2020
Христийн мэндэлсний баярын уламжлалын адислал
2020 оны 12-р сар


Христийн мэндэлсний баярын уламжлалын адислал

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

Христийн мэндэлсний баярын өдрүүдийг шинэ байрандаа өнгөрүүлэхэд онцгой зүйл байгаагүй ч санваарын нэгэн адислал бүх зүйлийг өөрчилсөн юм.

girl receiving a priesthood blessing

Зураг чимэглэлийг Трэйси Вокэр

Би 14 настайдаа Христийн мэндэлсний баярыг хамгийн анх удаа цасгүй өнгөрүүлж билээ. Гэр бүл маань дөнгөж Ютагийн уулс дундаас АНУ-ын Техаст нүүж ирээд байв. Миний хувьд Техас дэндүү хавтгай, халуун газар санагдсан. Шинэ сургууль дээр найз нөхөд байхгүй, ялангуяа газар дээр ямар ч цасгүй байхад Христийн мэндэлсний баярын уур амьсгалыг мэдрэх хэцүү байв. Надад хаана ч таарч тохирохгүй байгаа мэт санагдаж байсан тул би үе үе ганцаардаж, гуниглаж байв.

Гунигтай байсан ч Христийн мэндэлсний баяр болоход долоохон хоног үлдээд байсан ба гэр бүлийн маань Христийн мэндэлсний баярын уламжлал сэтгэлийг минь сэргээж магад гэж би найдаж байлаа. Манай гэр бүлийн олон жил хийсээр ирсэн хөгжилтэй үйл ажиллагаануудад би их баяртай байдаг байв. Уламжлал манай гэр бүл Христийн мэндэлсний баяраа хэрхэн тэмдэглэж ирсэн явдлын томоохон хэсэг байсан тул би юунд ч санаа зовох хэрэггүй гэж бодож байв. Тэдгээрийг яагаад уламжлал гэж нэрлэсэн нь учиртай байсан тул үргэлжлүүлэн хийнэ гэдгийг би мэдэж байв.

Христийн мэндэлсний баярын уур амьсгалыг авч үлдэх

Христийн мэндэлсний баярын өмнөх өдөр хоног удаан өнгөрч байлаа. Бид гэр бүлээрээ хамтдаа тэмдэглэх ямар ч зүйл хийхгүй байсанд би нэлээд сэтгэл дундуур байв. Христийн мэндэлсний баярын өмнөх өдөр ч болж, ариун нандин уламжлалуудаа шинэ гэртээ ч гэсэн авч үлдэнэ гэдгийг надад харуулах ямар нэгэн зүйл болохыг би өдөржин хүлээлээ. Би эдгээр үнэ цэнт уламжлалаа өөрөө эхлүүлж болох байсан ч тэгэхийг хүссэнгүй. Нэг талаас би Христийн мэндэлсний баярын уур амьсгал хэвээр байгааг батлах ямар нэгэн зүйлийг хүлээж байлаа.

Өдөр өнгөрч, нар хэвийхэд би илүү их бухимдаж эхлэв. Гэрийнхнийгээ оройн залбирал хийхээр цугларах үед нүдэнд минь нулимс хурлаа. Гэрт хүмүүс амьдарч байсан ч бүхэлдээ л нэг хүйтэн, хөндий оргиж байв. Гэнэт аав нэг асуулт тавьж, нам гүм байдлыг эвдлээ.

“Санваарын адислал авах хүн байна уу?” гэж тэр асуув.

Зүрх минь түр цохилохоо болих шиг санагдлаа. Би Христийн мэндэлсний баярын гэрлээ асааж, баярын жигнэмэг хийх зэрэгт хэт их санаа зовж байсан болохоор Христийн мэндэлсний баярын өмнөх орой хийж дадсан нэгэн онцгой уламжлалаа буюу бүгдээрээ авдаг санваарын адислалын талаар мартсан байв. Ааваасаа адислал авах нь өмнө нь намайг үргэлж тайтгаруулдаг байсан ч гэрийн маань бүх хүн адислал авах дуртай байгаагүй. Заримдаа ээж, ах дүү нар маань адислал авах хэрэггүй гэж бодож байна гэж хэлдэг байсан. Надаас бусад нь авахгүй гэвэл сэтгэлээр унах тул би тэгтлээ найдвар тавихыг хүссэнгүй.

Харин энэ удаа арай өөр байлаа. Ээж босож, аавын авчирсан сандал дээр суув.

“Би авъя” гэж тэр аяархан хэллээ.

Бид маш их гайхсан ч аав огт эргэлзсэнгүй. Аав ээжийн толгой дээр гараа тавиад, ярьж эхэллээ. Аав маань ээжийн сэтгэл санаа, хувийн асуудлыг үнэхээр сайн мэдэрч байгааг би мэдэрсэн. Тэр түүнд энэ өөрчлөлт шилжилтийн үеэр даван туулахад туслах тайтгарал, амар амгаланг өгөх үгсийг хэлэв.

Гэнэт хэн нэгэн миний цээжин дотор шүдэнз асаасан мэт шатахыг би мэдэрлээ. Цээжинд шатах мэт энэ мэдрэмж урьд өмнө нь мэдэрдэг байсан Сүнсний мэдрэмжтэй маань адилхан байгаагүй ч энэ нь Ариун Сүнс байсныг би мэдэж байв. Энэ нь миний санваарын адислал байгаагүй ч Тэнгэрлэг Эцэг маань надтай шууд ярьж байгаа мэт санагдаж билээ!

Аавыг “амен” гэж зөөлөн хэлэхэд, би нулимс дүүрэн нүдээ нээн, гэрийнхэн маань бүгд уйлж байгааг харсан юм. Сүнс бидэнд хандан, бүх зүйл сайн сайхан болно хэмээн хайраар дүүрэн намуун зөөлөн арга замаар ярихыг бид бүгдээрээ сонссон байлаа. Аав, ээж хоёрыг тэврэлдэхэд урт хугацаанд миний толгой дээр хурсан борооны үүл эцэстээ сарнин алга болох шиг санагдсан.

Би ч бусад маань ч бүгд адислал авсан юм. Миний адислал дээр Их Эзэн намайг үргэлж харж ханддаг бөгөөд намайг жаргалтай байгаасай гэж хүсдэгийг батлав. Энэ нь надад Техаст ирснээс хойш мэдрээгүй амар амгалан, халуун дулаан мэдрэмжийг өгсөн.

Санваарын хүч бол бодит

Бид тэр жил бүх уламжлалаа дагаагүй ч аавын маань санваарын адислалаар дамжуулан Бурханы хүч хэрхэн урсан орж ирэхийг гэрчлэх ямар санагдсаныг огтхон ч мартаагүй. Энэ нь хэрхэн миний уйтгар гунигийг амар амгалан, баяр баясгалангаар сольсныг би үргэлж санах болно. Би бас санваарын хүчийн талаар үнэ цэнтэй сургамж авсан. Эргэн тойронд тань бүх зүйл буруугаар эргэж байгаа мэт санагдах үед санваарын адислал Их Эзэн таны амьдралыг харж хандан, таныг хайрладгийг танд сануулах болно.