2019
Хайр, баяр баясгалан, амар амгалангийн талаарх гурван сургамж
2019 оны 4-р сар


Хайр, баяр баясгалан, амар амгалангийн талаарх гурван сургамж

2017 оны 12-р сарын 5-нд Бригам Янгийн Их Сургуулийн онцгой цугларалт дээр хэлсэн “Аз жаргал, заль мэх, жижигхэн зүйлс” үгээс авав.

Эдгээр гурван зөвлөгөөг хэрэгжүүлэх нь таны амьдралд томоохон өөрчлөлтийг авчраад зогсохгүй Сүнсний үр жимсийг мэдрэхэд тань туслах болно.

bowl of fruit

Би коллежийн оюутан байхдаа ирээдүйнхээ талаар их боддог байв. Би тэр ирээдүйдээ буюу коллежийн дараах амьдралдаа амьдралд минь томоохон өөрчлөлт авчирсан гурван чухал сургамжийг олж авсан юм. Эдгээрээс суралцахад та нарыг надтай адил цаг алдахгүй байх гэж найдан, уг сургамжуудыг та нартай хуваалцахыг би хүсэж байна. Тэдгээр нь танд амьдралдаа илүү их баяр баясгаланг олж авч, эцэст нь Тэнгэрлэг Эцэгтэйгээ хамт өргөмжлөлийг хүртэхэд туслах болно.

1. Аз жаргал, амар амгалан, Ариун Сүнсийг эрэлхийл

Би номлолоосоо эргэж ирээд, 6 сарын дараа, коллежийн 2-р курст байхдаа эхнэр Мэлиндатайгаа танилцсан юм. Би тэр даруй л Мэлиндатай гэрлэхийг хүссэн. Харин Мэлиндагийн хувьд тийм байсангүй. Тэр надтай гэрлэх нь зүйтэй гэсэн хариугаа таван жилийн дараа л авсан юм.

Тэрхүү таван жилийн хугацаанд амьдралын маань хамгийн хүнд хэцүү сорилт бэрхшээлийн нэг нь надад тохиолдож билээ. Би хэнтэй гэрлэхээ мэдэж байсан бөгөөд Сүнс хүртэл шавдуулж байсан ч тэр зорилгодоо хүрч чадахгүй л байв.

Намайг коллежоо төгссөний дараахан Мэлинда номлолд явахаар шийдсэн бөгөөд надаас холдохын тулд л явж байна даа гэсэн бодол надад зэрвэсхэн төрж билээ. Түүнийг номлолд байхад байхгүй зүйлдээ хэт анхаарснаас болж бүр хөөрхийлөлтэй байдалд орж байсан үе надад байсан. Гэхдээ би судраас суралцан, өдөр бүр залбирч, Сүмдээ үйлчилж, Ариун Сүнсийг амьдралд маань урин авчирдаг зүйлсийг хийхийг хичээж байлаа.

АНУ-ын Миннесотагийн Миннеаполист нэгэн хүйтэн өглөө эрт Сүмийн цуглаанд оролцохоор машинаараа явж байхад “Уг нь одоо надад үнэхээр зовлонтой байх ёстой доо. Миний хүссэнээр болж байгаа ганц ч юм байхгүй байтал би огтхон ч шаналахгүй байна. Би бүр гайхалтай аз жаргалтай байна гээч!” гэсэн бодол надад орж ирэв.

Өөрийнхөө хувьд туйлын хүнд хэцүү сорилт бэрхшээлтэй тулгарч байж би яагаад аз жаргалтай байж чадаж байгаа юм бол?

Хариултыг Галат 5:22–23 дээрх “Сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайн сэтгэл, итгэлтэй байдал, дөлгөөн зан, өөрийгөө захирах байдал нь юм” гэсэн шүлгээс олж болно.

