2020
Христээр төгөлдөржих
2020 оны 12-р сар


Сүүлчийн үг

Христээр төгөлдөржих

2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үгээс авав.

Шашны энгийн зан үйл биднийг Тэнгэрлэг Эцэг, Аврагч Есүс Христ хоёрт илүү ойртуулах үед сүнслэг гэрэл ба амьдрал ирдэг. Бид өдөр бүр дуулгавартай байж, сайн мэдээний дагуу тэвчээртэй, алсын хараатай, баяр хөөртэйгөөр өдөр тутмын бэрхшээл, боломжинд хандахад туслах хариулт, итгэл, хүчийг олдог.

Бид Бурханыг хайрлах мөн өөрсдөдөө болон бусдад Түүнтэй уулзахад нь туслах шинэлэг бөгөөд илүү ариун арга замыг эрэлхийлэхдээ төгс төгөлдөр байдал бидний эсвэл дэлхийн өндөр шаардлага дотор биш, харин Христ дотор байдгийг санадаг.

Есүс Христ бол “зам, үнэн, амь” (Иохан 14:6) тул Бурханы урилгууд хайр, боломжуудаар дүүрэн байдаг. Ачаагаа дийлэхгүй байгаа мэт санагдаж байгаа хүмүүст хандан Тэрээр “Над уруу ир” хэмээн урьдаг бөгөөд Өөр дээр нь ирсэн хүмүүст “Би та нарт амралтыг өгье” (Матай 11:28) хэмээн амладаг юм. “Христ рүү ирэгтүн, мөн Түүн дотор төгөлдөржигтүн, … Бурханыг өөрийн бүх хүч, оюун, хүчээрээ хайрла, тэгвэл Христийн дотор төгс болгох Түүний нигүүлсэл таньд хангалтай байх болно” (Моронай 10:32).

“Түүний нигүүлслээр та нар Христийн дотор төгс болгогдох болно” гэсэн энэ батламж нь, бүр аливаа зүйлс алдаа дутагдал гаргалгүй, хамгийн сайнаараа хичээн хийсэн ч мөн найдаж, хүсэн хүлээсний дагуу, зүй ёсоор болж бүтэхгүй байх үед ч Их Эзэнд итгэж найдан, урагш үргэлжлүүлэн явахад туслах тайтгарал, амар амгалан, амлалтыг бидэнд өгдөг юм.

Бид бүгд өөр өөр цаг үе, нөхцөл байдалд шаардлагад нийцэхгүй, эргэлзэж байгаагаа, магадгүй зохисгүй байгаагаа мэдэрдэг. Гэсэн ч бид Бурханаа хайрлан, хөршдөө тохинуулахаар итгэлийнхээ дагуу хүчин чармайлт гаргахдаа Түүний хайрыг мэдэрч, тэдний болон өөрсдийн амьдралд хэрэгтэй сүнсний өдөөлтийг хүлээн авах боломжтой.

Бидний Аврагч энэрэнгүй сэтгэлээр “бүх хүмүүнийг болон Бурханыг хайрлах хайраар, найдварын төгс гэрэлтэйгээр, Христ доторх тууштай байдлаар урагш тэмүүлж болно” (2 Нифай 31:20) хэмээн бидэнд амлаж, биднийг урамшуулдаг. Христийн сургаал, Аврагчийн маань Цагаатгал болон бүхий л бодгалиараа Түүний гэрээт замаар алхах нь бидэнд Түүний үнэнийг мэдэж авч, эрх чөлөөтэй байхад туслах болно (Иохан 8:32-ыг үзнэ үү).

Түүний гэрээт зам хайрт Тэнгэрлэг Эцэгийн маань хамгийн агуу бэлэг болох “Чи мөнх амьдралыг хүлээн авах болно” (2 Нифай 31:20) гэсэн амлалт руу хөтөлдөг гэдгийг би гэрчилж байна.