2020
Хөршийнхний үзүүлсэн Христийн мэндэлсний үзүүлбэр
2020 оны 12-р сар


Хөршийнхний үзүүлсэн Христийн мэндэлсний үзүүлбэр

Зохиогч нь АНУ-ын Техаст амьдардаг.

“Хүүхэд бидний тул төрсөн” (2 Нифай 19:6).

A Neighbor Nativity

Роза өлмий дээрээ өндийсөөр цонхоор шагайв. Найзууд нь тун удахгүй ирнэ!

Жил бүр Христийн мэндэлсний баяраар Роза гэр бүлийнхэнтэйгээ Христийн мэндэлснийг жүжигчлэн үзүүлдэг уламжлал тогтсон байлаа. Тэд хүмүүсийг ирж, нэгдэхэд байнга урьдаг байв. Энэ удаа тэд хөршүүдээ номлогчдын хамт урьсан байлаа. Хөршийнх нь нялх хүүхэд нялх Есүс болох гэж байгаад Роза баярлаж байв.

Бүх зүйл бараг бэлэн болсон байлаа. Ээж нь шарах шүүгээнээс амттангаа гаргаж байв. Розагийн дүү нар бүх тоглоомоо хурааж байлаа. Эллэн өмсгөлүүдийг бэлдэж байв. Тэр ч бүү хэл Роза том, шар од нааж ханаа чимэглэсэн байв.

Ээж нь “Роза” гэж гал тогооноос дуудан, “Чи Эллэнд өмсгөлүүдийг бэлдэхэд нь туслаач?” гэлээ.

“Тэгье ээ, ээж ээ!” Роза баахан бүтээлэг тэвэрч явсан эгчдээ туслав.

“Бидэнд бүтээлэг, алчуур, хувцасны шүүгээнээс авсан сольж өмсөх хувцас байна. Бид энэ сагсыг хүртэл тэвш болгон ашиглаж болно шүү дээ” гээд тэр Розад том сагсыг бариулав. Роза нялх хүүхдэд зориулан сагсан дотор зөөлөн хөнжил хийгээд,

“Гайхалтай боллоо” гэв.

Розагийн дүү Жак толгой дээр саарал хөнжил бүтээгээд, нүүрээ инээдтэй болгож байлаа. “Би илжиг болж болох уу?” гэхэд нь

Роза инээгээд, “Үгүй дээ, чи нээрээ инээдтэй шүү! Чи Мэргэн хүн болно гэж байснаа мартчихсан уу?” гэлээ.

“Нээрээ тийм шүү дээ?” гэж Жак хэлээд, тоглоомон титмээ авч, толгойдоо өмсөв.

Төдөлгүй хэн нэгэн хаалга тогшив.

“Тэд ирчихлээ!” Роза ийн хэлээд, “Би хаалга нээе” гэж хэлэв.

Удалгүй байшин баяр хөөртэй хүмүүсээр дүүрлээ. Роза хүн бүрд хувцсаа өмсөхөд нь туслав. Номлогч эгч нар хоньчид болж, түүний ах нар болон эгч нь мэргэн хүмүүс болов. Эгдүүтэй бяцхан хүү нялх Есүс болж, түүний эцэг эх Мари, Иосеф боллоо.

Роза зөөлөн, цагаан малгай өмсжээ. Тэр хонь болсон байв.

Эцэст нь хүн бүр хувцсаа өмсөн, эхлэхэд бэлэн боллоо. Тойргийнх нь номлогч хос болох ахлагч Янси, Янси эгч хоёр Шинэ Гэрээний Төрөлтийн түүхийг гаргав. Тэд шүлгүүдийг чангаар уншлаа. Хүн бүр өөрсдийн хэсгийг жүжиглэн тоглов.

Түүхийн төгсгөлд хүн бүр “Амгалан шөнө” дууг дуулахад, Розад халуун дулаан мэдрэмж төрсөн ба тэр баяртай байлаа. Тэр Ариун Сүнсийг мэдэрч байгаагаа мэдэж байв. Есүс зүрх сэтгэлд нь ойр байгаа мэт түүнд санагдаж байлаа.

Дууны дараа ээж нь “Самуел ба од” видео бичлэгийг үзүүлэв. Эллэнийг залбирал хэлсний дараа тэд амттангаа авчирлаа. Хүн бүр зочилж ирсэндээ баяртай байв.

“За, чамд аль хэсэг нь илүү таалагдсан бэ?” гэж Янси эгчийг асуухад,

“Дуу дуулж, бяцхан Есүстэй тоглох нь надад таалагдсан” гэж Эллэн хариуллаа. Эллэн хүүг өвөр дээрээ авав. Тэр дуулж дууссанаас хойш түүнтэй тоглож байв.

“Надад Есүст бэлэг авчрах хэсэг таалагдсан” гэж Жак хэллээ. Тэр тоглоомон титмээ тайлаагүй хэвээр байв.

“Роза, харин чиний хувьд?” гэж асуухад нь

Роза гараа дэлгээд, “Надад бүх зүйл таалагдсан. Гэхдээ хүн бүр энд Есүсийн мэндэлсний баярыг тэмдэглэхээр цугласан нь хамгийн их таалагдсан. Үүнд л Христийн мэндэлсний баярын утга учир оршиж байгаа юм” гэж чангаар хэлэв.