Амьдралдаа Сүнсийг авчирдаг зүйлсийг хийж байсан тул би Бурханы хайрыг мэдэрч байсан байв. Би баяр баясгалан, амар амгаланг мэдэрч байсан. Зовлон маань удаан үргэлжлэх байсан ч би аз жаргалтай хэвээр байх байв.

Гэр бүлдээ, амьдралдаа мөн гэрлэлтдээ хайр, баяр баясгалан, амар амгалангаар дүүрэн байх нь том байшин, сайхан машин, сүүлийн үеийн загварын хувцас, ажил мэргэжлийн хувьд амжилттай байх эсвэл аз жаргал авчирдаг хэмээн дэлхийнхний хэлдэг өөр зүйлүүдээс ирдэггүй. Үнэндээ хайр, баяр баясал, амар амгалан нь Сүнснээс ирдэг тул эдгээрийг мэдрэх нь бидний зуурдын нөхцөл байдалтай холбоотой байх шаардлага огт байхгүй.

Бид үргэлж аз жаргалтай эсвэл бидний зуурдын нөхцөл байдал аз жаргалд хэзээ ч нөлөөлөхгүй хэмээн би хэлээгүй гэдгийг ойлгоорой. Үнэндээ бид гашууныг амсахгүйгээр чихэрлэгийг мэдэх боломжгүй (Сургаал ба Гэрээ 29:39 мөн Мосе 6:55-ыг үзнэ үү).

Заримдаа бид зовох хэрэгтэй. Цаашилбал, бие махбодын болон сэтгэл санааны зарим нөхцөл байдал бидэнд асар их зовлон шаналлыг авчирч, Сүнсийг мэдрэхэд их хэцүү болгодог. Гэхдээ бид өөрсдийн амьдралд Сүнсийг байлгахыг хичээж, Бурханд итгэж найдах юм бол ихэнхдээ аз жаргалтай байж чадна.

Энэ нь үнэн болохыг би өөрийн туршлага дээр үндэслэн гэрчилж байна. Мэлиндаг номлолд байх үед болсон үйл явдлаас хойш, хэрэв амьдралдаа Сүнсийг авчирдаг зүйлсийг, тухайлбал бүх зүйл Бурханы хүслээр болж бүтнэ гэдэгт итгэж, хүлээн зөвшөөрөх юм бол би ихэнхдээ аз жаргалтай байдгаа олж харсан юм (Иаков 3:2-ыг үзнэ үү).1

2. Хуурамч мэдрэмжид бүү итгэ

bowl of fake fruit

Сатан биднийг төөрөгдүүлж, залилан мэхлэхийн тулд Бурханы хийдэг бүх зүйлийн хуурамч хувилбарыг гаргадаг. Хэдийгээр Сатан бидэнд тийм биш гэж итгүүлэхийг оролдсон ч “ялзарсан мод ч сайн үр жимс өгч [чадахгүй]” (3 Нифай 14:18) хэмээн Аврагч бидэнд заасан. Сатан ялзарсан мод тул бидэнд “хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал, дөлгөөн зан [болон] өөрийгөө захирах байдл[ыг]” (Галат 5:22–23) мэдрүүлж чадахгүй. Харин ч Сатан биднийг зовоохыг хүсдэг (2 Нифай 2:27-г үзнэ үү).

Тэгэхээр Сатан юу хийдэг вэ? Тэр биднийг хууран мэхлэх гэдэг.

Миний найз, сонгогдсон нэгэн хууран мэхлэгдсэн юм. Найз маань номлолд үйлчилсэн ба ер бусын сайн номлогч байв. Тэр номлолоосоо буугаад, Сүнсийг амьдралд нь авчирдаг бас номлолд нь хүчирхэгжүүлж байсан бүх зүйлийг хийхийг хүсэж байлаа. Тэр нэг хэсэгтээ бүх зүйлийг хийсэн.

