Зөвхөн цахим хувилбараар: Залуучуудад зориулав
Ирээд, Намайг дага гарын авлагыг бие даан судлахад хэцүү байна уу? Шинэ онд хэрэглэх зарим зөвлөгөөг дурдав
Танд Ирээд, Намайг дага гарын авлагаас бүх зүйлийг авч чадаж байгаа гэж бодогдохгүй байна уу? Бид танд тусалъя!
Дараа жил, 2021 он нийт Сүмийн хувьд Ирээд, Намайг дага гарын авлага гарснаас хойш гурав дахь жил болно. Бид бүгд одоо уг гарын авлагыг сайтар судалж эзэмшсэн байх ёстой. Тийм үү?
Хэрэв та над шиг бол энэ асуултад “Хараахан үгүй!” гэж хариулах байх. Үүнд санаа зовох хэрэггүй!
Ирээд, Намайг дага нь хүн бүрд зориулсан гарын авлага боловч заримдаа хамт судлах хүмүүс байхгүй үед ойлгоход хэцүү байж болно. Ганц бие насанд хүрэгчдийн хувьд яах вэ? Өөрөө өөртэйгөө яаж ярилцах ёстой вэ? Хэрэв хамт амьдардаг найзууд тань оролцохыг хүсэхгүй бол яах вэ?
Ирээд, Намайг дага гарын авлагаа судлахад нь бүгдэд туслахын тулд бид таны бүтээлч чадварыг өдөөх санаануудыг эмхэтгэн жагсаалаа.
-
Ирээд, Намайг дага бүлгүүд—Тухайн долоо хоногтоо Ирээд, Намайг дага гарын авлагад заасан судруудыг хэлэлцэхийн тулд найз нөхдөө эсвэл гэр бүлийнхнээ биеэр нь эсвэл онлайнаар цуглуулаарай. Долоо хоног бүр виртуал байдлаар эсвэл биечлэн уулзах газар болон цагийг товлоно уу. Та бүхэн долоо хоногийн туршид ойлгосон зүйлээ нэг нэгэнтэйгээ хуваалцахдаа бүлгийн зурвасыг эсвэл чаатыг ч хүртэл хэрэглэж болно.
-
Гэр бүлийн үдэш—Гэр бүлээрээ эсвэл ганц бие хүмүүсийн тойрогт гэр бүлийн үдшийг явуулахаар (виртуал эсвэл биечлэн) төлөвлөхдөө, тухайн долоо хоногийн Ирээд, Намайг дага уншлагатай холбож болох хичээл, үйл ажиллагааны талаар бодно уу. (Гэр бүлийн үдшийн зарим жишээ санааг доороос үзнэ үү.)
-
Утасны сануулга—Олон залуу ганцаараа эсвэл цөөхөн хүнтэй хамт амьдардаг. Хамт суралцах гэр бүлгүй үед заримдаа Ирээд, Намайг дага гарын авлагаа өдөр бүр нээх тухай санахад ч хэцүү байж болно. Өөрт хэрэгтэй, түлхэх хүчийг өгөхийн тулд утсан дээрээ сануулга эсвэл сэрүүлэг тавиад үзнэ үү.
-
Мэдээллийн хэрэгслийн эх сурвалж—Сүмээс танд Ирээд, Намайг дага гарын авлагыг судлахад тань туслахын тулд олон янзын мультимедиа эх сурвалжийг санал болгодог. Эдгээрт Ерөнхий чуулганы үгс (бичвэр, аудио, видео бичлэг), Бригам Янгийн Их Сургууль дээр хэлсэн үгс (бичвэр, аудио, видео бичлэг), Сүмийн подкастууд (аудио, видео бичлэг), Сайн мэдээний бусад медиа (видео бичлэг, зураг, хөгжим, аудио бичлэг) орно. Эдгээр бүх эх сурвалжийг Сүмийн аппликэйшнүүд (Gospel Library, Gospel Media), ChurchofJesusChrist.org болон speeches.byu.edu вэбсайтаас олж авах боломжтой бөгөөд та үзэхэд хамгийн тохиромжтой төрлийн медиагаа хэрэглээрэй!
