2019
Бидний хүү бол Тэнгэрлэг Эцэгийн хүү
2019 оны 4-р сар


Бидний гэр орон, гэр бүл

Бидний хүү бол Тэнгэрлэг Эцэгийн хүү

Зохиогч нь АНУ-ын Аризонад амьдардаг.

“Чи түүнийг Надаас илүү хайрладаг гэж бодож байна уу?” гэсэн өмнө нь хэзээ ч бодогдож байгаагүй бодол санаанд минь орж ирэв.

mother and son

Зохиогчийн хүүтэйгээ хамт авахуулсан гэрэл зураг

Бидний бяцхан өхөөрдөм хүү Хэйдэн энэ дэлхийд мэндлэхдээ хөв хөх царайтай, амьсгалж ч чадахгүй, амьдрах гэж тэмцсээр ирсэн. Тэр уйлахгүй бас хөдлөхгүй байв.

Эмч, сувилагчид эмнэлгийн өрөө рүү гүйлдэн ирэхэд би ямар нэгэн муу зүйл боллоо гэдгийг мэдсэн. Миний нөхөр, аав хоёр Хэйдэнд санваарын адислал түргэхэн өгсөн бөгөөд түүнийг эрчимт эмчилгээний тасаг руу яаралтай шилжүүлсэн юм. Удалгүй түүнийг зүрхний ховор тохиолддог гажигтай болохыг тогтоов. Хэдэн өдрийн дараа тэр хэд хэдэн зүрхний мэс засалд орж билээ.

Санваарын адислал, мацаг, залбирлын гайхамшигт хүчийн ачаар Хэйдэн байж болох бүхий л зүйлийг даван гарч, амьд үлдсэн юм. Бид хүүгээ гэртээ авчран, шинэ амьдрал эхлүүлж байгаадаа маш их баярлаж байв.

Хэйдэн бидний амьдралд хязгааргүй их баяр хөөрийг авчирсан юм. Бид түүнийг хайрлаж, өхөөрддөг байв. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам хүүгийн маань эрүүл мэнд хүсэн хүлээж байснаар сайжрахгүй л байлаа. Хэдийгээр мэргэжилтнүүд бие нь аяндаа сайжирна гэсэн боловч хүүдээ туслах гэж хичээх тусам сэтгэл минь зовнисон хэвээр л байв.

Нөхөр бид хоёр Хэйдэний өвчний талаар боломжийнхоо хэрээр судалж, бас эмчийн хий гэж хэлсэн бүхнийг хийж байв. Гэсэн ч сайжрахгүй л байлаа.

Би ядарч туйлдан, сэтгэлээр унах болсон юм. Би Тэнгэрлэг Эцэгт хандан, Хэйдэнд тусалж чадах хүнийг олоход бидэнд туслаач хэмээн гуйсан боловч тусламж ирэхгүй л байлаа. Хэйдэний биеийн байдал улам дордов. Тэр унаж тусах болж, бид түүнийг алдчих вий хэмээн эмээх болсон.

Нэг орой би хариулт эрж, шөнө хүртэл суунгаа Хэйдэндээ захиа бичив. Би түүнд ямар их хайртай мөн түүний амьдралыг хөнгөлөхийн тулд ямар их хичээж байгаагаа бичиж билээ. Түүнд хэрэгтэй тусламжийг өгөхийн тулд амьдралынхаа үлдсэн өдрүүдийг зарцуулна гэдгээ би амлав.

Урам хугаралт, тодорхой бус байдал гэнэт намайг эзэмдэв. Би өвдөг сөгдөн, Тэнгэр дэх Эцэгээсээ “Яагаад?” гэж асуулаа. Би хүүдээ туслахаа хэзээ ч зогсохгүй гэдгээ мэдэж байсан тул Тэрээр надад Хэйдэнийг илгээсэн гэж бодож байсан юм. Тийм байтал яагаад надад хариулт олдохгүй байгаа юм бол? Яагаад шинэ эмч, шинэ эмчилгээ бүрийн дараа дахиад л мухардалд ордог билээ? Тэнгэрлэг Эцэг Хэйдэнд хайртай биш гэж үү?

Би тэр цаг мөчийг хэзээ ч мартахгүй. Гэнэт хайрын мэдрэмж намайг бүрхэн авав. “Жөрлин, чи түүнийг Надаас илүү хайрладаг гэж бодож байна уу?” гэсэн өмнө нь огт орж ирж байгаагүй бодол надад төрөв.

Би мэл гайхав. Цаг зогссон мэт боллоо. Нүднээс минь нулимс урам хугарснаас биш, харин итгэл найдвар, ойлголт, хайрыг мэдэрсэн учир урсаж эхэлсэн юм.

Яг тэр үед бүх зүйл өөрчлөгдөв. Миний зүрх сэтгэл зөөлөрч, тавьдаг асуулт маань ч өөрчлөгдсөн юм. Тэнгэр дэх Эцэг минь Хэйдэнийг төгс хайрладаг гэдгийг би одоо мэдэх болсон. Хэйдэн энд өөрийн хэрэгцээнд тохирохуйц өсөж хөгжих, сурч боловсрох боломжтой ирсэн. Тэр бидний хүн нэг бүрийн адил өөрийн гэсэн чадвартай, асуудалтай. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд энэ дэлхий дээр онцгой зорилготой ирдэг Тэнгэрлэг Эцэгийн үнэ цэнтэй, хайртай хүүхдүүд гэдгийг би мэдэж авсан юм.

Нөхөр бид хоёр үргэлж хариулт, адислалууд хүлээн авдаг ч тэдгээр нь бидний хүссэн биш, харин Их Эзэний хүссэн цаг хугацаанд ирдэг. Хэйдэнд мөнх бус амьдралдаа амжилт гаргахад туслах зөв ном, эмчилгээ мөн сургууль, багш руу Тэрээр биднийг хөтөлсөн. Бид Хэйдэнийг өөрсдийн хүссэн замаар биш, харин Тэнгэр дэх Эцэгийнхээ түүнд зориулсан замаар явуулахыг хичээдэг. Бид Хэйдэнд бурханлаг чадавхдаа хүрч, Тэнгэрлэг Эцэгийн түүнд зориулсан амьдралаар амьдруулахын тулд чадах бүхнээ хийдэг. Хэйдэн бидний хүүхэд болохоосоо өмнө Түүнийх байсан гэдгийг ойлгосноор бид Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний талаар улам тодорхой мэдэх болсон юм.