Залуучуудад зориулав
Хувь хүн рүү чиглэсэн хувийн илчлэлт
Та илчлэлт, өөрийн бодол хоёрыг хэрхэн ялгаж чаддаг вэ?
Бид олон боломж бололцоо бүхий дэлхий ертөнцөд амьдарч байна. Бид өөрсдийн ажил мэргэжил, сургууль, эхнэр нөхөр, амьдрах газар гэх мэт олон зүйлийг сонгох эрхтэй. Энэ бол үнэхээр бидний энэ цаг үеийн адислал юм. Нөгөөтээгүүр, сайн зүйл рүү хөтлөх ийм олон зам, боломж бололцоо байхад шийдвэр гаргах нь хэцүү байдаг тул энэ нь эдгээр сонголтыг улам бүр хүнд болгож байгаа билээ. Ийм олон сайн боломж байхад бид зөвийг нь хэрхэн сонгож болох вэ? Та элсэн ширхэг мэт тоймгүй олон сонголтын дунд төөрч, эргэлзэх үедээ Тэнгэрлэг Эцэг таныг удирдан чиглүүлэхийг хүсдэг болохыг мэдээрэй. Хэрэв та Түүний дуу хоолойг дагах юм бол зөв замыг сонгож, эрэлхийлж буй хариултаа авах боломжтой. Тэрээр тантай хэрхэн ярьдгийг таньж мэдэн, Түүнд итгэн найдаж, бошиглогчийг дуулгавартай дагаж, тэвчээр хатуужилтай байж, илүү өөдрөг, итгэлтэй байвал энэ бүхэн эцэст нь таныг зөв зүгт хөтлөх болно.
—Вира Вашченко, Украин, Киев
Амьдралын минь туршид Их Эзэн хэрхэн намайг хөтлөхийг би харж, байгаа бүхэндээ Түүний болон Түүний удирдамжийн ачаар хүрсэн гэдгээ ухааран ойлгодог. Тэр ч бүү хэл ганцаархнаа алхаж байна даа гэж бодогдох үед хүртэл Тэрээр үргэлж миний төлөө байдгаа надад мэдэгдэж, мэдрүүлдэг. Тиймээс би ганцаар гэж бодох үедээ ч гэсэн үргэлж итгэлээр урагшилж байхаар шийдсэн юм. Миний хувьд заримдаа зам маань тодорхой бус, ирээдүйд юу намайг хүлээж байгааг би тэр болгон харж чаддаггүй ч үргэлж итгэлээр алхалж, тэгснээрээ гэрлийг харж, Бурханы мутар миний амьдралд оролцож байгааг ухаардаг. Тэнгэрлэг Эцэг болон Түүний Хүү Есүс Христ бидэнд хайртай бөгөөд биднийг удирдан залахыг хүсдэг ч гэсэн биднээс Өөрсдөд нь итгэж, Сүнсний удирдамжийг хүлээн авахдаа үүнийхээ дагуу үйлдэхийг хүсэн хүлээдэг.
—Индира Мэхиа, Доминиканы Бүгд Найрамдах Улс
Нас биед хүрснээр би Сүнсний хэлийг сурах хэрэгтэй болсон. Сүнс надтай энгийн бодлоор дамжуулан ярьдаг. Үүнд дасахад хугацаа шаардагдсан ч ихэвчлэн ажил руугаа машинаар явж байх замд гэх мэт чимээгүй орчинд Сүнс над дээр ирдэг. Ихэвчлэн аливаа сэдвийн талаар бодоо ч үгүй байхад Сүнс гэнэт орж ирдэг тул энэ нь миний бодол биш гэдгийг би мэднэ.
—Кларисса Мэй Тэйлор, АНУ, Юта
Бидний төгс эзэмшвэл зохих хамгийн гайхалтай арга барил бол Ариун Сүнсний намуухан шивнээг таньж сурах чадвар юм. Судраас хичээнгүйлэн суралцсан маань намайг энэ аргыг цааш нь төгс эзэмшихэд хүргэсэн билээ. Хичээнгүйлэн хайгч тэр олох болно; мөн Бурханы нууцууд тэдэнд Ариун Сүнсний хүчээр задлагдах ажгуу гэдэгт би үргэлж итгэдэг байсан (1 Нифай 10:19-ийг үзнэ үү). Өөрөөр хэлбэл, хэрэв бид Сүнсийг ялган таньж чадахыг хүсэж байвал хэрэгтэй хэрэггүй зүйлс буюу өдөр тутмын амьдралын асуудлын талаар бодолгүй, ажилдаа ханцуй шамлан орж, өөрийгөө мартах хэрэгтэй. Энэ үед л би бэлэн болсон байх тул Сүнсийг илүү сайн ялган таних болно. Шуурганаар усан онгоц хурдан явж чаддаггүйн адил, хэрэв бид өөрсдийн чадлаас хальсан амьдралын аар саар зүйлд автах юм бол Сүнсийг сонсож чадахгүй.
—Эммануэл Борнгрэйт Догбий, Гана, Аккра
Манай жижиг гэр бүлийн хувьд, бид амар амгалан мэдэрдэг тул, ялангуяа нөхөр бид хоёр хамт байхдаа Сүнсийг ялган таньж чаддаг. Хэрэв энэ нь бидний өөрсдийн бодол бол, бид яг зөв гэсэн мэдрэмжийг хүлээн авдаггүй бөгөөд цаанаа л эргэлзээ, айдас мэдрэгддэг. Харин энэ нь илчлэлт бол, бид учир шалтгааныг нь ойлгохыг хичээн, эхэндээ ямар ч утгагүй мэт санагдсан ч дандаа амар амгаланг мэдэрдэг. Бид үүнийгээ дагаж, хийж дууссаныхаа дараа бүх зүйл байр байрандаа орж, шийдэгдсэн байгааг үргэлж олж хардаг. Яг тэр үед бид хоёр бие бие рүүгээ хараад “Өө, одоо л ойлголоо” гэж хэлдэг.
—Мариана Врайт, АНУ, Юта
Хэдийгээр бид бүгдээрээ хувийн илчлэлтийг өөр өөр арга замаар авч болох ч Бурхан бидэнд хандан ярьдаг гэдэг нь гарцаагүй үнэн юм. Бид зүгээр л Түүний дуу хоолойг ялган таних чадвараа хөгжүүлэхээр хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны зөвлөснөөр “Өөрийн асуудал, айдас, сул талуудын талаар, тийм ээ, бүр зүрхний хүсэл эрмэлзлийнхээ талаар Есүс Христийн нэрээр залбир. Тэгээд сонс! Оюундаа ирэх бодол санааг бичиж ав. Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглээд, хийхээр өдөөгдсөн үйл хэргүүдээ хийж дуусга. Та энэ үйл явцыг өдөр тутам, сар бүр, жил болгон давтан хийснээр ‘илчлэлтийн зарчимд өсөн [хөгжих]’ болно” (“Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 118).