2020
Зөв шударгаар шүүх (олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээр ч гэсэн)
2020 оны 12-р сар


Залуучуудад зориулав

Зөв шударгаар шүүх (олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээр ч гэсэн)

Бид Аврагчийн тусламжтайгаар, Түүний биднээс хүсдэг арга замаар шүүж сурах боломжтой.

four young adults holding their phones

“Бүү шүү.”

Бид өнөө үед энэ үгийг, бусдыг шүүх эрхгүй гэсэн захиасын хамт дэлхий даяар их сонсох болсон. Шүүмжлэх гэдэг үгийг олон сөрөг утга дагалддаг. Гэвч бид Аврагчийн Сүмийн гишүүдийн хувьд, Түүний арга замаар шүүмжилбэл шүүмжилж болно хэмээн бидэнд Түүний зөвлөснийг мэднэ.

Мосегийн хуулиар Хүндэтгэлийн өдөр хийж болох зүйлсийг хязгаарладаг байсан тул Есүсийг Хүндэтгэлийн өдөр хүн эдгээхэд хатуу шүүмжилсэн ба Түүнийг эдгээр удирдамжийн дагуу үйлдэхгүй байна гэж хүмүүс үзэж байлаа. Гэвч тэднийг бусдаас алдаа олж харахдаа хурдан байгаад Аврагч зэмлэв. Тэр дараа нь “гаднах төрхөөр нь бүү шүү, харин шударга шүүлтээр шүү” (Иохан 7:24; Иосеф Смитийн Орчуулга, Матай 7:1–2-ыг үзнэ үү) хэмээн тэдэнд зөвлөжээ.

Бид Аврагчийг шүүсэн хүмүүстэй адил хэр олон удаа бусдыг шударга бусаар шүүдэг бол? Магадгүй бодож байгаагаас маань ч олон байх! Ялангуяа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр бусдыг шүүмжлэх амархан байдаг тул өнөөгийн дэлхий ертөнцийг зөв шударгаар шүүх Аврагчийн зөвлөгөөг бид хэрэгжүүлж сурах хэрэгтэй байж болох юм.

Шударга, шударга бус шүүмжлэлийг хооронд нь ялган таних

Шүүмжлэх нь бидний сонгох эрхийн нэгэн хэсэг юм. Ажил мэргэжлээ сонгох, цагаа хэнтэй, хэрхэн өнгөрүүлэх, ямар мэдээллийн хэрэгсэл ашиглах гэх мэт амьдралд шийдвэр гаргахын тулд шүүн тунгаах хэрэгтэй олон зүйл бий. Гэвч бид хэрхэн ийн шүүн тунгааж чадах вэ? Эцсийн эцэст бүх шүүмжлэл үнэхээр зөв шударга байж чадах уу?

Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, ерөнхийлөгч Даллин Х.Өүкс хэрхэн зөв шүүж тунгаах талаар дараах зургаан удирдамжийг өгсөн юм. Дараах тохиолдолд бидний шүүмжлэл зөв шударга болохыг бид мэдэж авч болно. Үүнд:

  1. Хэн нэгнийг “өргөмжлөл хүртэнэ эсвэл тамын галд эргэлт буцалтгүй хаягдана хэмээн мэдэгдэхээс татгалздаг” бол

  2. “Уур хилэн, өс хонзон, атаархал эсвэл хувиа бодсон байдлаар бус, харин Их Эзэний Сүнсний удирдамжийн дагуу” бол

  3. “Бидний ажил үүргийн хүрээнд” байвал

  4. “Бодит мэдээлэл хангалттай өгсөн” байвал

  5. Хүмүүсийн тухай биш, харин нөхцөл байдлын талаар бол

  6. “Шударга жишиг хэрэгжүүлж байвал”1 зэрэг юм.

Бошиглогч Моронай хэрхэн зөв шударга шүүх удирдамж өгсөн. “Сайн болох бүх зүйл Бурханаас ирдэг; мөн хилэнцэт болох тэр нь чөтгөрөөс ирдэг; учир нь чөтгөр Бурханы дайсан … мөн хилэнцэтийг үйлдэхэд үргэлж урьж мөн татдаг буюу” (Моронай 7:12).

Бид олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гүйлгэн харж, найзлах уу үгүй юү гэж бодохдоо эсвэл цагаа хэрхэн өнгөрүүлэхээ шийдэхдээ, шүүлт хийхийнхээ өмнө энэ пост/хүн/үйл ажиллагаа:

  • надад амар амгалан, таатай мэдрэмж төрүүлж байна уу?

  • намайг сайныг үйлдэхэд урьж байна уу?

