Шинэ хүн болсноо мэдрэх нь
Зохиогч нь АНУ-ын Техаст амьдардаг.
Эстони
“Би гэнэтийн бэлэг бэлдсэн байгаа!” хэмээн Эма (ээж нь) Расмусыг сургуулиас нь авахдаа хэлэв. Тэд өнгө алагласан барилгуудтай нарийхан гудамжаар хамтдаа уруудан алхлаа.
“Оройн хоолондоо росолье идэх юм уу?” гэж Расмус горьдон таалаа. Тэд үүнийг дөнгөж өнгөрсөн долоо хоногт, долоон насных нь төрсөн өдрөөр идсэн байв. Гэхдээ тэр үхрийн мах, төмс, даршилсан май загастай салатыг өдөр болгон идсэн ч чадахаар байлаа.
Эма инээмсэглэсээр толгойгоо сэгсрэв. “Би өглөө хоёр залуухан эмэгтэйтэй автобусанд таарсан. Тэд номлогч бөгөөд өнөө орой сүмийнхээ талаар ярихаар манайд ирнэ” гэв.
Расмус сонирхон дээш харлаа. Тэр өмнө нь номлогчидтой огт уулзаж байсангүй.
Номлогчдыг ирэхэд тэр галын машинаараа унтлагынхаа өрөөнд тоглож байв. “Тэрэ! Тэрэ! Сайн байна уу!” гэсээр тэд байранд нь орж ирэхдээ Эматай мэндчиллээ. Тэд хүнд гутлаа тайлж, Эмагийн зочдод зориулан хадгалдаг гэрийн углаашийг өмсөв. Эма тэднийг улбар шар өнгийн буйдан руу хөтөллөө. Гэвч Расмус хаалганыхаа хажуу талаас холдсонгүй.
Арай өндөр эмэгтэй түүнийг анзаарч хараад, инээмсэглэв. Хар өнгийн энгэрийн тэмдэг дээр нь Крэйг эгч гэсэн байлаа. Тэр “Ээж чинь чиний төрсөн өдөр сайхан болсон гэж хэлсэн. Бид чамд зориулан нэг юм авчирсан” гэв. Тэр жижигхэн карт өглөө. Расмус ойртуулан харав.
Тэр нь нэг эрэгтэй хүний зураг байлаа. Тэр хүн цагаан өмсгөлтэй бөгөөд гараа алдлан сунгасан байв.
“Энэ хүн хэн болохыг чи мэдэх үү?” гэж Крэйг эгч асуулаа.
Расмус тэр эрэгтэйн нэрийг мэдэхгүй байв. Тэрээр урьд нь энэ зургийг харж байгаагүй байжээ. Гэвч тэр эрэгтэй сайхан сэтгэлтэй, хүчтэй хүн шиг харагдав. “Би энэ хүнийг хаан гэж бодож байна!” гэж Расмус хэллээ.
Хоёр номлогч хоёулаа инээмсэглэв. “Тийм ээ. Тэр бол хаан! Тэр бол хаадын Хаан! Түүнийг Есүс Христ гэдэг” гэв. Крэйг эгч хөх хавтастай ном гаргаж ирлээ. “Харин энэ бол Түүний тухай заадаг Мормоны Ном” гэв.
Эма тэр хоёр Мормоны Номыг сургуульдаа явахаас нь өмнө өдөр бүр уншдаг болов. Хичээлийнхээ үеэр Расмус ангийнхантайгаа гадуур алхаж, бас дугхийдэг байжээ. Хичээлийнхээ дараа Эма тэр хоёр номлогчидтой байнга уулздаг байв. Тэд номлогчидтой Мормоны Номоос уншсан зүйлээ ярилцдаг байлаа. Заримдаа Эма бүх хүнийг сүлжсэн шанцтай талх буюу крингэлээр дайлдаг байв. Амралтын өдрүүдэд Эма тэр хоёр дугуй унаж, далайн эргээр зугаалдаг. Харин заримдаа ой модонд эсвэл дуртай голынхоо эргээр удаан гэгч алхдаг.
Ойгоор ийнхүү алхаж байхад Эма түүнд баптисм хүртэхийг хүсэж байгаагаа хэлэв. Расмус инээлээ. Номлогчид Эмагаас баптисм хүртэхийг хүсэж байгаа эсэхийнхээ талаар залбирахыг хүссэн байж. Харин ингэж хэлсэн болохоор тэр хариултаа авсан бололтой!
“Би бас яг хаана баптисм хүртэхээ мэдэж байгаа. Чи таа даа?” хэмээн инээмсэглэсээр асуулаа.
Расмус номлогчдын баптисмын талаар заасан хичээлийг санав. Тэд Есүс, Иохан Баптист хоёрын голын эрэг дээр байгаа зургийг харуулсан байлаа. …
Тэр “Гол! Бидний дуртай гол” хэмээн баярлан хэлэв.
Долоо хоногийн дараа Расмус голын эрэг дээр номлогчид болон сүмийн өөр хэдэн хүний хамт зогсов. Эма баптисм хүртэхэд бэлэн болсон байлаа. Тэр Есүстэй адил усан доор бүхэлдээ оров. Уснаас гарч ирэхдээ тэр инээмсэглэж байлаа. Расмус энэ цаг мөчийг буюу цэнхэр ус, ногоон зүлгэн дээрх цагаан зэрлэг цэцэгс, ээжийнхээ инээмсэглэлийг үргэлж санахыг хүсэж байв.
Дараа нь тэрээр “Баптисм хүртэх ямар байсан бэ?” гэж хүмүүсийг номлогчдын авчирсан жигнэмгийг идэж байх зуур асуулаа.
“Гайхалтай. Би голоос гарч ирмээргүй байсан. Надад шинэ хүн болсон мэт санагдсан” гэж ээж нь хэлэв. Тэр хүүгээ чанга тэвэрлээ.
“Дараагийн төрсөн өдрөөрөө би Есүс, та хоёр шиг баптисм хүртмээр байна. Би ч бас шинэ хүн болсноо мэдрэхийг хүсэж байна” гэж тэр ээждээ хэлэв. ●