2020
Бүх хүнд тохинуулах нь
2020 оны 12-р сар


Бүх хүнд тохинуулах нь

Ахлагч Угдорфын энгийн бөгөөд ердийн арга замаар тохинуулах уриа сайн мэдээг хуваалцдаг арга замыг тань хэрхэн өөрчилж чадах вэ?

young adult woman looking at a smartphone held by an older woman

Getty Images-ийн зураг

Сүмийн удирдагчид илүү ариун, илүү дээгүүр түвшинд тохинуулах бидний хүчин чармайлтын нэг хэсэг болгож, “тэдний нэр тохинуулагч эгч, ахын нэрсийн жагсаалтад тань байгаа эсэхээс үл хамааран тэдэнд тохинуулах”1 гишүүн номлогчийн ажлын талаар ярьж эхлээд байна. Энэ илүү сайн арга зам бол сэтгэлгээний өөрчлөлт буюу бид яагаад, хэрхэн бусдад үйлчлэх талаар бүхнийг өөрчилж чадах ахисан түвшний хандлага юм.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорф ийн тэмдэглэн хэлсэн. “Өөрийнхөө хувьд хамгийн энгийн, эвтэйхэн гэсэн байдлаар Есүс Христ болон Түүний Сүм яагаад таны хувьд чухал болохыг хүмүүстэй хуваалц. Тэднийг ‘ирээд, хар’ хэмээн урь. Тэгээд тэднийг ирж, туслахад урамшуул. Сүмд маань хүмүүст туслах олон боломж бололцоо бий.

Номлогчдыг зөвхөн сонгогдсон хүмүүсийг олоосой гэж бүү залбир. Ирээд харах, ирээд туслах, ирээд үлдэх хүмүүсийг олохын төлөө өдөр бүр бүхий л зүрх сэтгэлээрээ залбир.”2

Тохинуулах гэдэг нь Аврагчтай адилхан зүрх сэтгэлтэй, өрөвчхөн, Есүс Христийн илүү үнэнч, хөрвөгдсөн шавь болно гэсэн үг юм. Их Эзэн биднийг хайрладаг тул бусдад энгийн, ердийн арга байдлаар бусдад үйлчлэх замаар өсөж хөгжихийг уриалсан. Энэ нь тохинуулал хийх тухай бус, харин Есүс Христтэй адил тохинуулагч болох тухай юм.

Томилогдсон хүндээ тохинуулж сурах

Бид хэрхэн тохинуулагч ах, эгч болоход суралцсаар байна. Ийм өөрчлөлтийг хийхэд цаг хугацаа шаардагдах ба бид алдаа гаргах нь гарцаагүй. Миний бодлоор ийм алдаануудын нэг бол тохинууллын даалгаврыг энгийн бөгөөд ердийн бус, зүгээр л нэг “хуурамч” эсвэл “албадлагын” нөхөрлөл гэж үзэн үл тоомсорлох явдал юм. Гэвч Их Эзэн тохинуулагч ах, эгч нарын хувьд бидэнд тодорхой даалгавар өгдөг. Ингэснээр Тэр хэнийг ч үлдээхгүй байхад анхаардаг.

АНУ-д байгалийн гамшиг болоход Улаан загалмай нийгэмлэгээс болон Үндэсний хамгаалах албанаас сайн дурын ажилтнуудаа дайчлан, өргөн цар хүрээг хамруулахын тулд тэдэнд тодорхой хэсгүүдийг хуваарилан хариуцуулдаг. Даалгавар хүлээн авах нь сайн дурынхны зориулж буй цаг хугацаа, хайрыг сайн дураараа өгөөгүй мэт болгодог гэсэн үг биш юм. Амьдралд нь гай гамшиг тохиолдож байсан ямар ч хүн ийм даалгаврыг хүлээн авахдаа эргэлздэггүй. Хүлээн авагч хүн хэн нэгнийг туслахаар ирсэнд талархдаг.