  • Бурханыг хайрлаж, Түүнд үйлчлэхэд надад тусалж байна уу гэж өөрөөсөө асууж болно.

Бүх сайн сайхан Бурханаас ирдгийг ойлгосноор бид бусдын болон өөрсдийнхөө талаар мөн амьдралаа юугаар дүүргэх тал дээр ухаалаг, зөв шударга шийдвэр гаргахдаа сонгох эрхээ ашиглаж чадна.

Шударга бус шүүлтийн эргүүлгээс гарах

Зөв шударга шүүлт гэж юу болохыг бид одоо ойлгосон тул шүүмжлэлийн сөрөг эргүүлэгт автагдах үедээ юу хийж болох вэ? Энд хэдэн жишээ авч үзье.

  • Олон нийтийн мэдээллийн хэрэгслээс хол байх мацаг барь. Энэ нь танд амсхийж, бодол санаагаа цэгцэлж, бусадтай бодит байдлаар холбогдох боломж олгоно. Та олон нийтийн мэдээллийн хэрэгслээс гадуур аль болох олон хүнтэй уулзах тусам тэднийг бодит асуудалтай, бодитой хүн юм байна гэдгийг ойлгож, тэднийг шүүмжлэх тань багасна.

  • Өөрийнхөө талаар пост оруулахын оронд танд урам зориг өгсөн хэн нэгний тухай пост оруулаарай. Тэр хүнийг яагаад хүндэлдгээ хүмүүст хэл. Энэ нь өөрөөсөө бусдыг харж, бусдад онцгой сэтгэгдэл төрүүлэхийн оронд бусдыг адислах боломж олгох юм.

  • Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан өдөр бүр хэн нэгэнд төрсөн өдрийн мэндчилгээ, баяр хүргэсэн үгс, сайхан үгтэй зурвас гээд чин сэтгэлийн үгтэй хариу бичиж байгаарай.

  • Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээр дэндүү их юм хуваалцдаг, зөвхөн гайхалтай амралтынхаа талаар тавьдаг, төгс гэр бүлтэй юм шиг харагддаг эсвэл байнга хэрүүл хийдэг хүмүүс байсаар байх болно. Бид шүүхээ урьдал болголгүй “Их Эзэн энэ хүний талаар юу мэддэг бол, би тэдний талаар юу мэдэж авч болох вэ?” гэж өөрөөсөө асууж болно. Тэднийг Түүний хардаг арга замаар харахад туслахыг хүсэн залбир. Харин пост нь байнга сөрөг мэдрэмж төрүүлэх юм бол дагахаа хэзээ ч больж болно.

Хүн бүрийг тэнгэрлэг эцэг эхийн жинхэнэ хүүхэд гэдгээр нь харвал энэ нь тэдний талаарх өнгөцхөн ойлголтыг маань мөнхийн талаас харах чадвараар солино. Хүн бүрийн жинхэнэ мөн чанар, зорилгыг ухамсарлахад хүч чадал бий болдог. Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх Мишэлл Крэйгийн хэлснээр:

Зөвхөн танд л байх тэнгэрлэг шинж чанар, зорилго бий. …

Өөрийгөө бусадтай харьцуулах амархан. Бүх зүйл нь болж бүтэж байгаа юм шиг эсвэл биднээс илүү чухал мэт харагддаг хүмүүс байсаар байна. Гэвч тэдний зорилго биднийхээс өөр гэдгийг бид ихэвчлэн мартдаг. Бид өөрсдийн жинхэнэ мөн чанарын дагуу амьдрахыг хичээж, хувь хүний хувьд бидэнд онцгойлон өгсөн Бурханы бэлэг, авьяас чадварыг ойлгож, үнэлэх юм бол баяр баясгаланг жинхэнээсээ мэдрэх болно.”2

Эцсийн эцэст олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шүүмжлэх эргүүлгээс гарахын тулд бид өөрсдөөсөө шалтгаалах зүйлээ хийх хэрэгтэй. Хэн нэгний амьдралд нөлөөлөхийн тулд өөрсдийн хүрээллийн гадуур харах ёстой. Үүний тулд бусдыг өргөн дэмжиж, Христийн Гэрлийг хуваалцах хэрэгтэй. Ийн үйлдсэнээр бид бусдад үйлчлэхийн зэрэгцээ өөрсдийнхөө талаар сайхан бодол тээдэг болно.

young couple

Өөрийгөө өөлөх, хортой байдлаар харьцуулж жишихээ болих

Өөрийн жинхэнэ мөн чанарын талаар зөв ойлголттой болоход саад болох нь Сатаны хүчирхэг зэмсгүүдийн нэг юм. Бид өөрсдийн жинхэнэ мөн чанараас холдвол өөрийгөө өрөвдөж, хайрлах мэдрэмжийг өөрийгөө өөлөх, шүүмжлэх бодлуудаар орлуулах болно. Бид бусдаас, өөрөөсөө, бүр Ариун Сүнснээс холддог.