Гэхдээ тэр номлолоос буусан олон найз нь ням гараг бүр сүмд ирдэг ч, сүмээс гадуур дэлхийнхний адил амьдарч байгааг харсан юм. Тэд аз жаргалтай байгаа юм шиг харагддаг байлаа. Тэд “хөгжилтэй” зүйлсийг хийж байв. Бас тэдний амьдралын хэв маяг түүнийх шиг олон зүйл шаарддаггүй мэт санагдаж байлаа.

Аажим аажмаар тэр номлолд нь сүнслэг хүч чадал өгдөг байсан жижиг зүйлсээ хийхээ болив. Түүнд гэрчлэл байсан ч тэр надад “Хэрэв би зөвхөн Сүмийн цуглаанд явж байхдаа зүгээр л, зам дээрээ байж л байх байсан ч” гээд цааш нь “харин сүнслэг байдлын хувьд би идэвхгүй байсан”2 гэж хэлсэн юм. Тэр дэлхийнхний адил амьдарсан болохоор нэг муу сонголт нь дараагийн муу сонголт руу хөтөлсөөр, удалгүй тэр жирэмсэн болов.

Зөв шударга бус сонголтуудынх нь үр дагавар яваандаа гарч эхэлжээ. Тэр аз жаргалгүй байлаа. Үүнийгээ ч тэр өөрөө мэдэж байв. Аз болоход найз маань хууран мэхлэгдсэн гэдгээ ухаарч, наманчилсан юм.

Энэ түүх бидний хамгийн сайн нь ч гэсэн хууран мэхлэгддэг гэдгийг харуулж байна. Цаашилбал, түүний түүх бид хууран мэхлэгдэхгүйн тулд үргэлж соргог байх ёстой гэдгийг онцолж байгаа юм. Бид үүнийг Сүнсийг бидний амьдралд авчирдаг жижигхэн зүйлсийг хийснээр хэрэгжүүлж чадна.

Өнөөдөр найз маань аз жаргалтай, зарлигуудыг дуулгавартай дагахыг хичээж, бие болон сүнсээрээ сайн мэдээнд идэвхтэй нэгэн болсон гэдгийг хэлэхдээ би баяртай байна.

Сатаны хууран мэхлэлт олон арга замаар ирдэг. Би зөвхөн цөөн хэдийг дурдъя.

Сатан бидэнд материаллаг зүйлсийг сүнслэг зүйлсээс дээгүүр тавих хэрэгтэй хэмээн итгүүлэхийг хичээдэг. “Би _________ завгүй, хэт ядарсан байна” гэж хэр их хэлж байгаагаа ажигласнаар нэн чухал гэж үзэж буй зүйлсийн маань дараалал алдагдсан байна уу үгүй юу гэдгийг мэдэх боломжтой. Энэ хоосон зайд нь ариун сүмд орох, тохинуулах, судраас суралцах, тунгаан бодох, дуудлагаа хийх эсвэл бүр залбирах гэж гүйцээн бичиж болно.

Сатан бидний анхаарлыг сарниулахын тулд завгүй ажилладаг учраас бидэнд завгүй мэт санагддаг. Тэр бидний гарт байх ухаалаг утас, машин дахь радио, гэрт байх зурагт болон тоолохын аргагүй өөр олон зүйлийг ашиглан анхаарлыг маань үргэлж сарниулах гэдэг. Үүний үр дүнд бидэнд бодит байдлаас илүү завгүй мэт санагддаг.

Ийнхүү анхаарлыг сарниулахын өөр нэгэн үр дагавар бол бид тунгаан бодохоо улам бүр багасгаж байгаа явдал юм. Тунгаан бодох нь, ялангуяа судрын талаар бодох нь илүү гүн хөрвөлт, илчлэлт рүү хөтөлдөг тул Сатан бидний анхаарлыг сарниулах гэж ажилладаг.

