Рикардогийн урилга
Мартин Аполо Кордова
Бразил, Парана
Би Сүмийн үйл ажиллагааны талаар сонсонгуут гишүүн бус 10 хүнийг үргэлж урьдаг. Үүнийг би олон жилийн турш хийсээр ирсэн. Би урилга хийж, цагаан дугтуйд хийгээд, Сүнсний удирдамж зааврын төлөө залбирч, дараа нь урилгуудаа тараадаг. Арвуулаа ирэх нь ховор ч гэлээ, нэг нь ч гэсэн ирвэл надад амжилтад хүрсэн мэт санагддаг.
Хэдэн жилийн өмнө би гэрлэсэн хосуудад зориулсан галын дэргэдэх ярилцлагын 10 урилга бэлдсэн юм. Би ажлынхаа есөн хүнд тарааж өгсний дараа нэг урилга үлдэв. Үүнийгээ хэнд өгөхөө би мэдэхгүй байлаа. Хэдэн минутын дараа борлуулалтын ажилтан Рикардо миний ширээний хажуугаар өнгөрөв. Хэдийгээр тэр манай өөр нэг ажилтны сүмийн үйл ажиллагаанд очих урилгаас татгалзсан ч надад түүнийг урих хэрэгтэй гэсэн мэдрэмж төрлөө. Рикардо сонирхохгүй байх л даа.
Гэтэл түүнийг миний ширээний хажуугаар дахин өнгөрөх үед надад нөгөө мэдрэмж дахиад төрлөө. Тэр орж ирсэн даруйдаа гарсан тул надад түүнтэй яриа өрнүүлэх боломж олдсонгүй. Хэрэв Рикардод урилга өгөх ёстой юм бол түүнийг эргүүлж ирүүлээч гэж би залбирлаа.
Залбирч дууссаны минь дараа Рикардо надаас ямар нэг зүйл асуухаар эргэн ирэв. Дараа нь би түүнд “Рикардо, манай сүм дээр гэрлэсэн хосуудад зориулсан үйл ажиллагаа болох гэж байгаа. Бид өдөр бүрийг хэрхэн аз жаргалтай өнгөрүүлэх талаар туршлагаасаа хуваалцах юм. Дараа нь бүжиг болно. Би чамайг урьвал чи ирэх үү?” хэмээн асуулаа.
“Мэдээж!” гэж Рикардо хэлсэн ч түүний хариултад би итгэсэнгүй.
“Ямар ч байсан би өөрийн хийх зүйлийг хийлээ” гэж би дотроо бодлоо.
Эхнэр бид хоёр үйл ажиллагаанд эрт ирж, орж ирж байгаа хүмүүсийг угтан авч, мэндчилэв. Гэнэт би Рикардог эхнэр Рэжинатайгаа хамт байхыг олж харлаа. Би тэднийг эхнэртэйгээ болон ирсэн зарим хүнтэй танилцуулав. Тэр орой Рикардо эхнэртэйгээ хамт цагийг сайхан өнгөрүүлж байгаа харагдлаа. Тэд илүү ихийг сурч мэдэхээр ням гарагт сүмд ирнэ гэдгээ хэлэхэд би гайхав.
Рикардо, Рэжина хоёр хоёр хүүхэдтэйгээ хамт илүү ихийг сурч мэдсэн. Эцэст нь тэд Сүмд нэгдсэн юм. Дараа нь тэд ариун сүмд лацдан холбуулсан. Рикардо надад эхнэртэйгээ салах талаар ярьж байсан гэдгээ мөн яг тэр мөчид Их Эзэн түүнийг миний оффис руу хөтөлсөн гэдгийг надад хэлсэн юм.
Тэр үйл явдлаас хойш би Рикардог урилгыг маань хүлээн авахгүй гэж бодож байсандаа Бурханаас уучлалт хүссэн билээ. Энэ явдлаас би бүх хүнийг урихын ач холбогдлын талаар сурсан. Чухам хэн нь хүлээж авахыг та мэдэхгүй шүү дээ.