулд намайг хэрхэхийг та нар хүснэ вэ?” (Ифер 2:23) хэмээн асуудаг. Өмнө нь өгсөн дэлгэрэнгүй зааврынхаа оронд энэ удаа Их Эзэн Жаредын ахын юу хийхээ шийдэхийг нь хүлээдэг.

Их Эзэнээс ирдэг ийм маягийн хариултыг шийдвэр гаргахдаа ойлгох хамгийн хэцүү. Бидэнд залбирч, хариултаа хүлээхийг заадаг тул ямар ч хариулт ирэхгүй бол аяндаа санаа зовж эхэлдэг. Тодорхой хариулт ирэхгүй бол энэ нь уг сонголт буруу гэдгийг тодорхойлдог “дүйнгэ бодол санаа” мөн эсэх талаар ч бодож эхэлдэг. Харин заримдаа энэ нь биднийг хариултаа сонсохуйц зохисгүй юм болов уу эсвэл бид “үнэн хүсэлтэйгээр” залбираагүй юм болов уу гэж бодоход хүргэдэг (Моронай 10:4-ийг үзнэ үү). Гэхдээ заримдаа бид гурав дахь сонголт байдаг гэдгийг авч үздэггүй. Бурхан Жаредын ахтай адил биднээс өөрсдийн шийдвэрийг өөрсдөө гаргахыг хүсэн хүлээж байж ч магадгүй.

Шийдвэр гаргах нь

Саяхан надад сонгох эрх болон хувийн илчлэлтийн талаар өөрийн бодолд эргэлзэхэд хүргэсэн нэгэн үйл явдал болсон юм. Магистрын зэрэг авахаар төгсөх жилдээ сурч байхад надад өөр өөр хотод ажиллах ажлын хэд хэдэн санал ирсэн бөгөөд би алиныг нь сонгохоо шийдэж чадахгүй байлаа. Жаредын ахын адил би чухал шийдвэр гаргахдаа залбирч байсан ба Бурхан надад хангалттай тодорхой хариулт өгдөг байв. Тэрхүү өмнөх туршлагууд дээрээ үндэслэн би аль ажлыг авбал зүйтэй вэ хэмээн Бурханд хандан залбирсан юм. Би бас өөрийн зүгээс шаардагдах зүйлээ хийж, ажил болгоны талаар судалж, олон хүнээс зөвлөгөө авч билээ. Гэвч хэчнээн их залбирч, мацаг барьсан ч гэлээ тэнгэр нам гүм байсаар, би ямар ч хариулт хүлээн авсангүй.

two different cities

Шийдвэр гаргах цаг ч ойртож, би сандарч эхлэв. Энэ шийдвэрийг гаргахад Их Эзэний тусламж хэрэгтэй гэдэг нь тодорхой байсан ч яагаад Тэр хариулахгүй байгаа юм бол? Миний ямар ажил сонгох нь Түүнд хамаагүй байж болох ч, аль хот руу нүүх нь миний амьдралд гарцаагүй нөлөөлөх учраас Тэр үүнд санаа тавих нь дамжиггүй. Өмнө нь шийдвэр гаргахад Их Эзэн үргэлж санаа тавьдаг байсан мөртлөө яагаад үүнд санаа тавихгүй байгаа юм бол?

Гэхдээ би хэчнээн их хичээсэн ч ямар ч хариулт аваагүй. Би Бурханаас холдсон тул Түүний хариултыг сонсохгүй байгаа юм болов уу гэж хүртэл бодох болов. Эсвэл сэтгэлийнхээ угт түүний хариултыг сонсохыг хүсэхгүй байгаа болохоор сонсохгүй байгаа юм болов уу ч гэж бодогдож билээ. Эцэст нь шийдвэр гаргах өдрийн урд өдөр сонголт хийх хэрэгтэй гэдгээ би мэдэж байсан тул өөрийнхөө бодолд тулгуурлан шийдвэр гаргав. Тэр орой нь би хариулт маань зөв буруу эсэхийг хэлж өгөхийг хүсэж Түүнд хандан залбирсан юм. Ямар ч хариулт ирээгүй тул би сэтгэл шулуудан, ажил хүлээн авав.