-
Хуваалцах—Сайн мэдээнээс суралцсанаа гүнзгийрүүлэх хамгийн сайн аргуудын нэг бол сурч мэдсэн зүйлээ хуваалцах арга юм. Биеэр болон тэмдэглэл, бичвэр хэлбэрээр мөн утсаар эсвэл бүр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хуваалцаарай. Яриаг улам бүр өрнүүлнэ үү.
2021 онд бид Ирээд, Намайг дага гарын авлагаас Сургаал ба Гэрээг судлах болно. Ялангуяа энэ судрын номыг судлах зарим санааг дурдвал:
-
Revelations in Context—Revelations in Context номд Сургаал ба Гэрээнд ярилцсан хүмүүсийн болон нөхцөл байдлын талаарх суурь мэдээлэл агуулагдсан болно. Та энэ номыг Gospel Library аппликэйшнээс болон ChurchofJesusChrist.org вэбсайтаас олж авч болно.
-
Ирээд, Намайг дага гарын авлагын нэмэлт нийтлэлүүд—Сар бүр Сүмийн сэтгүүлүүдэд Ирээд, Намайг дага гарын авлагыг судалж, мэдлэгээ батжуулахад туслах нэмэлт нийтлэлүүд нийтлэгддэг. Та Gospel Library аппликэйшн, ChurchofJesusChrist.org вэбсайт болон хэвлэмэл сэтгүүлээр дамжуулан эдгээр сэтгүүлийг үзэж болно.
-
“Сургаал ба Гэрээ” Сайн мэдээний сэдвүүдийн эсээ—Сүмийн сайн мэдээний сэдвүүдийн эсээ Сүмийн түүхийн олон сэдэв, үүний дотор Сургаал ба Гэрээнд байдаг. Эсээ тус бүрд тухайн сэдвийн товч тайлбар болон холбогдох ерөнхий чуулганы үг, судар, Сүмийн бусад мэдээллийн хэрэгслийн холбоос ордог. Та Сургаал ба Гэрээний тухай эсээг (болон бусад олон эсээг) ChurchofJesusChrist.org/topics вэб хуудаснаас болон Gospel Library аппликэйшнээс олж болно.
-
Гэгээнтнүүд: Есүс Христийн хожмын үеийн Сүмийн түүх, 1, 2-р боть—Сүмийн түүхчдийн бичсэн шинэ Гэгээнтнүүд номуудад Сүмийн эхэн үеийн гишүүдийн түүхүүд орсон бөгөөд уншихад маш тохиромжтой үргэлжилсэн үгийн форматаар бичигдсэн болно. Та эдгээр номыг Gospel Library аппликэйшн дээр унших юм уу сонсож болно (эсвэл хэрэв хүсвэл бодит хувийг худалдан авч болно) эсвэл ChurchofJesusChrist.org вэбсайт эсвэл Latter-Day Saints Channel аппликэйшн дээр Гэгээнтнүүд подкастыг сонсох юм уу үзэж болно.
Бид бүгд амьдралын өөр өөр нөхцөл байдалд байдаг боловч Есүс Христийн сайн мэдээ хүн бүрд зориулагдсан байдаг нь сайхан! Ирээд, Намайг дага гарын авлага бидэнд сайн мэдээг судалж, өөрсдийн амьдрал, нөхцөл байдалд хэрэгжүүлэхэд тусалж чадна. Ирээд, Намайг дага гарын авлагыг ашиглахын эцсийн зорилго тэнд заасан суралцах үйл ажиллагааны санаа бүрийг гүйцэтгэхэд оршихгүй. Харин бид судруудад буюу Бурханы үгэнд эзэмдүүлэхийг эрэлхийлэх хэрэгтэй.
Магадгүй, энэ жагсаалтад таны нөхцөл байдалд таарах ганц хоёр санаа орсон байж болно эсвэл эдгээр санаа танд Ирээд, Намайг дага гарын авлагыг хэрхэн судлах талаар өөрийн хувийн илчлэлтийн урам зоригийг өгсөн байж болно. Аль нь ч байлаа гэсэн бүү бууж өг, “санаа бодол болгондоо [Их Эзэн] уруу харагтун; бүү эргэлз, бүү ай” (Сургаал ба Гэрээ 6:36).