Сатаны өөр нэгэн хууран мэхлэх арга зам бол бидний гаднах үйлдэл доторх сэдлээс илүү чухал хэмээх санаа юм. Бидэнд сүнслэг зүйлсийг хийх зохих сэдэл байхгүй бол бид сайн мэдээний баяр баясгаланг мэдэрч чаддаггүй. Ийнхүү зарлигуудыг сахих нь бидэнд дарамт мэт санагдаж эхэлдэг бөгөөд ийм мэдрэмж төрүүлж чадах юм бол бид хийх ёстой хэмээн мэддэг зүйлээ хийхээ болих магадлал өндөр гэдгийг Сатан мэддэг.

Сатан мөн бидэнд баяр баясгалан, аз жаргал нь амар хялбар амьдралаас эсвэл үргэлж зугаатай хөгжилтэй байснаар ирдэг гэдэгт итгүүлэн, хууран мэхлэх гэдэг. Эдгээр нь ийм замаар ирдэггүй. Үнэндээ даван гарах ямар нэгэн зүйлгүйгээр баяр баясгалан буюу аз жаргал ирдэггүй (2 Нифай 2:11, 23-ыг үзнэ үү).

Миний дурдахыг хүссэн Сатаны хамгийн сүүлчийн хууран мэхлэлт бол тэр ёс бус явдал болон үүнийг дагалдан ирэх түр зуурын жаргал цэнгэл нь жинхэнэ аз жаргал хэмээн бидэнд итгүүлэхийг оролддог явдал юм. Ядаж тухайн цаг мөчид зарим мэдрэмж эсвэл сэтгэл хөдлөл бидэнд (1) Сүнсний үр жимснээс хүртэж байна гэж бодогдуулах, (2) бидний хүслийг тэдгээр үр жимс юм байна гэж бодогдуулах (3) тэдгээрийг орлуулж болдог юм байна гэж мэдрүүлдэг болохыг Сатан мэддэг.

Жишээлбэл, Сатан биднийг хайрын оронд шунал тачаалыг эрэлхийлэхэд уруу татаж болно. Тэр биднийг урт хугацааны баяр баясгалангийн оронд жаргал цэнгэлийг хөөцөлдөхөд хүргэж болно. Тэрээр бидэнд амар амгаланг өгөхийн оронд анхаарлыг маань сарниулах гэж оролддог. Тэр биднийг өөрийнхөө зөв гэдэгт бат итгэлтэй, хичээнгүй, амь биеэ үл хайрладаг байлгахын оронд улс төрийн хувьд зөв, үргэлж дуулгавартай, зөвхөн зохих хэмжээнд сүнслэг байдалд анхаарлаа төвлөрүүлдэг байлгахыг хүсдэг. Түүний уруу таталтууд биднийг эргэлзэхэд хүргэж, улмаар зарлигуудыг дагахгүй байх нь аз жаргал авчирдаг хэмээх бодлыг бидэнд төрүүлдэг юм.

3. Жижиг зүйлсийг хий

Ихэвчлэн жижиг зүйлс бидний амьдралд Сүнсийг авчирч, хууран мэхлүүлэхээс сэргийлж, эцсийн эцэст бидэнд зарлигуудыг дуулгавартай дагаж, мөнх амьдралыг хүлээн авах хүч чадлыг олж авахад тусалдаг. Аврагч энэ зарчмыг Охайо дахь Көртландын Сүмийн ахлагчдад заасан. “Иймийн тул, сайныг үйлдэхэд шантрамтгай бүү бай, учир нь та нар агуу ажлын суурийг тавьж байна. Мөн агуу болох тэрхүү зүйл жижиг зүйлүүдээс гарч ирдэг” (Сургаал ба Гэрээ 64:33).

Яагаад жижиг зүйлс тийм их ач холбогдолтой байна вэ? Дараагийн мөрөнд Аврагч “Их Эзэн зүрх сэтгэл хийгээд эрмэлзэгч оюуныг шаарддаг билээ” (Сургаал ба Гэрээ 64:34) хэмээн тайлбарласан. Яагаад Аврагч жижиг зүйлс хийхийг зүрх сэтгэл хийгээд эрмэлзэгч оюунтай холбосон бэ? Учир нь бид жижиг зүйлсийг тогтмол хийснээр зүрх сэтгэл, оюун ухаанаа Бурханд зориулдаг ба энэ нь биднийг ариусган цэвэршүүлдэг (Хиламан 3:35-ыг үзнэ үү).