Хэдэн сар өнгөрсөн ч гэсэн би шийдвэртээ эргэлзсэн хэвээр байсан тул бататгахын тулд санваарын адислал авахыг хүссэн юм. Адислалаар Их Эзэн миний гаргасан шийдвэрт сэтгэл хангалуун байсан тул залбиралд маань хариулаагүй хэмээн хэлсэн билээ. Бидний ямар шийдвэр гаргах нь ихэнхдээ тийм ч чухал биш хэмээн хэлсэн номлолын ерөнхийлөгчийн маань урьд өмнө өгч байсан зөвлөгөөг энэхүү адислал бататгасан юм. Бурхан биднээс бие дааж, өөрсдийн амьдралыг хэрхэн шийдэх талаар суралцаасай гэж хүсдэг. Бурхан бидний Тэнгэрлэг Эцэгийн хувьд, хэрэв бид чин сэтгэлээсээ юу хийхээ мэдэхээр хичээх юм бол биднийг шийтгэхгүй төдийгүй амласан боломжуудаа ч эргүүлэн авахгүй гэдгийг надад номлолын ерөнхийлөгч маань сануулсан билээ.

Жаредын ах завийг гэрэлтүүлэхээр юуг ч санал болгож болох байсан ба Их Эзэн аль ч саналыг нь зөвшөөрөх байсан болов уу. Энэ туршлагын хувьд асуудал нь Жаредын ах итгэлээ хөгжүүлэхийн зэрэгцээ хэрхэн шийдвэр гаргаж сурсанд оршиж байгаа юм.

Сонгох эрхээ ашиглах нь

different paths

Мөнхийн талаас нь харах юм бол, сонгох эрхээ ашиглах нь хувийн өсөлт хөгжлийн салшгүй нэгэн хэсэг юм. Үүнгүйгээр бид бүрэн чадавхдаа хүрэхэд туслах шийдвэрүүдийг гаргаж чадахгүй. Өсөлт хөгжил нь сайн мэдээний бусад зүйлийн адил “шат шатаар, дүрэм дүрмээр” (2 Нифай 28:30) өгөгддөг. Бурхан биднийг хөдөлгөөнгүй биш, харин бэлэн хүмүүс байгаасай мөн сонгох эрхээ өөрсдийн амьдралд хамгийн сайнаараа ашиглаасай хэмээн хүсдэг.

Бид сонгох эрх, илчлэлт хоёрын хоорондын тэнцвэрийг олж сурах юм бол жинхэнэ сүнслэг өсөлт хөгжлийг мэдрэх болно. Энэ л Жаредын ахад тохиолдсон зүйл юм. Тунгаан бодсоныхоо дараа тэрээр чулууг хайлуулан гаргаж аваад, Бурханаас чулуунд гараараа хүрч гэрэлтүүлдэг болгохыг хүссэн (Ифер 3:1–5-ыг үзнэ үү). Харин энэ удаа Бурханыг хариулахад бүх зүйл өөрчлөгдсөн юм. Бурханы дуу хоолойг үүлэн дундаас сонсохын оронд Жаредын ах Их Эзэнийг бодитоор харсан ба Их Эзэн Өөрийн биеэр ирэхийн зэрэгцээ Жаредын ахад дэлхий дээр болон ирээдүйд болох бүхний талаар гайхамшигт үнэнийг үзүүлсэн (Ифер 3:6–26-г үзнэ үү). Жаредын ах эхлээд бие дааж шийдвэр гаргаснаар хувь хүнийхээ хувьд өсөж хөгжин, өөрийгөө бэлдээгүй байсан бол үзэгдлийг хүлээн авахад сүнслэг байдлын хувьд бэлтгэгдээгүй байх байсан.

Бид шийдвэр гаргахдаа “Бүх үйлүүдээ Их Эзэнтэй зөвлө” (Алма 37:37) хэмээх Алмагийн зөвлөгөөг яг таг дагах ёстой. Их Эзэн биднээс тодорхой шийдвэр гаргахыг хүсвэл үүнийгээ бидэнд мэдэгдэж, замаасаа гарахаас сэргийлэх болно. Бид мөн хариулт ирэх эсэхээс үл хамааран босож зогсон, итгэлээрээ урагш тэмүүлэх ёстой. Бид гэрээгээ сахиж, Есүс Христийн сайн мэдээнд үнэнч хэвээр үлдэж чадах л юм бол гаргасан зөв шударга шийдвэртээ итгэлтэй байж, Их Эзэн бидний гаргасан хүчин чармайлтад сэтгэл хангалуун байгаа гэдэгт сэтгэл амар байж болно.