2019
Эмгэнэлт явдлыг даван гарах нь
2019 оны 4-р сар


Өсвөр үеийн болон бага насны хүүхдүүдэд заах

Эмгэнэлт явдлыг даван гарах нь

icons

Эрт орой нэгэн цагт хүүхдүүд гэртээ юм уу гэрээсээ хол байхдаа эмгэнэлт зүйлтэй учрах болно. Гэвч “бидний эргэн тойронд дэлхий үймээн самуунд нэрвэгдэж байсан ч бид дотоод амар амгалангийн адислалыг хүлээн авах боломжтой.”1 Амар амгаланг мэдрэхэд нь хүүхдүүдэд туслахын тулд таны хийж болох зарим зүйлийг доор өгөв.

Тогтвортой байдал

Ямар нэгэн эмгэнэлт зүйл тохиолдох үед хүүхдүүдэд өөрсдийнх нь ертөнц тогтворгүй болсон мэт санагдаж болно. Тэдэнд тууштай байдлын үлгэр жишээ бол. Тухайн асуудлын талаар тайван, өөртөө итгэлтэй ярь. Тогтсон дэг жаягаа аль болох хадгалж үлд. Гэр бүлийн үдэш хийх, судраас суралцах, залбирах болон бусад гэр бүлээрээ хийж хэвшсэн зүйлээ үргэлжлүүлэн хийхийн тулд чадах бүхнээ хий. Хүүхдүүдийн ертөнц ганхсан ч гэлээ цаг хугацаа өнгөрөхийн хэрээр сайн мэдээ аливаа зүйлийг өөрөөр харах боломж олгодог бөгөөд амьдрал үргэлжилсээр байх болно гэдгийг тэд сурна.

Хүндлэх

Хүүхдүүдийн сэтгэлийг хүндэл. Хүүхдүүдийг сонсож, тэдний мэдрэмжийг хүлээн зөвшөөр. Тэдний асуудлыг чухалчлан авч үзэж байгаагаа харуул. Тэдэнд орон зай хэрэгтэй бол гаргаж өгч, ярих хэрэгтэй бол бэлэн гэдгээ хэл. Хүүхдийн насанд тохируулан гарч ирсэн асуултуудад нь үнэн зөв хариул. Айдас болон сэтгэлийг нь зовоож байгаа зүйлийнхээ талаар ямар ч үед ярьж болно гэдгийг хүүхдүүддээ мэдүүл.

Удирдан залах

Хүүхдүүд тань “Яагаад Бурхан муу зүйлс болохыг зөвшөөрдөг вэ?” гэж асууж магад. Сайн, муу зүйлсийн аль аль нь амьдралын болон Бурханы мөнхийн төлөвлөгөөний нэгэн хэсэг гэдгийг тайлбарла. Тэр хүн нэг бүрд өөрийн гэсэн сонголт хийх боломжийг олгодог ба заримдаа хүмүүс муу сонголт хийснээсээ болж зовдог. Өөр үед эмгэнэлт явдал хэн нэгний буруугаас биш, зүгээр л байгалийн нэгэн хэсэг байдаг. Юу ч болсон бай Тэнгэрлэг Эцэг бидэнд туслахад үргэлж бэлэн байдаг. Түүний тусламжтайгаар бид хүнд хэцүү туршлагаасаа суралцаж, өсөж хөгжих боломжтой. Бид Түүнд хандан амар амгаланг олж чадна.

Урам зориг өгөх

Хүүхдүүдэд тусламж өгөх боломж олгох замаар өөрчлөх хүч тэдэнд байгаа гэдгийг харуул. Жишээлбэл, тэд байгалийн гамшгийн хохирогчдод зориулсан хандивыг цуглуулж туслан, өвдсөн эсвэл гэмтэж бэртсэн найзаа эмнэлэгт очиж эргэж, гэр бүлийн гишүүнээ алдсан хүнд урам зориг өгч, зовлон бэрхшээлтэй хүмүүсийн төлөө залбирч болно. Бүгдийг засаж залруулах боломжгүй ч бид асар их сайн үйл хийх чадавхтай ба “хэн нэгний зовлон зүдгүүрийг нимгэлэхээр туслах бүрдээ амар амгаланг авчрахаар ажиллаж байдаг.”2

Тайтгаруулах

Хүүхдүүддээ Бурхан тэднийг хайрладаг, та ч бас тэднийг хайрладгийг сануул. Тэдэнд ямар ч муу зүйл хэзээ ч тохиолдохгүй хэмээн буруу ташаа зүйл бүү амла. Харин одоо айх зүйл байхгүй бөгөөд тэднийг хамгаалахын тулд чадах бүхнээ хийнэ гэдгээ тэдэнд ойлгуул. Тэнгэрлэг Эцэг тэдэнд тохиолдох ямар ч сорилт бэрхшээлийг даван гарахад тусална гэдгийг хэл.

Хэрэв зовлон зүдгүүрээс болж сэтгэлээр унасан бол эцсийн эцэст сайн сайхан зүйлс муу муухайг ялан дийлнэ гэдгийг санаарай. Ерөнхийлөгч Томас С.Монсон (1927–2018) “Бид нүгэлтэй дайтаж байгаа ч, … цөхөрч болохгүй. Бид энэ дайнд ялж чадна, ялах ч болно. Ингэж ялахад хэрэгтэй арга замыг Тэнгэр дэх Эцэг маань бидэнд зааж өгсөн юм” гэж хэлсэн. Бурхан залуур дээр байна. Тиймээс бид айж эмээх хэрэггүй.”3

Эшлэлүүд

  1. “Peace,” Gospel Topics, topics.lds.org.

  2. “Peace,” Gospel Topics.

  3. Thomas S. Monson, “Looking Back and Moving Forward,” Liahona, May 2008, 90.