2020
Моронайгаас авах амьдралын гурван сургамж
2020 оны 12-р сар


Моронайгаас авах амьдралын гурван сургамж

actor portraying Moroni

Мормоны Ном нь эхнээсээ дуусах хүртлээ хүчирхэг мөнхийн үнэн, гайхалтай амлалт, сургамж, Есүс Христэд итгэх итгэлийн урамтай жишээнүүдээр дүүрэн байдаг. Хамгийн сайхан нь энэ бүхэн үнэн!

Гэхдээ бид номын төгсгөлд ирж, Моронайн бүлгүүд дээр очих үед тэрээр хамгийн хүчирхэг үнэнүүд, амьдралыг өөрчлөх сургамжуудыг өгсөн байдаг! Моронай Мормоны Номыг өөрийнхөө гайхалтай гэрчлэл, Христэд ирж, үнэнийг өөрийн биеэр мэдэхийг эрэлхийлэх хувийн урилгаараа төгсгөдөг. Гэхдээ энэхүү гайхалтай номын сүүлийн бүлгүүд дэх хүчирхэг мэдэгдлийн дундаас авч болох, амьдралыг өөрчлөх гурван нэмэлт сургамжийг оруулав.

1. Барианаас цаашхыг хар

Хэцүү ч гэсэн үр шимтэй төслийн ард гарахад сэтгэл ханамж авдаг. Тухайлбал: эвлүүлдэг тоглоомын хамгийн сүүлийнхийг тавих эсвэл сургууль дээрээ хамгийн шилдэг төслийг хийх гэх мэт.

Моронай Ифер номон дээр өгүүлсэн жаредчуудын уналтыг цэдэглэснийхээ дараа, Мормоны Номд оруулах хувь нэмрээ ийнхүү дуусгаж байна гэж бодсон. Тэр номоо “Эдүгээ би, Моронай, Жаредын хүмүүсийн шастирыг хураангуйлахаа төгсгөл болгосныхоо дараа, би өөрийг бичнэ хэмээн бодсонгүй, гэвч би хараахан мөхөөгүй байна” (Моронай 1:1) гэж эхлүүлдэг.

Тэрээр амьд үлдсэн явдлаа таны гайхлыг бодсоноос чинь ч илүүгээр төрүүлсэн байж болох юм. Эцсийн эцэст тэр дайснуудынхаа хаа сайгүй холхисон газраар, ганцаархнаа хэрэн хэсэж байв.

Түүнд хүссэн бүхнээ хийх цаг байсан. Моронай ердөө арван бүлэгт ихийг багтааж чадсан. Түүний бичсэн үнэнүүдэд багш, санваартнуудыг томилох арга, ариун ёслолын заавар (мөн ариун ёслолын залбирлууд), Сүмийн цуглааныг хэрхэн явуулах, итгэл, найдвар, энэрлийн талаарх эцгийнх нь хүчит үг, Мормоны Номын үнэний талаарх хувийн илчлэлтийг хэрхэн хүлээн авах тухай бидэнд заасан Моронай 10:3–5 дээрх ариун нандин амлалт зэрэг нь багтдаг. Гайхалтай!

Моронай бичнэ гэж огт төлөвлөөгүй энэхүү 10 бүлэгтээ Мормоны Номын ирээдүйн уншигчдад зориулан чухал үнэнийг нэмсэн.

Бид бүгдээрээ түүний жишээнээс суралцаж болно. Дараа нь төлөвлөж байснаас тань илүү их цаг зав гарвал эсвэл та чадлынхаа хэрээр шаргуу ажилласан, аль хэзээний хийж амжуулсан гэж бодож байвал хувь нэмэр оруулж болох ямар зүйл байгааг мэдэхийн тулд залбирч, тунгаан бодох нь зүйтэй болов уу?

Эцсийн эцэст Моронайн хийсэн бүгдийн ачаар бүх дэлхий адислагдсан билээ.

