2020
Төгс профайл зургийн цаадах бодит байдал
2020 оны 12-р сар


Залуучуудад зориулав

Төгс профайл зургийн цаадах бодит байдал

Барбара Родригэз 25 настай бөгөөд Венесуэлын Ансоатегид төрж, тэнд нөхөртэйгөө танилцжээ. Одоо тэд Перугийн Лимад амьдардаг. Барбара олон нийтийн сүлжээн дээр өөдрөг агуулгатай зүйл тавихыг хичээдэг.

Бид олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээрх зүйлстэй өөрсдийгөө харьцуулснаар том дүр зургийг харах чадвараа алддаг.

family getting ready for church

Зохиогчийн өгсөн гэрэл зургууд

Саяхан инстаграм дээрх нэг дагагч маань зурган дээр минь “Би ганц хүүхэдтэй яая гэж байхад чи хоёр хүүхэдтэй байж яаж ийм сайхан гэрэлтэж чадаж байна вэ?” гэж сэтгэгдлээ үлдээсэн байв. Миний инээд шууд хүрч, яг тэр үед ямар харагдаж байгаа зургаа явуулахыг хүсэж билээ.

“Бусад ээжтэй харьцуулбал би өөрийгөө гадаад байдалдаа бараг анхаарал хандуулдаггүй гэж боддог. Энэ бол олон нийтийн мэдээллийн хэрэгслийн нөлөө юм. Бид өөр хэн нэгэнтэй өөрсдийгөө харьцуулж байхад тэр хүн өөрийгөө өөр хүнтэй харьцуулж байна. Гэвч бодит байдал дээр би яг одоо тэгж гэрэлтэхгүй байгаа бөгөөд яг одоо ямар харагдаж байгаа зургаа тавьж ч зүрхлэхгүй байна. Би ихэвчлэн баасан, ням гарагт л гоё хувцаслаж, ‘дажгүй’ харагддаг” гэж хариулсан юм.

Би олон нийтийн мэдээллийн хэрэгслээр амьдралаа хуваалцаж эхлээд хэдэн жилийн нүүр үзжээ. Ихэвчлэн би Есүс Христийн Сүмийн гишүүдийн “бодит амьдрал” ямар байдгийг харуулахыг зорьдог. Ингэхдээ олон нийтийн мэдээллийн хэрэгслийн ач тус, эрсдэлийн талаар бодоход хүргэсэн зүйлстэй тулгарч байсан.

Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл бүх зүйлийг үзүүлдэггүй

Энэ нь хэн нэгэн надад иймэрхүү асуулт тавьж байсан анхны тохиолдол байгаагүй. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл хүмүүсийн амьдралын маш өчүүхэн хэсгийг л харуулдаг. Миний хувьд бид бодит байдлаа харуулахыг хичээдэг ч бүхнийг харуулах боломжгүй. Бид бас өөрсдийгөө бусадтай харьцуулж эсвэл өөрийн үнэ цэнийг нэг сайхан зураг дээр үндэслэн тогтоож болохгүй. Харьцуулах нь, ялангуяа олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээрхтэй харьцуулах нь Бурханаас өгөгдсөн давуу талаа таньж мэдэхийг бидний хувьд улам бүр хүндрэлтэй болгодог.

Хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд бид Есүс Христтэй адил болохыг чадлаараа хичээдэг. Гэвч үнэн хэрэгтээ бидний дунд төгс хүн байхгүй. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр бид өөрсдийгөө болон бусдыг буруу зөрүү шүүхгүй байхад анхаарвал зохино. Хэн нэгний амьдралыг төгс гэж бодохдоо тэдэнд тулгарч буй хувийн асуудлыг харах боломжгүй гэдгээ бид санах хэрэгтэй. Бид хүмүүсийн сайтар шүүн байж бусадтай хуваалцахаар сонгосон зүйлийнх нь ард амьдрал нь ямар байгааг үнэндээ мэдэхгүй.