Үндэсний хамгаалах алба, Улаан загалмайн нийгэмлэгийн сайн дурынхны адил бид ариун нандин гэрээ байгуулан Есүс Христийн шавь болсноор бусдад туслах тодорхой үүрэг даалгаврыг гүйцэтгэхээр сайн дураараа оролцдог.

Эдгээр даалгавар ихэнхдээ алдаан дээрээ үндэслэн тохинуулах чадвараа дээшлүүлэн суралцаж, өсөж хөгжих боломж олгодог. Гэвч бидний хөлд, хэлд орж, дугуй унаж, хөгжмийн зэмсгээр тоглож, спортоор хичээллэж сурдагтай адил тохинуулал нь тун удалгүй бидний “хоёрдогч мөн чанар” болж эхэлнэ.

two men seated by a building talking to each other

Getty Images-ийн зураг

Бүгдэд “энгийн, ердийн арга замаар” тохинуулах гэдэг нь юу гэсэн үг вэ?

Тохинууллын даалгаврууд маань биднийг “бүх хүнд” энгийн бөгөөд эвтэйхэн байдлаар тохинуулахад бэлтгэдэг. Бүгдэд тохинуулахын тулд эргэн тойрондоо байгаа буюу Их Эзэний бидний замд тавьсан хүмүүсийг харах зүрх сэтгэл, мэлмийтэй байх хэрэгтэй. Тэр үед “тохинуулал” нь тэднийг “ирээд, хар” эсвэл “ирээд, тусал” гэж урихтай адил энгийн, ердийн зүйл болсон байна.

Аврагч үлгэр жишээ үзүүлсэн. Есүс Өгөөмөр нутгийн ариун сүмд хүмүүс дээр ирээд, тэдэнд “Гэвч эдүгээ би Эцэгт очиж, мөн түүнчлэн Израилын төөрөлдсөн овгуудад өөрийгөө үзүүлэхээр явлаа” (3 Нифай 17:4) хэмээн хэлсэн.

Аврагчид ч гэсэн бидэнтэй адил явах газар байсан юм. Уг түүх цааш нь:

“Мөнхүү улиран тохиох дор Есүс ийн яриад, тэрбээр дахин цугларсан олны зүг хараа бэлчээж, мөн тэд нулимс унагаж буйг, мөн тэд өөрийг нь тэдэнтэй хамт дахин хэсэгхэн зуур ч гэсэн үлдэхийг гуйх мэт түүний зүг тэд ширтэн харж байхыг болгоов.

Мөн тэрбээр тэдэнд: Болгоогтун, та нарт хандсан өрөвдөх сэтгэлээр зүрх сэтгэл минь дүүрэв” (3 Нифай 17:5–6; тодотгол нэмэгдсэн)3 хэмээн хэлэв.

Аврагч өөр газар очихоор төлөвлөсөн байсан ч Түүнд харах нүд, мэдрэх зүрх байсан тул тэнд үлдэж тохинуулсан.

“Та нарын дунд өвчтөнүүд байна уу? Тэднийг нааш авчрагтун. Доголон, эсвээс хараагүй, эсвээс хазгар, эсвээс тахир дутуу, эсвээс уяман өвчтэй, эсвээс татанги, эсвээс дүлий, эсвээс ямар нэгэн байдалд зовж зүдэрсэн нэгэн байна уу? Тэднийг нааш авчрагтун мөн би тэднийг эдгээх болно, учир нь та нарыг өрөвдөх сэтгэл надад буй; зүрх сэтгэл минь нигүүлслээр дүүрэв” (3 Нифай 17:7).

Аврагчийн хэн болохыг бид мэддэгчлэн, Түүний хувьд дараагийн газраа очихын өмнө өвчтөнүүдийг эдгээх нь ердийн зүйл байсан. Бидний хувьд бүгдэд энгийн бөгөөд ердийн арга замаар тохинуулахад аль хэдийн хийхээр эсвэл оролцохоор төлөвлөсөн үйл ажиллагаандаа хэн нэгнийг урих явдал орж болох юм.