2. Чулуун хайрцгийг сана

replica of stone box with gold plates inside

Хэрэв та дуртай жимсний модоо арынхаа цэцэрлэгт ургуулахаар шийдсэн бол зүгээр нэг тэвчээр гаргах нь хангалтгүй. Жилийн хамгийн тохиромжтой цагт хамгийн сайн ургадаг нөхцөлд тарьсан ч хичээл зүтгэл гарган байж анхныхаа үр жимснээс хүрттэл хэдэн ч жил өнгөрч магадгүй.

Гэхдээ энэ нь хийх боломжтой, тийм үү? Эцсийн эцэст хүлээж чадсан хүнд сайн зүйлс ирдэг. Та бүр хэдэн арван жил ургаж байж бүрэн ургадаг өөр мод (чидун жимсний мод адил) тарьсан байлаа ч үр хүүхэд, ач зээ тань үр шимийг нь хүртэнэ гэж бодож сэтгэл ханамж авч болно.

Гэвч та нарын дунд хэн ч Моронай шиг хүлээхгүй. Аавынх нь бүхий л амьдралын бүтээл байсан, аавыгаа нас барсны дараа хүлээн авсан ажлын үр жимсийг Моронай мөд хүртэхгүй байлаа. 10 жилд ч хүртэхээргүй байсан. Бүр мянган жилдээ ч хүртэхгүй байв. Мормон “Эдгээр зүйлс нь Иаковын угсааны үлдэгдэлд бичигдсэн бөлгөө … мөн тэдгээр нь түүний зохих цагт урагш ирж болохын тулд Их Эзэний төлөө далдлагдах ёстой” (Мормон 5:12; тодотгол нэмэгдсэн) хэмээн бичсэн.

Моронай энэ ажил яг хэзээ гарч ирэхийг мэдэхгүй байсан ч энэ нь нэлээд их хугацаа өнгөрсний дараа хэрэгжинэ гэдгийг сайн мэдэж байсан байх. Тэрээр бидний энэ цаг үеийг үзэгдлээр харж, оршин байх тодорхой нөхцөл байдлын талаар бошиглосон (Мормон 8:35-ыг үзнэ үү).

Моронай энэ бүхнийг өөрийн гэр бүл, найз нөхөд, танил хүмүүсийн сайн сайхны төлөө хийгээгүй гэдгийг бид баттай мэднэ. Бичиж буулгасан хамгийн зүрх шимшрэм үгсийн нэгэндээ Моронай “Би ганцаараа. Миний эцэг, мөн миний бүх төрөл садан тулалдаанд хөнөөгдсөн, мөн би найз нөхөдгүй мөн явах газаргүй боллоо; мөн намайг хэр удаан амьдарч болно хэмээн Их Эзэн зөвшөөрөхийг би мэдэхгүй” (Мормон 8:5) гэжээ.

Тэр гэр бүлээ бүхэлд нь, найз нөхдөө бүгдийг нь, соёл иргэншлээ тэр чигээр нь алдсан байлаа. Мөн тэр цэдгээ бичиж дуусаад, олон зуун жилийн турш гэрэлд гарч ирэхгүй ариун цэдгийг лацдахаар чулуун хайрцаг бүтээв.

Зөв шударга амьдрах нь дэлхийд эерэг өөрчлөлт авчирдаг. Заримдаа эдгээр усны дусал үр дүнгээ өгтөл олон үе өнгөрдөг. Гэвч Моронай Бурханы цаг хугацаанд үргэлж найдахыг бидэнд заасан. Бид зөвхөн өөрсдийн хийх ёстой зүйлийг л хийх хэрэгтэй.

3. Мөнхийн талаас хар

actor portraying Moroni walking alone through a field

Юманд бодитоор хандацгаая. Зовлон бэрхшээл тохиолдож, амьдрал шударга бус, заримдаа бүх зүйл зовлонтой байх үе бий. Ялангуяа зовлонг туулаад гарлаа гэж бодох яг тэр үед зовлон солирын бороо адил дээрээс асгаран нүдэж, газарт унагаах тэр мөчид амьдрал бүр дэндүү хүнд санагддаг.

