2020
Нийгмээс тусгаарлагдсан үед Мормоны Ном надад хэрхэн тусалсан бэ
2020 оны 12-р сар


Зөвхөн цахим хувилбараар

Нийгмээс тусгаарлагдсан үед Мормоны Ном надад хэрхэн тусалсан бэ

Би Мормоны Номыг олон удаа уншсан боловч энэ удаа энэ номын бидний амьдралд авчрах бүрэн хүчийг илүү сайн ойлголоо.

Би Мормоны Номын Моронайн бүлгүүдийг олон удаа уншсан боловч энэ жил үүнд илүү их холбогдсоноо мэдэрлээ. Эцэст нь тэрээр хайртай бүхнээсээ салсан байв. Тэр сүүлийн өдрүүддээ маш их ганцаардаж байсан байх. Гэвч тэр ганцаардаж байхдаа хүртэл ажиллаж хөдөлмөрлөх тухай эцгийнхээ зааж сургасныг санажээ (Моронай 9:6-г үзнэ үү). Тэрээр тодорхой бус ирээдүйтэй нүүр тулчхаад байхдаа, жаредчуудын түүхэн тэмдэглэлийг хураангуйлж, бидэнд зориулан итгэл, найдвар, энэрлийн тухай захиас үгсээ энд багтаажээ.

Энэ жил дэлхий ертөнцөд КОВИД-19 цар тахал зэрэг олон зовлон бэрхшээл тулгарсан учраас би Моронайн эр зоригоос урам авсан. Бидний олонх нь энэ жил дэлхий даяар албан хүчээр нийгмээс тусгаарлагдах, зарим маань хамгийн хайртай хүмүүсээсээ өөрсдийгөө тусгаарлах шаардлагатай болсон. Би ч бас ийм хэцүү шийдвэр гаргахаас аргагүйд хүрсэн.

Би хүүхдийн эмч тул Бразилын Мараньян хотод тэргүүн шугамд ажиллаж, хүүхдэд яаралтай эмчилгээ тусламж үзүүлдэг. Энэ цар тахлын үеэр би хайртай нөхөр, хоёр настай охин, хадам ээж, үеэл дүү нар (бүгд манайд амьдардаг) болон бусад бүх төрөл садан, найз нөхөдтэйгөө биеэр хавьтахаас зайлсхийх хэцүү шийдвэрийг гаргасан. Би энэ өвчнийг халдаахгүйн тулд өөрийгөө тусгаарласан юм.

Манай гэрийнхэн хоорондоо маш ойр дотно учраас тусгаарлагдах хэцүү байлаа. Ням гараг бүр бид үдийн хоол хамтдаа иддэг. Мөн бид гэр бүлийн үдшээ тогтмол хийдэг. Би удалгүй тэдэнгүйгээр ганцаардаж, гуниглаж байгаагаа олж мэдсэн. Гэвч би Сүнсийг амьдралдаа урин авчрахын тулд Мормоны Номыг уншихад их цаг зарцуулахаар шийдсэн юм. Ариун Сүнсийг байнгын хамтрагчаа болгосон нь талархал, сайн сайхан чанарт анхаарахад маань тусалж, бусдад хэрхэн үйлчлэхийг надад харуулан, хүнд хэцүү цагт намайг Аврагчийн хайраар хүрээлдэг болохыг би олж мэдсэн.

Өөрийн эцэг Мормоныг нас барсны дараа үгсийг нь уншаад, Моронай хэчнээн их тайвширч байсан бол гэж би заримдаа боддог. Би түүний хэлсэн “[Охин минь]; Христэд итгэлтэй бай; … Христ чамайг өргөг” (Моронай 9:25) гэх үгсийг өөртөө хэрэгжүүлэх гэж оролдсон. Тэр үргэлж өргөнө гэдгийг би олж мэдсэн! Аврагч бидэнд энэ хэцүү бэрх ертөнцөд тулгарч буй бүх асуудлыг давах хүч чадал өгч, итгэл найдвараа хадгалахад тусалж чадна.

Энэ жил хүнд хэцүү байсан ч гэсэн энэ туршлага Есүс Христийн тухай миний гэрчлэлийг бэхжүүлж, Моронайн адилаар Түүнд бүрэн итгэхийг заасанд би ихэд талархаж байна. Би Есүс Христийн Америкт байсан тухай тэмдэглэлийг уншиж байхдаа, Түүнийг ирэхээс өмнө Нифайн хүмүүсийн нутагт агуу хийгээд гайхамшигт өөрчлөлт гарч байсныг ойлгож билээ (3 Нифай 11:1-ийг үзнэ үү). Мэдээж, Аврагчийг буцаж ирэхээс өмнө бид өөрсдийн өөрчлөлт дундуур явж, Түүнтэй дахин уулзахад өөрсдийгөө бэлтгэх боломжтой байна. Учирч буй бүх сорилт бэрхшээл маань бид бүгдэд Түүнтэй уулзахад бэлтгэхэд туслахын тулд боломж олгож байгааг би мэднэ.

Есүс Христ бол миний Аврагч гэдгийг би мэднэ. Тэр бол тодорхой бус замаар намайг чиглүүлэх надад хэрэгтэй гэрэл юм. Мөн би Мормоны Ном бол Түүний нэг гэрээ гэдгийг мэднэ. Энэ номд агуулагддаг үнэн биднийг Түүнд хандахад болон хямралын үед хүч, зориг өгч, итгэлтэй байхад үнэхээр тусалж чадна. Энэ нь миний төлөө байсныг би мэднэ.