Зөвхөн цахим хувилбараар
Аравны нэгийн чимээгүй адислалууд
Аравны нэгийг төлснөөр миний хүлээн авах адислалууд тэнгэрээс манна шиг унахгүй ч адислалууд ирдэг гэдэгт зүгээр л итгэлтэй байдаг.
Аравны нэгийг төлсөн тухай гэрчлэлүүдийг сонсох бүрд эдгээр нь үргэлж гайхамшигтай, дэлхийг донсолгосон туршлагуудыг багтаадаг мэт санагддаг.
Эдгээр гэрчлэлд би талархаж байгаа ч урьд өмнө ийм туршлагатай хэзээ ч учирч байгаагүй.
Гэхдээ Сүнс миний толгойг огт тоншиж байгаагүй ч адислал үргэлж илүү чимээгүй ирдэг.
Би аравны нэгээ үргэлж төлсөөр ирсэн. Анх эцэг эх маань намайг төлөөсэй гэж хүсэн хүлээдэг байсан учраас би аравны нэгээ төлдөг байсан. Харин дараа нь би коллежид ороод, аравны нэгээ төлөх урам зоригтой болсон учраас аравны нэгийг төлөхгүй байх талаар хэзээ ч бодож байгаагүй. Дараа нь би гэрлээд, анх хүүхэд төрүүлэх үедээ Есүс Христэд итгэж байсан бөгөөд аравны нэгээ бүрэн төлснөөр ирэх адислалын талаар бат гэрчлэлтэй байсан учраас үргэлжлүүлэн төлсөн.
Намайг аравны нэгээ төлөхөд аливаа юм өөрөө бүтчих шиг болдог. Бид үргэлж хангалттай хоол хүнстэй байдаг. Юм миний бодсоноос арай хямд болох буюу хямдрал, купон олддог. Мэдээж хэрэг, би үүний төлөө ажиллах ёстой. Үүнд хичээл зүтгэл, итгэл шаардагдана. Бид хэмнэж, даруухан хэрэглээтэй байн, төсөвлөж амьдардаг. Гэвч эцсийн эцэст би аравны нэгээ төлөөд, чадах бүхнээ хийж, үлдсэнийг нь Бурханы мутарт даатгасан учраас бүх юм болж бүтнэ гэдгийг үргэлж мэддэг.
Би өөрийнхөө туршлагын талаар, тухайлбал яагаад аравны нэгийн талаар хүчтэй гэрчлэлтэй байснаа эргэж бодоход нэг сонирхолтой зүйл санаанд оров. Ямар ч байсан миний хувьд аравны нэгийн адислалууд тэнгэрээс унах манна шиг байгаагүй. Надад мөнгөний чек зүгээр шуудангаар ирээд л эсвэл надад ямар нэг юм авчирмаар санагдсан хүн гэнэт хоол өгөөд л байсан тохиолдол байхгүй. Энэ нь Есүс 5000 хүнийг хооллодогтой илүү төстэй юм (Матай 14:14–21-ийг үзнэ үү). Нэг залуу өөрт байсан бүх хоол хүнсээ өгчээ. Аврагч Бурханд талархаад, бүх хүнийг ердөө таван талх, хоёр загасаар хоолложээ. Гайхамшигтай нь хүн бүр цадаж, цаана нь хоол илүү гарчээ.
Зарим долоо хоногт гэр бүлээ тэжээх хэрэгтэй учраас би өөрөө юу идэхээ сайн мэдэхгүй байх үе тохиолдож байлаа. Гэвч яаж ийгээд л идэх юм үргэлж хангалттай олдож байдаг. Хоол хүнс зүгээр л алга болчихдоггүй. Харин би ч, нөхөр маань ч багахан хоолонд л сэтгэл ханадаг. Би нэмэлт мөнгө олддоггүй боловч байгаа мөнгөө аль болох илүү их зүйлд хүргэж чаддаг.
Тэнгэрлэг Эцэг бидэнтэй хэрхэн ажиллаж, бидэнд хэрэгтэй зүйлийг хэрхэн зохицуулдаг нь гайхалтай. Хүн болгон өөр. Хүн бүрийн хэрэгцээ өөр. Тиймээс бидний адислалууд бас өөр. Тэр бидний материаллаг болон сүнслэг хэрэгцээг хоёуланг хэрхэн мэддэг нь гайхалтай. Би аравны нэгээ төлснөөр адислагдсан. Энэ тухай та нарыг мэдээсэй гэж би хүсэж байна.