2020
Ганцаардалтай тэмцэхдээ Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой хамтрах
2020 оны 12-р сар


Зөвхөн цахим хувилбараар: Залуучуудад зориулав

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой хамт ганцаардалтай тэмцэх

Та ганцаардсан үедээ амьдралдаа Эцэгийн болон Хүүгийн хайрыг оруулахаа бүү мартаарай.

Зохиогч нь АНУ-ын Юта мужид амьдардаг.

Харилцаа холбоо нь бидний насан туршдаа зорьж тэмүүлдэг зүйл билээ. Бид гэр бүл, найз нөхөд, хань ижилтэйгээ холбоотой байхыг хүсдэг. Технологийн ертөнцөд та хүн бүртэй холбогдсон гэж бодоход амархан. Энэ нь зарим талаар үнэн. Та бусадтай холбоотой байж, тэдний олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээрх нийтлэлийг харах боломжтой хэдий ч ингэх нь сэтгэл санааны хувьд гүн холбоотой байх боломжийг тэр болгон хангаж чаддаггүй.

Баяр ёслолын үеэр ганцаардал мэдрэх

Холбоо тасрах нь биднийг ганцаардал дунд орхиж болно. Мөн энэхүү ганцаардлыг жилийн турш мэдэрч болох ч баяр ёслолын өдрүүдээр бүр ч хүнд байдаг. Яагаад гэвэл, эдгээр өдрөөр бид хайр, баяр баясгалан дунд умбаж байх ёстой учраас ийнхүү ганцаардах нь харамсмаар зүйл юм. Гэвч бид гэр орон, хайртай хүмүүсээсээ алс хол байгаа болохоор эсвэл гэр бүлийнхэнтэйгээ хамт байгаа ч тэдэнтэй үнэндээ холбоотой биш учраас ганцаардаж болно.

Танд ганцаархнаа дэлхий ертөнцийн гадна байгаа мэт санагдах үед хоёр хүн үргэлж чиний төлөө байж байдаг гэдгийг санаарай. Та юуг ч туулж байсан бай, тантай үргэлж холбогдохыг хүсэж байдаг хоёр хүн бол Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр юм. Бид өөр хэнтэй ч хамаагүй холбогдохыг хүсэж, цөхрөнгөө барсан үедээ үргэлж Тэдэнд хандаж болно гэдгийг заримдаа мартдаг гэж би боддог.

Тэднийг оруулах

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой холбогдох талаар бодох үед нэлээн дээхнэ үед надад тохиолдсон явдал санаанд ордог.

Би цонхоороо бороо орохыг харж, дуу чимээ нь надад амар амгалан мэдрэмж авчрахыг хүлээн зогсож байлаа. Ер нь л борооны дусал газарт унах чимээг сонсоход анхаарлаа төвлөрүүлэх үед миний мэдэрч байгаа бусад бүх зүйл үнэ цэнтэй тэр хэдхэн хормын хугацаанд угаагдан алга болдог.

Би амар амгаланг мэдэрсэн ч энэ нь надад хангалттай санагдсангүй. Миний ихэнх бодол амьдралын эмх замбараагүй байдалд гацсан хэвээр байсан. Яагаад энэ нь сэтгэлээ засахад маань тус болохгүй байсныг би ойлгоогүй.

Хэдэн минутын дараа нэг бодол зурсхийлээ. Би бороог өөртөө оруулахгүй байгаа юм байна. Ингэж бодоод би цонхоо дэлгэж, бороо шаагих чимээнд умбасан юм. Тэнд би эрж байсан амар амгалангаа олсон. Бороо шаагих зөөлөн чимээг сонсоход толгойд эргэлдэж байсан бусад бүх бодол сарнин алга болов.

Тэнд хэсэгхэн зогссоны дараа нэг асуулт санаанд минь орж ирлээ. Би Бурхан, Аврагч хоёрыг амьдралдаа оруулж байна уу?