Хэрэв та бие даах чадвар хөгжүүлэх хичээлд сууж байгаа бол хөршөө хамт явахад урь. Хэрэв та тойргийнхоо үйл ажиллагаанд очих гэж байгаа бол цуг ажилладаг хүнээ хамт явахад урь. Харин та гэр бүлээрээ судраас суралцах юм уу гэр бүлийн үдэш хийх гэж байгаа бол найзыгаа нэгдэхэд урьж болно. Энэ нь “ирээд, хар” гэсэн үг юм. Энэ нь завгүй хуваарьтаа нэг үйл ажиллагааг нэмж оруул гэсэн үг биш. Түүнчлэн тухайн хүн дээр очих боломжгүй үед мессеж бичиж, э-мэйл илгээж эсвэл утсаар ярин тохинуулж болно.

Тохинуулахаар итгэл хүлээсэн нь

Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард намайг Юта Провогийн Залуучуудын нэгдүгээр гадасны шинэ ерөнхийлөгчөөр онцгойлон адислахдаа “Удирдагчид болон гишүүдээ гэр оронд нь очиж эргэ” гэсэн энгийн бөгөөд тодорхой даалгавар өгсөн юм. Тэр үүнээс өөр ямар ч сургалт, даалгавар өгөөгүй.

Бид гадасны чуулган болсноос хойш хоёр өдрийн дараа буюу мягмар гаргаас эхлэн өөрсдийн гаргаж буй хүчин чармайлтыг бишопынхтойгоо уялдуулан холбосон. Бид гадсандаа тохинуулж байхдаа алдаа гаргаж, боломж бололцоогоо алдан, заримдаа “Би ингэж хэлдэг байж уу?” эсвэл “Би илүү сайн асуулт тавьдаг байж” гэж боддог байсан.

Бригам Янгийн Их Сургуулийн ерөнхийлөгч Кэвин Ж. Вортэн “бүтэлгүйтэл бидний мөнхийн өсөлт хөгжлийн буюу төгс болох аян замын чухал хэсэг юм. Хэрэв бид бүтэлгүйтэлдээ зөв арга замаар хандах юм бол Цагаатгалын ачаар бүтэлгүйтэл маань төгс төгөлдөр болох үйл явцын нэг хэсэг болох боломжийг олгодог шинэ суралцах боломжоор биднийг адислах болно”4 хэмээн хэлсэн.

Бид гадасны удирдагч, гишүүдэд болон уулзсан бусад хүндээ тохинуулж сурахдаа ийм туршлага олж авсан юм. Үргэлжлүүлэн тохинуулах үед Их Эзэн бидний замд илүү олон хүнийг тавьж эхэлсэн.

Нэг удаа би өөрийн нэг зөвлөх Ж.Б.Хоустай хамт орон сууцны хорооллоор явж байгаад машины зогсоол дээр нэг залуутай таарав. Бид түүнтэй мэндлэхээр түр зогсоод, манай гадаснаас шилжиж байгааг нь мэдэж билээ. Бид хэсэг ярилцаад, итгэлдээ эргэлзэж буй, эргэж ирсэн номлогч болохыг нь мэдсэн юм. Миний зөвлөх хүмүүстэй амархан холбоо харилцаа тогтоодог, сайн мэргэшсэн багш байлаа. Ийм асуултад хариулах нь Ж.Б-ийн хувьд энгийн бөгөөд ердийн зүйл байсан тул тэднийг ярилцаж байх хооронд тэр залуугийн нүдэнд алга болсон байсан оч дахин гэрэлтэхийг би харсан юм.

Ж. Б түүнийг болон түүний асуулт, асуудлыг анхааран, сонирхож байгаа нь илт байв. Ж.Б залууд сайхан сэтгэлээр хандаж байсан тул өөрийгөө түүнд нээсэн байлаа. Манай зөвлөхийн “зүрх сэтгэл хайраар дүүрэн” байсан тул тэр залууг шүүмжлэлгүйгээр ойлгохыг хүссэн. Шинэ байрандаа төвхнөснийх нь дараа очиж болох уу хэмээн Ж.Б-ийг асуухад залуу толгойгоо дохиж, тэд гар утасны дугаараа солилцоод, дараа уулзалдахаар тохиров.