Бид сэтгэлийн хямрал, гутралд орж, хайртай нэгнээ алдаж эсвэл өөр саад бэрхшээлтэй тулгарах үед итгэл найдвараасаа зууран барих нь заримдаа хэцүү байж болох юм. Ийм хүнд үед “Үүнээс илүү доор орох аргагүй болов уу?” гэж бодох амархан.

Моронайн хувьд ийм л зүйл тохиолдсон. Амьдралынх нь сүүлийн цаг мөчид үнэхээр хүнд байсан байх. Бид урагшлах эсвэл итгэл найдвараас зууран барих шалтгаан байхгүй мэт санагдах үедээ түүний ийм их зовлон шаналал амсаж байсан ч гуйвшгүй итгэлтэй байж чадсан жишээнээс суралцаж болно.

Зарим нь Моронайг эмгэнэлтэй амьдрал туулсан хэмээдэг. Хэдийгээр тэр итгэлтэй байсан ч хайртай бүх хүнээ алдсан. Тэр соёл иргэншлээсээ үлдсэн хамгийн сүүлийн хүн байсан. Мормон цэдгээ дуусгаж амжилгүй амиа алдсан тул тэр эцгийнхээ цэдгийг дуусгах хэрэгтэй байв. Судрын номоо бичих үед леменчүүд Моронайг мөшгөн хөөж, тэр амиа аврахаар зугтаж байлаа.

Ийм байдал хэчнээн аймаар, найдвар алдам болохыг та төсөөлж байна уу? Хэн нэгэнд Моронайд тохиолдсонтой адил сорилт бэрхшээл тулгарсан бол итгэл алдарч, Христийг үгүйсгэж, аймшигт нөхцөл байдалдаа Тэнгэрлэг Эцэгийг буруутгахад уруу татагдах байсан биз. Гэвч Моронай тэгээгүй.

Харин ч Моронай эцсээ хүртэл тэсэж үлдсэн (Моронай 1:3-ыг үзнэ үү). Мөнхийн талаас харах чадвартай байсан нь сорилт бэрхшээлээ давж гарахад түүнд тусалсан. Тэр юу үнэн гэдгийг мөн Аврагчид болон Тэнгэрлэг Эцэгтээ итгэвэл юу ч тохиолдсон бай, амлагдсан бүх адислал нь хэзээ нэгэн өдөр биеллээ олж, Есүс Христийн хүчээр болон Түүний Цагаатгалын адислалуудаар аврагдахаа мэдэж байсан (Моронай 10-ыг үзнэ үү).

Энэ бол хүчирхэг гэрчлэл байв.

Үүнээс илүү дордоно гэж юу байхав гэж бодогдох үед бид мөнхийн талаас харах чадвартай байж, Моронайн адил итгэлээ хөгжүүлснээр тайтгарч чадна. Ийн хийж чадвал бид “[Христийн] хувьд зохистой болох аливаа зүйлийг хийж чадна” (Моронай 10:23) хэмээн бидэнд амласан. Тэнгэрлэг Эцэг бидэнтэй хамт байгааг бид мэдэх боломжтой. Түүний аз жаргалын төлөвлөгөө мөнх бус амьдралд тохиолдох эмгэнэлт явдал бүрийг даван туулах арга замыг бидэнд гаргаж өгнө гэдэгт бид итгэлтэй байж болно. Бид бас өөрсдийгөө гэрэл гэгээ, баяр баясгалан, Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний адислалуудаар хүрээлүүлж чадна.

Биднийг мөнхийн талаас харах үед үргэлж итгэж найдах учир шалтгаан бидэнд байх болно. Хэзээ нэгэн цагт “Үүнээс сайн зүйл гэж юу байх билээ?” гэж хэлэх өдөр ирнэ гэдэгт бид итгэлтэй байж болно.