Энэхүү ариусан, цэвэрших нь бидний мөн чанарыг бага багаар өөрчилж, улмаар бид Аврагчтай улам бүр адилхан болдог. Энэ нь мөн Ариун Сүнсний өдөөлтийг хүлээн авах бидний чадварыг өсгөж, хууран мэхлэгдэх магадлалыг багасгадаг.

Ахлах сургуулиа төгсөх жил аав минь надад семинарын хичээлийг гэрээр заасан юм. Тухайн жилийн сэдэв Мормоны Ном байсан тул аав үүнийг шүлэг, шүлгээр нь хамтдаа уншиж, бид сурсан зүйлээ ярилцахаар шийдэв. Биднийг уншиж байхад аав надаас уншиж байгаа зүйлийнхээ талаар бодоход хүргэсэн асуултыг тавьж, ойлгохгүй байгаа зүйлсийг тайлбарладаг байлаа. Би Аврагчийн талаар суралцаж, Тэрээр үнэхээр нифайчууд дээр ирсэн ба Түүний Цагаатгалын ачаар нүглээсээ уучлагдах боломжтой гэдгээ мэдэрснээ өнөөдөр ч санадаг.

Аавтайгаа хамт судар уншсан тэр цаг хугацаа судрын үндэс суурийг тавих эхлэл байсан. Би уншиж байхдаа ямар нэгэн зүйлийг мэдэрдэг байсан. Магадгүй хамгийн чухал нь хүсэл, сэдэл, үйлдэл маань өөрчлөгдсөн явдал юм. Би илүү сайн байхыг хүсэх болж, хаана хууран мэхлэгдэж байгаагаа харж эхэлсэн ба илүү их наманчилдаг болсон. Тэгээд би коллежийн нэгдүгээр курсээ төгсгөх үедээ судраас өдөр бүр уншдаг болсон байлаа.

Энэ үеэр ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон (1899–1994) Сүмийн гишүүдээс Мормоны Номыг уншиж, сурсан зүйлсээ амьдралдаа хэрэгжүүлэхийг хүссэн юм.3 Тиймээс, би өөр юу ч уншиж байсан бай, нэмээд Мормоны Номоос бага ч гэсэн уншдаг болов.

fruit and scriptures

Би номлолд байхдаа үнэхээр судраас суралцаж, үгс дээр нь найрлах гэгч юу болохыг мэдэж авсан. Би уншиж байхдаа Ариун Сүнсийг мэдрэхийн зэрэгцээ өөрийнхөө болон сонирхогчдынхоо асуултын хариултыг судраас олохоор эрэлхийлэхдээ баяр баясгаланг мэдэрч эхэлсэн юм.

Номлолынхоо дараа би өдөр бүр судрын үгс дээр найрласаар байв. Энэ дадал хэвшил миний амьдралд Ариун Сүнсийг урьдаг байсан тул Түүнээс цаг хугацаагаа илүү үр бүтээлтэй ашиглахад туслах удирдамжийг хүлээн авдаг байлаа. Үүний үр дүнд би сургуульдаа, хожим нь ажилдаа илүү сайн байх болсон юм. Сайн шийдвэр гаргахад ч илүү хялбар болов. Би илүү их залбирч, дуудлагаа бүр их хичээнгүйлэн хийх болсон. Өдөр бүр судрын үгс дээр найрлах нь миний бүх асуудлыг шийдвэрлээгүй ч амьдралыг илүү амар хялбар болгож байв.

