2020
Хэрхэн олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээр байгаа ч дотор нь орохгүй байх вэ
2020 оны 12-р сар


Зөвхөн цахим хувилбараар: Залуучуудад зориулав

Хэрхэн олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээр байгаа ч дотор нь орохгүй байх вэ

Олон нийтийн мэдээллийн хэрэгслийг сайн талаар ашиглаж сурсан хэдэн аргаа доор дурдлаа.

Бид ирээдүйн төгс байшингаа мөрөөдөх, оо энгэсгээ хэрхэн өө сэвгүй харагдуулах эсвэл өмнө нь хамт ажилладаг байсан хүнийхээ явсан амралтад байсан ч болоосой гэж хүсэх зэргээр заримдаа олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд хэт автах гээд байж магадгүй гэж би боддог. Олон нийтийн мэдээллийн хэрэгслийг олон сайн зорилгоор ашиглаж болох ч энэ нь мөн бидний өөртөө итгэх итгэлийг алдагдуулж, бидний хүлээлтийг арай жаахан өндөрсгөж, бусдад атаархах сэтгэлийг нэмэгдүүлэн бидэнд хор учруулж болно.

Би блогчин хүний хувьд олон нийтийн мэдээллийн хэрэгслийн эдгээр хортой үр дагаврын заримд онцгой өртөмтгий байснаа мэдсэн юм. Би олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээр байж болох ч олон нийтийн мэдээллийн хэрэгслийг өдөр тутмын амьдралынхаа анхаарлын төвд байлгахгүй байх арга замыг сурах ёстой байсан. Олон нийтийн мэдээллийн хэрэгслийг сайн талаар ашиглахад тусалдаг хэдэн зүйлийг дурдъя.

  • Өдөр бүр олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээр өнгөрөөх цагтаа хязгаар тогтоо. Эс бөгөөс минут нь цаг болж өсөн нэмэгдэнэ.

  • Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд орохдоо зорилготой бай. Хэрэв та олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд тодорхой зорилгогүй (жишээлбэл, та уйдсан учраас ямар нэгэн зүйл хийж цаг нөгцөөхийн тулд) орсон байвал ихэнх цагаа дэмий үрэх хамгийн их магадлалтай.

  • Илүү томоор дүрслэн харахаа сана. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээр буй олон хүн амьдралынхаа зөвхөн сайн сайхан талуудыг харуулж, байнга нар мандаж, солонго татсан амьдралтай мэт санагдуулдаг. Гэвч та бүгдийг нь хардаггүй. Тайзны ард тэдний амьдрал яг л таныхтай адил тайван биш байх магадлалтай. Өөрийгөө бусадтай бүү харьцуул. Танд бүх зүйл хангалттай ба та өөрөө өөртөө хангалттай. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Гари И.Стивэнсэн “Бид өөрсдийн илт дундаж амьдралыг бусдын олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээр тавьсан янзын сайхан засварлаж, төгс урлан бүтээсэн амьдралтай харьцуулах нь заримдаа урам хугарах, атаархах, амьдралдаа ямар нэгэн зүйлийг алдаж байгаа мэт азгүйтлийн мэдрэмж авч хоцроход хүргэдэг”1 хэмээн бидэнд сануулсан.

  • Сөрөг хандлагыг бүү дэвэргэ. Хэрэв таны сэтгэл санааг байнга унагаж байдаг зүйл байвал таалагдсан гэж дарахаа боль, дагахаа боль, найз байхаа боль. Та олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээр байсныхаа дараа сэтгэлийн дарамттай үлдэж болохгүй. Таныг болон таны өдөр тутмын амьдралыг сайн сайхан болгоход туслах хүмүүсийг болон юмсыг дага, нөхөрлө, таалагдсан гэж дар.

  • Бусдыг хайрлан, дэмжиж, урамшуулахыг эрэлхийл. Олон нийтийн мэдээллийн хэрэгслийг өөрийгөө сайхан харагдуулахад ашиглахын оронд хайрлагдсан, чухал хүмүүс болохыг нь бусдад мэдрүүлэх нийтлэл тавихыг хичээ. Сайн сайхныг түгээж хуваалц. Найз хэрэгтэй байж магадгүй мэт санагдах хүмүүсийг анзаарч, тэдний сэтгэл санааг өргөсөн зурвас хуваалцан, тэдэнд хүрч ажилла!

Ахлагч Стивэнсон мөн “Бонни Л.Оскарсон эгчийн бидэнд сануулснаар … , амьдралын амжилт хэдэн лайк авснаар эсвэл олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээрээ хэдэн “найз” эсвэл “дагагчтай” байснаар ирдэггүй. Харин амжилт нь бусадтай утга учиртай харилцаатай байж, амьдралдаа гэрэл нэмэхтэй холбоотой байдаг билээ”2 хэмээн өгүүлжээ.

Энэ нь олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглах үед бидний эцсийн зорилго байх ёстой.

Бид олон нийтийн мэдээллийн хэрэгслийг сайн мэдээний томруулдаг шилээр харж, эерэг байдлаар ашиглахыг эрэлхийлснээр харьцуулах, урам хугарах бодолд автаж гацахгүй. Үүний оронд бид олон нийтийн мэдээллийн хэрэгслээс сэтгэл санаа өргөх, сайн үйл хийх урам авна.

Эх сурвалж

  1. Гари И.Стивэнсон, “Сүнслэг хиртэлт,” Ensign эсвэл 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 46.

  2. Гари И.Стивэнсон, “Сүнслэг хиртэлт,” 46; мөн Бонни Л.Оскарсон, “Тусламж хэрэгтэй хүмүүс бидний өмнө байна,” Ensign эсвэл 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 25.