2020
Чи ямар жагсаалт гаргасан бэ?
2020 оны 12-р сар


Ирээд, Намайг дага

Чи ямар жагсаалт гаргасан бэ?

Хүсэж байгаа зүйлсээ жагсааж бичихээ болиод, хэрэгтэй зүйлсээ авч эхэл.

three Christmas presents

Энэ жилийн Христийн мэндэлсний баяраар та юуг үнэхээр хүсэж байна вэ? Бэлгээс гадна танд үнэхээр хэрэгтэй байгаа зүйлсийн тухай бид ярьж байна.

Хэрэгцээ гэдэг нь амьд үлдэхийн тулд танд байх ёстой зүйлс юм. Христийн мэндэлсний баяраар бид бие махбодын хүсэлдээ анхаарлаа хандуулах нь амархан ч сүнслэг хэрэгцээгээ яах вэ?

Хэрэгтэй бэлгүүд

Бидний сүнсэнд байнгын хэрэгцээ байдаг. Судраас суралцах, залбирах гэх мэт бэлэг нь эдгээр хэрэгцээгээ нөхөхөд тусалдаг ч нөхцөл байдлаас шалтгаалан сүнсэнд маань өөр бусад хэрэгцээ гарч ирдгийг бид мэднэ. Сүнснийх нь хэрэгцээнд өөр ямар ямар “бэлэг” хэрэгтэй болохыг олж нээсэн, дэлхийн өнцөг булан бүрд байх өсвөр үеийнхний түүхийг бид цуглуулсан юм. Та уншиж байхдаа, сүнсэнд тань ямар бэлэг хэрэгтэй байж болох талаар тунгаан бодоорой.

Найз нөхөд бол бэлэг

15 настай АНУ-ын Айдоход амьдардаг Роэта М. нь Сүмийг сонирхож байхдаа сайн найзууд хэрэгтэй байдгийг олж мэдсэн байна. “Намайг ариун ёслол, хичээл, Залуу эмэгтэйчүүдийн ангид явж эхлэхэд олон найрсаг хүмүүс, хайр халамжтай хамт олон тэр даруй угтан авсан юм. Намайг бүх үйл ажиллагаанд хамруулж, шинэ найзууд маань Бурханы төлөвлөгөөг дагахад урамшуулж байв. Тэд сүнслэг зорилго тавьж, зорилгодоо хүрэхэд минь тусалсан.” Роэта номлогчдоос их зүйлийг суралцаж, сүмийн найзуудтайгаа холбогдсоноор баптисм хүртэх шийдвэр гаргажээ. “Би ийм сайн хүмүүсийг олсондоо маш их талархдаг ба Сүмд ийм таатай байдлаар шилжин орох боломжоор адислагдсан” хэмээн тэр хэлэв.

Семинар бол бэлэг

Чилийн 16 настай Хуан Р. семинар өөрт нь хэрэгтэй байсан тэр зүйл болохыг мэдэж авчээ. Би үнэнийг семинар дээр сурдаг ба Сүнс надад мэргэн ухаан өгдөг. Би Сүнсийг мэдрэх болгондоо Бурханы тэр мөчид намайг хаана байгаасай гэж хүссэн, тэр газар нь байгаагаа мэддэг. Би энэ мэдрэмжийг семинар дээр авдаг тул тэнд байх нь миний хувьд чухал гэдгийг мэддэг юм. Семинарт явбал би өөрт байгаа асуулт, эргэлзээнийхээ хариултыг авна гэдгийг үргэлж мэддэг.

Үйлчлэл бол бэлэг

Техасын 16 настай Жули С. өөрт нь дуудлага хэрэгтэйг ойлгожээ. “Би саяхан тойргийн дууны удирдаачаар дуудагдсан бөгөөд энэ дуудлагыг авснаар сүмдээ цагтаа очих хэрэгтэй болсон. Цагтаа очих нь манай гэр бүлийн хувьд том асуудал байсан ч би дуу хөгжимд дуртай тул энэ дуудлага надад баяр баясгалан авчрахын зэрэгцээ манай гэр бүлийг ням гарагт илүү зохион байгуулалттай, цагаа баримталдаг болгосон.”

Сайн мэдээ бол бэлэг

Туркт амьдардаг 19 настай Сэм Д. амьдралд нь дутагдаж байсан зүйл Сүм байсныг ойлгожээ. “Би 16-тайдаа баптисм хүртсэн ба үүний дараа л жинхэнэ утгаараа амьдарч эхэлсэн. Бүх зүйл илүү тодорхой болж, би амьдрах зорилготой болсон юм.

Танд өөр ямар бэлэг хэрэгтэй вэ?

Эдгээр өсвөр үеийнхэн гэрчлэлээ хөгжүүлж, илүү аз жаргалтай болж, Бурханд улам их ойртоход өөрсдөд нь хэрэгтэй зүйлсийг олсон. Тэдний туршлагыг уншсаны дараа танд сүнсний ямар хэрэгцээ байгааг та олж харсан бэ? Тэдгээрийг мартахгүйн тулд жагсаалт гарга.

Өгөх ба хүлээн авах

Одоо Сүнсний хэрэгцээгээ тодорхойлсон бол тэдгээрийг хэрхэн хангах вэ?

Тэрхүү хэрэгцээ шаардлагаа хангахын тулд эхлээд зорилго тавь. Зорилго тавих нь шинэ зүйлсийг гүйцэлдүүлэх гайхалтай арга зам бөгөөд Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөр анхны алхмаа хийхэд тань тусална.

Таны өөрийн гэр бүл эсвэл тойрог, салбарын тань гэр бүл ч бай, аль аль нь таны гэр бүлийн хэрэгцээг хангахад туслах өөр нэгэн гайхалтай газар байж болох юм. Моронайн үед ч гэсэн Сүмийн цуглаан хийж байсан гол шалтгаан нь “өөр хоорондоо бодгалиудынхаа аз жаргалын талаар ярих” (Моронай 6:5) явдал байсан.

Мэдээж, Тэнгэрлэг Эцэг сүнслэг хэрэгцээгээ хангаж, Түүнд итгэх итгэлээ нэмэгдүүлэхэд тань туслахыг хүсдэг. Хэрэв та Түүнд хандан залбирах юм бол Тэрээр хэрэгцээ, зорилгоо тодорхойлоход тань тусална.

Энэ Христийн мэндэлсний баяраар сүнслэг хэрэгцээний тань жагсаалтад юу байгааг хэн нэгэн таахыг хүлээлгүй, зорилго тавьж, тэрхүү хэрэгтэй бэлгүүдээ өөртөө өгөөрэй. Гэвч зорилгодоо хүрэхийн тулд хэн нэгнээр туслуулахаас бүү эргэлз. Энэхүү улирал бол өгөөмөр байх улирал тул бусдын сүнслэг хэрэгцээг хангахад туслах арга замыг хайж ол.

Дэлхийд Роэта, Сэм нар шиг хүмүүс байгааг бүү март. Эргэн тойрондох хүмүүстэйгээ сайн мэдээний захиасыг хуваалцахгүй бол тэд аз жаргалтай, зорилготой болохын тулд юу хэрэгтэй, юу дутагдаж байгааг хэзээ ч олж мэдэлгүй өнгөрч болох юм. Энэ бол Христийн мэндэлсний баяраар хэн нэгний авч болох хамгийн сайхан бэлэг мөн!