2019
Аавынхаа дуулж байгааг харах нь
2019 оны 4-р сар


Аавынхаа дуулж байгааг харах нь

Мариа Ока

АНУ, Калифорни

Зураг
watching choir singing

Зураг чимэглэлийг Аллэн Гарнс

Би АНУ-ын Хавайн Хонолулу дахь номлолдоо очоод, дөрвөн сар хагасын дараа татаж унан, эпилепси өвчин гэж оношлогдсон юм. Дараагийн хэдэн сарын турш бид эмнэлэгт очиж үзүүлэн, тоо томшгүй олон шинжилгээ өгч, сэтгэлээр унахуйц их гаж нөлөөтэй шинэ эм хэрэглэх болов.

Энэ явдал болох хүртэл би анхаарлаа зөвхөн номлолын ажилдаа хандуулсан байсан тул гэрээ тийм ч их санадаггүй байлаа. Харин унадаг болсноос хойш сэтгэл тавгүйтэх болсон юм. Би эцэг эхээ санаж, гайхалтай сайхан хүмүүсээр хүрээлэгдсэн байсан ч ганцаардах болов. Гэртээ буцахыг хүсээгүй ч амар амгаланг мэдрэхийг хүсэж байлаа.

Номлолын ерөнхийлөгчийн зөвшөөрлөөр би эцэг эхтэйгээ утсаар ярьж, ууж буй эмийнхээ талаар ярьсан юм. Аавын маань Ариун сүмийн талбайн табернаклын найрал дуунд орох олон жилийн мөрөөдөл биелсэн байсан бөгөөд тэр маргааш нь эхлэх байсан Ерөнхий чуулганаар надад зориулан зүрх сэтгэлээсээ дуулна гэж хэллээ.

Маргааш өглөө нь би надад гарцаагүй хэрэгтэй байсан амар амгалангийн төлөө залбирав. Ерөнхий чуулганы үеэр би өөрт байсан хэдэн тодорхой асуултынхаа хариултыг авч, дахин удирдамж авч чадна гэдэгтээ итгэлээ. Ерөнхий чуулганы нээлтээр найрал дуучид “Dearest Children, God Is Near You” (Hymns, no. 96) дууллыг дуулав. Эхний ганц минутад л би аавыгаа зурагтын дэлгэцээр харлаа. Камер түүний царайг нэлээн удаан харуулав.

Нүдийг минь нулимс бүрхэн, гайхалтай амар амгалан намайг нөмрөн авлаа. Бурхан надад хайртай гэдгийг би мэдэрч байв. Тэр өдөр надад яг юу хэрэгтэй байсныг, тухайлбал Тэрээр миний дэргэд байж, намайг хэн болохыг мэддэг гэдгийн энгийн баталгаа хэрэгтэй байсныг би мэдэж авч билээ. Би Бурханы хайрыг, улмаар гэр бүлийнхээ болон хамтрагчийнхаа мөн номлолын ерөнхийлөгчийнхөө хайрыг мэдэрсэн. Одоо би өвчнөө дарамт гэж үзэхийн оронд Их Эзэнтэй илүү ойртох боломж хэмээн харах болсон.

Миний биеийн байдал сайжирсан ч бүрэн эдгээгүй. Эцэст нь би цагаасаа өмнө номлолоосоо буусан ч Бурхан байгааг мөн Тэр намайг хайрладгийг мэдсэн. Энэ баталгаа олон зовлон шаналал, харанхуй цаг мөчүүдэд итгэл найдварыг надад өгч байсан юм. Зарим нь үүнийг тохиолдлын зүйл гэж бодож болох ч аавыгаа Бурханы хайрын тухай дуулахыг харсан явдал миний хувьд хэрэгтэй үед өгөгдсөн бяцхан гайхамшиг байж билээ.

Хэвлэх