2019
Хуй салхи хүртэл биднийг зогсоогоогүй
2019 оны 4-р сар


Хуй салхи хүртэл биднийг зогсоогоогүй

Корайма Сантиаго дэ Хэсүс

Пуэрто Рико, Сан Хуан

Couple standing in hurricane aftermath

Зураг чимэглэлийг Сьюзанн Симмонс

Би номлолоосоо буугаад удаагүй байхдаа, бүжгэнд явах урилга хүлээн авсан юм. Бүжгэн дээр би утсаа алга болгосон бөгөөд нэг залуу надад олж өгч тусаллаа. Бид ярилцаж байхдаа, хоёулаа эргэж ирсэн номлогч бөгөөд бодол санаа, зорилгын хувьд олон зүйл дээр санал нийлж байгаагаа олж мэдэцгээв.

Бидний харилцаа гүнзгийрсээр, бид сүй тавьсан юм. Бид Вашингтон Ди Си ариун сүмийг 2018 оны 3-р сард засварт орохоор хаагдахаас өмнө тэнд лацдан холбуулахыг хүсэж байв. Харин ийм шийдвэр гаргасны маань дараа бидэнд сорилт ирсэн юм. Эхлээд би ажлаа алдаж, ариун сүм рүү аялах мөнгө цуглуулах ямар ч боломжгүй болов. Дараа нь биднийг гэрлэхийн өмнөхөн Пуэрто Рикод хуй салхи дайрч өнгөрнө гэсэн урьдчилсан мэдээ гарсан байлаа.

Мариа хуй салхи ирж, манай үзэсгэлэнт арлыг сүйтгэв. Дэлгүүрүүд хаагдаж, цахилгаангүй болж; уух ус, хоол хүнс болон өөр бусад хэрэглээний зүйл ч олдохоо болив. Бид хүлээн авалтдаа ашиглахаар төлөвлөж байсан бүх зүйлээ алдсан юм. Бид хүлээн авалтаа цуцалж, хуримаа ч гэсэн цуцлах хэрэгтэй болов. Пуэрто Рико руу орж, гарахыг хязгаарлаж, хэр удаан ийм байхыг хэн ч мэдэхгүй байлаа. Би сэтгэлээр унах болж, төөрөгдөлд орж бас эргэлзэх болов.

Нэг орой би сүйт залуутайгаа хамт өөрсдийн нөхцөл байдлын тухай ярилцсан юм. Гарч болох эсэх нь тодорхойгүй, хүлээн авалт хийхгүй мөн хуримын хувцас ч үгүй болсон ч бид Их Эзэнд итгэх хэрэгтэй болохыг Сүнс батлав. Хамгийн чухал зүйл бол ариун сүмд лацдан холбуулах явдал байлаа. Бид Тэнгэрлэг Эцэгт хандан тусламж хүсэн залбирсан.

Пуэрто Рикогоос гадагшаа гарах нислэг дахин үйлдэж эхлэхэд бид нисэх төлөвлөгөөгөө шинэчлэн, лацдан холбуулах өдрөө өөрчиллөө. Хуй салхины дараа бид хэдэн долоо хоногийн туршид гадагшаа холбогдож болохгүй байсан ч найзын маань гар утас ажиллаж байв. Тэр бидэнд утсаа ашиглуулан ариун сүмтэй холбогдоход тусалсан юм. Бид лацдан холбуулахад шаардлагатай бүх зүйлээ хийж чадсан билээ! Аялалд гарахаас хэдэн долоо хоногийн өмнө гэр бүлийнхэн болон найз нөхөд маань гутал, хувцас өгч, хуримд хэрэгтэй олон зүйлийг авахад тусалсан.

Энэ бүхний эцэст бид ариун сүмд орох үедээ, санааг маань зовоож байсан бүх зүйлээ ардаа орхив. Бид гар гараасаа барилцсаар ирээдүй рүүгээ алхлаа. Би Их Эзэний мутар биднийг хөтөлж байгааг мөн Түүнд итгэж найдах л юм бол бүх зүйл зүгээр болно хэмээн урамшуулахыг үнэхээр мэдэрсэн. Өнөөдөр бид хөөрхөн хүүтэй болж адислагдсан бөгөөд үүрд мөнхөд лацдан холбогдсон гэр бүл болсон.