2005 оны 8-р сард ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008) Мормоны Номыг он дуусахаас өмнө нэг биш удаа уншихыг уриалсан.4 Би тухайн үед Мормоны Номоос өдөр бүр уншиж байсан тул Ифер эсвэл Моронай хавьд аль хэдийн очсон байв. Үүнээс хойш ганц, хоёрхон долоо хоногийн дараа би өөрийгөө ерөнхийлөгч Хинклигийн урилгыг биелүүлчихсэнд тооцсон юм.

Гэтэл тэр үед итгэлтэй гэрийн багш маань манай гэрт айлчлан ирэв. Тэр надаас ерөнхийлөгч Хинклигийн урилгыг хэрхэн биелүүлж байгааг асуув.

Би аз болж Мормоны Номыг ерөнхийлөгч Хинклигийн урилгаас өмнө уншиж эхэлсэн байснаа түүнд хэлсэн юм. Дараа нь би урилгыг нь хүлээн авч уншиж дуусгасан хэмээн өөрийгөө зөвтгөн хэлэв.

Харин гэрийн багш маань үүнийг арай өөрөөр харж байсанд би баярладаг. Тэр миний бодлыг эвтэйхэн залруулах үед Сүнс надад гэрийн багшийн маань зөв байсныг шивнэсэн.

Харин би жилийн эцэс гэхэд дахин уншиж дуусгахын тулд өдөрт хоёр бүлэг унших хэрэгтэй болж билээ. Мормоны Номоос илүү их унших болсноор амьдралд маань улам их хүч ирэхийг би анзаарсан. Би илүү их баяр баясгалантай болсон байлаа. Би аливаа зүйлсийг илүү тодорхой ойлгож, илүү их наманчлах болж, бусдад тохинуулж, тэднийг аврахыг хүсэх болов. Сатаны хууран мэхлэлт, уруу таталтад өртөх маань багассан. Мөн би Аврагчийг илүү их хайрлах болсон юм.

Тэгээд 11-р сард нь би тойргийнхоо бишопоор дуудагдав. Ерөнхийлөгч Хинклигийн уриалсан зүйлийг хийж гүйцэтгэсэн минь намайг уг дуудлагад бэлдсэн. Түүнээс хойш би ажил болон сүм дээр завгүй байх тусам судруудаас, ялангуяа Мормоны Номоос илүү их суралцах хэрэгтэй юм байна гэдгээ олж харсан юм.

Та ч бас өдөр бүр судрын үгсэд найрлах юм бол үүний адил адислал, хүчийг амьдралдаа авах боломжтой. Хэрэв та судрын үгсэд, ялангуяа Мормоны Номон дээр өдөр бүр найрлавал танд Сүнсийг өөрийн амьдралд урин авчирч, өөрийн эрхгүй өдөр бүр залбиран, илүү их наманчилж, долоо хоног бүр сүмд явж, ариун ёслолоос хүртэх нь илүү амархан байх болно.

Та жижигхэн зүйлсийг хийж, Их Эзэнд итгэж найдах юм бол нөхцөл байдал тань ямар байхаас үл хамааран хайр, баяр баясгалан, амар амгаланг олж авах болно гэдгийг би гэрчилж байна. Мөн би энэ бүхэн Есүс Христийн золиослолын ачаар боломжтой болсон гэдгийг гэрчилж байна. Сайн юм болгон Түүнээс ирдэг (Моронай 7:22, 24-ийг үзнэ үү).

Эшлэлүүд

  1. Бидний Христэд итгэх итгэл бат бөх байснаар нөхцөл байдал ямар байхаас үл хамааран бид Бурханы хайран дээр найрлах боломжтой.

  2. Ярилцлагын тэмдэглэл, бичвэрүүд нь зохиогчийн эзэмшилд байгаа болно.

  3. Ezra Taft Benson, “A Sacred Responsibility,” Ensign, May 1986, 77–78; see also “The Book of Mormon—Keystone of Our Religion,” Ensign, Nov. 1986, 4–7-г үзнэ үү.

  4. Gordon B. Hinckley, “First Presidency Message: A Testimony Vibrant and True,” Ensign, Aug. 2005, 2–6-г үзнэ үү.