2019
Шударга байх сайхан
2019 оны 4-р сар


Шударга байх сайхан

Зохиогч нь АНУ-ын Колорадод амьдардаг.

“Та нар сайныг үйлдээсэй” (2 Коринт 13:7).

Sweet Honesty

Ээж надад “Чи дүүгээ харах хэрэгтэй байна. Би өвдсөн хүнд туслахаар аавтай чинь хамт явлаа” гэж хэллээ.

Би жижигхэн байшингийнхаа шалыг шүүрдэнгээ дээш харан, толгой дохив. Ээж минь Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч байсан бөгөөд тойргийнхоо эгч нарыг эргэж тойрохоор байнга явдаг байсан юм.

Ээж “Баярлалаа, Арлин” гээд, зулай дээр минь үнсэв. “Жон унтаж байгаа. Тавиур дээр талхны хөрөнгө тавьсан тул хүрч болохгүй шүү” гэлээ.

Би ээж, аав хоёр тэргээ унаад, шороон замаар явахыг хаалгаараа харлаа. Ээжийгээ надад итгэсэнд би баяртай байв.

Гал тогоогоо шүүрдэнгээ би талхны хөөсөн гурилыг харахаар зогслоо. Орой ээжийнхээ талх барихыг би тэсэн ядан хүлээж байлаа. Бид шинэхэн барьсан талхаа ихэвчлэн гэрийн жимсний чанамалтай хамт иддэг байв. Гэвч манай жимсний чанамал гурван сарын өмнө дууссан байлаа.

Жимсний чанамал! Ийн бодоход чихэрлэг зүйл идмээр санагдав. Би тавиурын дээр тавьсан элсэн чихрийн сав руу харлаа. Ээж жимсний чанамал хийхээр хадгалж байгааг нь би мэдэж байсан л даа.

Би элсэн чихрийн талаар бодох тусам улам бүр өлсөж байв. Эцэст нь би сандал дөхүүлж, тавиур руу гараа өргөв. Хурууны маань үзүүр элсэн чихрийн саванд дөнгөж хүрч байлаа. Би савыг тавиурын ирмэг рүү татаж авчрав. …

Гэтэл сав тавиураас гулгаад уначих нь тэр! Би савыг барьж авах гэж оролдсон боловч талхны хөөсөн гурилын яг голд чанга дуу гарган унав. Элсэн чихэр хөөсөн гурил болон тавцангаар мөн шалан дээгүүр асгарав.

“Үгүй ээ!” хэмээн би хашхирлаа. Үүнээс болж дүү маань сэрээд, уйлж эхлэв. Би ч гэсэн уйлмаар байв. Ээж энэ эмх замбараагүй байдлыг хараад юу гэж хэлэх бол?

Би Жоныг тайвшруулсныхаа дараа элсэн чихрийг чадлаараа цэвэрлэлээ. Савыг нь гурилаас гаргаад, угааж цэвэрлэв. Би тавцанг бас шалаа ч цэвэрлэлээ. Гэвч талхны хөөсөн гурилаас элсэн чихрийг яаж ч гаргах боломжгүй байв.

Би савыг нь тавиур дээр буцааж тавих юм бол ээж хоосон гэдгийг нь анзаарахгүй өнгөрч магадгүй гэж бодлоо. Гэвч ингэх нь буруу гэдгийг би мэдэж байсан. Тиймээс би саваа ширээн дээр тавиад, ээж, аав хоёрынхоо ирэхийг хүлээлээ.

Ээж гэртээ ирээд, элсэн чихрийн савыг шууд олж харав.

Би сайн гэгч гүнзгий амьсгаа авлаа. “Би зүгээр л элсэн чихрээс амсах гэсэн юм. Тэгсэн чинь савыг нь тавиураас түлхээд унагаачихсан. Би цэвэрлэх гэсэн боловч талхны хөөсөн гурилаас салган авч чадаагүй” гэж шал ширтэн зогсож байхдаа дуржигнууллаа.

Ээж хэсэг зуур чимээгүй байв.

“Би их харамсаж байна” гэж би нэмж шивнэлээ.

Ээж санаа алдав. “За, за. Өнөөдрийн талх ч их чихэрлэг болох нь дээ” гэлээ. Би дээш харахад ээж над руу инээмсэглэн харж байлаа. “Бидэнд юу болсныг хэлсэнд чинь баярлалаа” гэв.

Тэр орой чихэртэй талхаа идэж суунгаа ээж, аав, бид гурав үнэнч шударга байхын талаар ярилаа.

Аав “Бид бүгдээрээ амьдралдаа олон алдаа гаргадаг. Гэхдээ бид үнэнч шударга байж, наманчлахыг хичээх юм бол Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр баярлана. Хэдийгээр эхлээд хэцүү мэт санагдаж болох ч бид үнэнч шударга байсныхаа төлөө үргэлж адислагдах болно” хэмээн аав хэлсэн юм.

Гэсэн ч би элсэн чихэр асгасандаа харамсаж байв. Миний гаргасан алдаанаас болж бид энэ жил хангалттай их жимсний чанамал хийж чадахгүй байх. Гэхдээ л би үнэнийг хэлсэндээ баяртай байв. Энэ сайхан мэдрэмжийг хэчнээн их элсэн чихэр байсан ч надад өгч чадахгүй байлаа. ●