Үүнд өгөх бэлэн хариулт байсангүй. Энэ талаар би урьд нь боддоггүй байжээ. Гэвч энэ бодлыг эргэцүүлэх тусам улам бүр утга учиртай болж байсан. Бороог өөртөө оруулахад амар амгаланг авчирсан бол Тэнгэрлэг Эцэгээ болон Аврагчаа амьдралдаа оруулах нь надад улам их амар амгаланг авчирч чадна.

Зүрх сэтгэлээ Бурханд нээх

Аврагч, Тэнгэрлэг Эцэг хоёрыг оруулах нь зөвхөн эхний алхам байлаа. Би Тэдэнд зүрх сэтгэлээ нээх ёстой байв. Анх цонхны цаанаас борооны чимээг сонсоход дуу нь намссан байсан тул миний хүсээд байсан бүрэн амар амгаланг өгөөгүй. Мөн цонхыг нээж, борооны чимээг бүрэн оруулаагүй бол би мэдэрсэн тэр зүйлээ мэдрэхгүй байх байлаа.

Мөн үүнтэй төстэй зүйл миний амьдралын бүх “цонхонд” хамаатай. Хэрэв би бүгдийг нь хаагаад, түгжчихвэл яаж Бурханыг жинхэнээсээ хүлээн авч, Тэдэнтэй харилцаа тогтоож чадах билээ? Яаж би Сүнсийг мэдэрч, Тэдний хайрын амар амгаланд умбаж чадах билээ?

Бүх цонхоо нээх хэрэгтэй гэж хэлэх нь хийхээсээ амархан. Би Сүнснээс холбоо тасарсан мэт мэдрэмжийг мэдэрч байхдаа миний холбоог юу таслаад байгааг олж мэдэх ёстой гэдгийг ойлгосон. Ихэнх тохиолдолд энэ нь утаснаасаа үргэлж салахгүй байх мэтийн жижиг зүйлс байдаг. Эсвэл уншвал зохих хэмжээгээр судруудаа уншихгүй байх юм уу Тэдний хүслийг мэдэхийг эрэлхийлэхийн оронд өөрийн хүслийг дагахаар шийдэх явдал байдаг. Эсвэл Тэнгэрлэг Эцэг миний залбиралд хариулахгүй байна гэж бодсон учраас өөрийнхөө бүх зовлон бэрхшээлд түүртэж, Тэднээс зай барьдаг.

Сүнсийг мэдрэхэд саад болж буй зүйлийг тогтоосны дараа би тэдгээр зүйлийг нэг нэгээр нь үгүй болгохоор шийдэж чадна. Тэнгэрлэг Эцэгийн болон Аврагчийн хайранд хүрээлүүлж буйгаа мэдрэх хүртлээ би цонхнуудаа бага багаар онгойлгож, Тэднийг урин залж чадна.

Бид хэзээ ч ганцаараа биш гэдгээ мэдэх

Ялангуяа Христийн мэндэлсний баярын үеэр ганцаардал харанхуй бөгөөд хэзээ ч дуусашгүй мэт санагдаж болно. Бууж өгөхийг хүсэх тэр мөчүүдэд бид өөрсдөдөө ганцаараа биш гэдгээ сануулах ёстой. Бид зүгээр л Тэднийг оруулах хүсэлтэй байх ёстой.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд “Есүс цор ганцаараа тийм урт замыг туулсан учраас бид туулах шаардлагагүй болсон. Түүний ганцаар хийсэн аялал бидэнд өөрсдийн маань богинохон замд агуу нөмөр нөөлөг авчирсан билээ”1 гэж заасан.

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр үргэлж бидний төлөө байдаг. Тэд Христийн мэндэлсний баяраар төдийгүй өөр бусад үед ч биднийг зүрх сэтгэл, амьдралаа Өөрсдөд нь нээхийг тэвчээртэй хүлээж, бидэн рүү гараа сунгаж байдаг.

Эх сурвалж

  1. Жэффри Р.Холланд, “Түүнтэй хамт хэн ч байсангүй,” Ensign эсвэл 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 86.