Гэр бүлийн бодит зураг

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр танд харагддаг гэр бүлийн зургийн ард маш олон зүйл болж өрнөдөг. Зарим нь эдгээр зургийг хараад, өөрсдөөсөө “Манай гэр бүлийн зураг яагаад сайхан гардаггүй юм бэ?” гэж асуудаг байж болох юм. Гэхдээ тэр “төгс” зургийг авахын тулд ямар хүчин чармайлт гаргадгийг бид мэдэхгүй.

Жишээ нь, бид сүмийн дараа гэр бүлийн зураг авахуулах гэж үзсэн. Хоёр жаахан хүүхэдтэй байхад хэцүү ч би эдгээр цаг мөчөө зурган дээр буулгаж, дараа нь хүүхдүүдээ хэчнээн том болсныг эргэж харах дуртай.

Хүүхдүүдээ суулган зураг авахуулах гэж хичээхдээ, тэврүүлэхийг хүсэн уйлж байгаа хоёр настай Алвин хүүтэйгээ ярилцах хэрэг гарав. Би доош тонгойн, нулимсыг нь арчсаныхаа дараа, босоод өмссөн хувцсаа (тэр өглөө албаар хослуулсан) харуулъя гэж түүнээс гуйсан юм. Гурван настай охин Аврил маань бас л зогсмооргүй байсан тул тэврээч хэмээн ааваа шалж байв. Тэд үнэхээр зураг авхуулахыг хүсэхгүй байв.

Зураг авалт амжилтгүй болж, бид ч бууж өгч билээ. Харин гэртээ ирээд, үүнээс арай илүү зүйлийг би олсон. Ах маань (зураг авч байсан) энэ бүх эмх замбараагүй байдлын үеэр зураг дарсан байв. Нөхөр бид хоёр хоёулаа зурган дээр хүүхдүүдээ тайвшруулж байлаа. Энэ зурганд бидний хувцсыг харуулаагүй, харин жинхэнэ энхрий бодит мөчийг буулгасан байв. Надад тэдгээр зураг үнэхээр таалагдсан.

Би энэ зургаа олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээр тавихдаа “Гэр бүлийн бодит зураг” гэж нэрлэсэн юм. Энэ зураг ийм олон хүнд хүрнэ гэж би бодоогүй ч бүх зүйл үргэлж төгс харагдах шаардлагагүй юм байна гэдгийг надад ойлгуулсан. Урсгалаараа явж, байгаагаараа байх нь зүгээр. Гэхдээ би үүнээс илүү том сургамж авсан буюу энэ нь бид хэн нэгнийг төгс гэж бодох үедээ зүгээр л бүх нарийн ширийн зүйлийг нь мэдээгүй байдаг гэдгийг заасан.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өөрийн бодит байдлыг бүү далдал

Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл бол илүү сайн сайхны төлөө ашиглаж болох хүчирхэг зэмсэг юм. Гэвч бид олон нийтийн мэдээллийн хэрэгслээр харж буй зүйлдээ сэтгэлээр унаж эсвэл өөрсдийгөө тэдгээртэй харьцуулахгүй байхыг хичээх хэрэгтэй. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Гари И.Стивэнсон “Бид бодит байдлыг хэтрүүлсэн зургийг мөн бусдынхтай харьцуулснаас болж урам хугарахад дэндүү их нөлөөлдөг зургийг харахдаа илүү бодитой хандаж, хошигносон байдлаар хүлээн авч, урам хугарах мэдрэмжийг арай цөөн удаа мэдэрч сурах байх гэж найдаж байна”1 хэмээн хэлсэн.

Бурханы хүүхдүүдийн хувьд бид бурханлаг шинж чанараа санаж байвал сэтгэл өвтгөм харьцуулалтад эсвэл хувийн шүүлтэд орон зай үлдэхгүй гэдгийг би мэднэ. Хэрэв бид бидний чадавхыг үгүйсгэдэг эдгээр харьцуулалтыг сонсохоо боливол зурган дээрх төгс мэт бүх постод санаагаа чилээлгүй, илүү бүрэн дүүрэн амьдрах боломжтой болно.

Эх сурвалж

  1. Гари И.Стивэнсон, “Сүнслэг хиртэлт,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 33.