Явахаасаа өмнө бидний туслалцаа хэрэгтэй эсэхийг асуухад тэр “Өнөөдрийн хувьд надтай мэндлээд өнгөрсөн чинь л надад зориулан хийж болох хамгийн чухал зүйл байлаа” гэсэн юм. Тэр орой надад “Хэрэв Ж.Б. бид хоёр гадуур тохинуулахаар яваагүй байсан бол энэ залуутай хэзээ ч уулзахгүй байх байсан” гэсэн бодол төрж билээ.

Их Эзэн тэр орой биднийг тохинуулна гэдгийг мэдэж байсан тул уулзаж, тохинуулна хэмээн найдаж, тэр залууг бидний замд тавьсан бололтой.

Бид өдөр тутмын ердийн амьдралдаа бүх хүнд тохинуулах хүсэлтэй байвал Их Эзэн биднийг гар утаснаасаа салан өнгийж, танихгүй хүн рүү инээмсэглэнэ, зах дээр эсвэл сургууль, ажил, сүм гээд хаана ч байсан тааралдсан хүндээ асуулт тавина гэдэгт итгэдэг тул хүмүүсийг бидний замд гарган тавих болно.

three people pushing a car that was stranded

Getty Images-ийн зураг

Тохинууллын гайхалтай үр дүн

Би 3 Нифай дээрх Аврагчийн үлгэр жишээг эргэж хараад, тохинууллын чухал зарчмыг олж мэдсэн юм. Та нарын санаж байгаагаар:

“Мөнхүү улиран тохиох дор түүнийг тийн ярихад, бүх цугласан олон, нэгэн зэрэг, өвчтэй мөн зовж зүдэрсэн, мөн доголон, мөн хараагүй, мөн хэлгүй, мөн ямар нэгэн байдлаар зовж зүдэрсэн тэд бүгдтэйгээ урагшлав; мөн тэрбээр тэднийг түүнд авчрагдахад нэг бүрчлэн эдгээв.

Мөн тэд бүгд, эдгээгдсэн тэд мөн эрүүл байсан тэд аль аль нь, түүний хөлд доош бөхийн мөн түүнийг бишрэв; мөн цугласан нь олон байсан хэдий ч ирж чадсан болгон нь түүний хөлийг үнсэж, үүний хэрээр түүний хөлийг тэд нулимсаараа булхав” (3 Нифай 17:9–10; тодотгол нэмэгдсэн).

Таньж мэддэг, хайрладаг хүмүүсээ Есүс Христэд авчран илүү их ойртуулж тусалсан эдгээр тохинуулагч ах, эгч өөрсдийгөө мөн адил Аврагчийн хөлд бөхийн, бишрэн шүтэж, хөлийг нь үнсэж, нулимсаараа булхсаныг ойлгогтун.

Бид бусдад тохинуулахдаа Христийг сэтгэл санааны болон сүнслэг мөн бие махбодын шархнуудыг эдгээхийг харах болно. Түүнчлэн бид бусдыг энгийн бөгөөд ердийн байдлаар “ирээд, хар,” “ирээд, тусал” хэмээн урьснаар өөрсдийнхөө шархыг эдгэж байгааг ухаарах болно.

Эх сурвалж

  1. Дийтр Ф.Угдорф, “Номлолын ажил бол зүрх сэтгэл доторхоо хуваалцах явдал юм,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 14.

  2. Дийтр Ф.Угдорф, “Номлолын ажил бол зүрх сэтгэл доторхоо хуваалцах явдал юм,” 14.

  3. Лук 7:11–16-д Есүс Христ хэрхэн ийм арга замаар Найны бэлэвсэн эмэгтэйд тохинуулсныг олж мэднэ үү.

  4. Kevin J Worthen, “Successfully Failing: Pursuing Our Quest for Perfection” (Brigham Young University devotional, Jan. 6, 2015), 3, speeches.byu.edu.