Үнэндээ, харьцуулж жиших нь өөрсдийгөө харьцуулж байгаа хүнд биш, харин бидэнд, бидний өөртөө итгэх итгэлгүй байдалд оршдог. Харьцуулж жиших нь үнэндээ өөрсдийгөө шударга бусаар шүүж буй хэрэг юм.

Хэдийгээр харьцуулах нь баяр баясгалангийн хулгайч3 байдаг ч өөрийн үнэ цэн, давуу тал, авьяас чадварыг мөн Тэнгэрлэг Эцэгийн бидэнд зориулсан зорилго болон өөрсдийн хэн болж чадахыг мэдэх нь баяр баясгалангийн түлхүүр байж болох юм.

Аврагч амьдралаа сайныг үйлдэхэд зориулсан (Үйлс 10:38-ыг үзнэ үү). Тэр ямар ч алдаа гаргалгүй, бусдын төлөө амьдарсан. Гэсэн хэдий ч Тэр адлуулж, шүүгдсэн. Гэвч Тэрээр Өөрийн үнэхээр хэн болохыг мөн зорилгоо мэддэг байсан тул шүүмжлэлийг толгой өндөр, хийх ёстой зүйлд нь саад болголгүйгээр давж чадсан.

Түүний үлгэр жишээг дагаснаар бид ч гэсэн Түүнтэй адил үйлдэж чадна. Дэлхий ертөнц харьцуулалт, шүүлтээр дамжуулан өөрсдийн хэн болохыг амархан алдаж чадах болгодог ч бид Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгч Жой Д.Жонс эгчийн зааснаар “Хэрэв Аврагчийг болон Түүний бидний төлөө хийсэн зүйлийг хайрлах хайр маань сул тал, өөртөө эргэлзэх эсвэл муу дадал хэвшил гэх мэт зүйлсэд зарцуулдаг хүчин зүтгэлээс илүү байх юм бол Аврагч амьдралд зовлон бэрхшээл авчирдаг зүйлийг ялан дийлэхэд бидэнд тусална. Тэр биднийг өөрсдөөс маань авардаг”4 болохыг мэдэж авч болно.

Бид “Бодгалийн үнэ цэнэ Бурханы мэлмийд агуу” (Сургаал ба Гэрээ 18:10) гэдгийг мэддэг. Одоо бодгалийн гэдэг үгийн оронд өөрийн нэрийг орлуулна уу. Энэ талаар сайтар бод. Тэнгэрлэг Эцэг таны нэрийг мөн үнэ цэнийг мэддэг. Тэрээр таны энэ их үнэ цэнийг мэддэг тул Түүний Цорын ганц Хүү таны төлөө амиа өгсөн.

Тиймээс дэлхий хүнд хүчир мэт санагдаж, харьцуулалт нөлөөлөх үед Тэдэнд ойртоорой. Тэгвэл өөртөө эргэлзэж, өөрийгөө шүүх мэдрэмж тань хийсэн алга болж, үнэлж баршгүй үнэ цэнээ мэдсэнээр ирэх өөртөө итгэх жинхэнэ итгэлийг олж авах болно.

Аврагч руу харах

Бид хийж буй бүх зүйлдээ үргэлж Аврагч руу харж, удирдамж хүсэж болно. Түүний Цагаатгалаараа дамжуулан бидэнд өгдөг зүйлсийн нэг бол өөрчлөгдөж мөн Түүний биднээс хийгээсэй хэмээн хүссэн бүхнийг хэрхэн хийхээ мэдэх боломж олгогч хүч юм. Хэрэв бид Түүнийг дагаж, Түүнд ойртохыг сонгох аваас зөв шударга бус шүүмжлэлээс салж, бусдыг болон өөрсдийгөө Аврагчийн нүдээр харж сурахад тусалдаг.

Эх сурвалж

  1. Dallin H. Oaks, “‘Judge Not’ and Judging,” Ensign, Aug. 1999, 9–12.

  2. Michelle Craig, “How Do You Feel Joy in the Lord?” Nov. 22, 2019, blog.ChurchofJesusChrist.org.

  3. “Comparison is the thief of joy” is attributed to Theodore Roosevelt.

  4. Жой Д.Жонс, “Хэмжээлшгүй үнэ цэн,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 141.