2020
Яагаад Есүс Христ бидэнд хэрэгтэй вэ?
2020 оны 12-р сар


ЯагаадЕсүс Христ бидэнд хэрэгтэй вэ?

2017 оны 12-р сарын 12-нд Бригам Янгийн Их Сургууль дээр хэлсэн “A Message at Christmas” үгээс авав.

Энэ Христийн мэндэлсний баяраар дуу шуугианаа багасгаж, Бурханы Хүүгийн гайхамшигт төвлөр.

painting of shepherds coming to see Mary and baby Jesus

Adoration of the Shepherds, by Michelangelo Merisi da Caravaggio, Bridgeman Images

12-р сар нь бидэнд Христийн мэндэлсний баяр дээр нэмээд, 12-р сарын 23-нд төрсөн бошиглогч Иосеф Смитийн амьдрал, түүний оруулсан хувь нэмрийн талаар тунгаан бодох боломжийг олгодогт би талархдаг. Байнгын эсэргүүцэл, хавчлага, сорилтын дунд, Их Эзэний мутар дахь зэмсгийн хувьд түүний хийж бүтээсэн зүйлсийг бүрэн дүүрэн ойлгох аргагүй. Бид ирээдүйд бошиглогч Иосефыг өмнөх бүх эрин үе бүгд урвалтаар төгссөн ч амжилт олох хувь заяатай энэхүү агуу хийгээд сүүлийн эрин үеийн зохистой тэргүүн хэмээн өргөмжлөгдөхийг харах болно.

Энэ эрин үед хүнээс биш, харин Бурханаас эмээж сурсан өөр хүн энэ бошиглогчоос өөр байхгүй болов уу (Сургаал ба Гэрээ 3:7–8-ыг үзнэ үү). Их Эзэн Иосефоос маш хүнд бэрх зүйлсийг хүссэн. Тэр хүссэн зүйлсийг нь гүйцэтгэсэн ба үр ашгийг нь бид хүртэж байгаа билээ.

Мормоны Номыг орчуулж, хэвлүүлсэн нь том амжилт байсан бөгөөд энэхүү сүүлийн эрин үед Их Эзэний үйл хэргийг амжилтад хүргэх үндэс суурь болсон. Иосеф Мормоны Номоор болон үзэгдэл, илчлэлтээрээ дамжуулан Бурханы Цорын Ганц Хүү, хүн төрөлхтний Гэтэлгэгч Есүс Христийг шинэ эрин үед жинхэнэ мөн чанараар нь илчилсэн.

Нэн ялангуяа энэ баярын өдрүүдэд бид бошиглогч Аврагчтай ямар хувийн харилцаатай байсныг мөн “[Христийн] талаар [түүний өгсөн] хамгийн сүүлчийн гэрчлэл болох Тэр амьд” (Сургаал ба Гэрээ 76:22) хэмээх гэрчлэлийг дурсан санадаг. Амьд Христийн талаарх Иосефын гэрчлэл ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн (1910–2008) мэдэгдлийг надад сануулдаг. Тэрээр “Христийн амилсны баяргүйгээр Христийн мэндэлсний баяр байхгүй байх байсан. Бетлехемийн нялх Есүс, Гетсемаийн болон Калварийн гэтэлгэгч Христгүйгээр мөн Амилуулалтын гайхамшигт ялалтгүйгээр өөр хүү байх байсан”1 хэмээсэн.

Яагаад Есүс Христ бидэнд хэрэгтэй вэ?

Хэсэг хугацааны өмнө, олон жил Сүмийн гишүүн байсан нэгэн хүн надаас “Яагаад Есүс Христ надад хэрэгтэй вэ? Би зарлигуудыг дагадаг сайн хүн. Яагаад Аврагч надад хэрэгтэй вэ?” гэж асуусан юм. Сургаалын маань хамгийн чухал хэсэг болох авралын төлөвлөгөөний үндэс суурийг энэ гишүүн ойлгоогүй байсан нь намайг гайхшируулсан гэдгийг дурдах нь зөв болов уу.

“За, эхлээд үхэл гэх нэг жижигхэн асуудал бий. Эцсийн эцэст үхлээр төгсөхийг та хүсэхгүй гэж би бодож байна. Мөн Есүс Христгүйгээр амилуулалт гэж байхгүй байх байсан” гэж би хариулсан юм.

Хамгийн сайн хүмүүс ч гэсэн зөвхөн Аврагчийн цагаатгагч ач ивээлээр дамжуулан өршөөгдөж, цэвэршүүлэгдэх хэрэгтэй болох талаар би ярьсан.

Гэтэл цаашлан, “Бурхан бидэнд хайртай юм чинь хүссэн бүхнээ хийж, Аврагчийн тусламжгүйгээр биднийг аварч болохгүй юм уу?” гэсэн өөр түвшний асуулт гарч ирж болох юм. Өнөөгийн дэлхийд ийм утга агуулгатай асуулт тавих хүн олон байж магад. Тэд Бурханд болон мөнх бус оршихуйн дараах амьдралд итгэдэг атлаа Бурхан бидэнд хайртай учраас бидний хийдэг хийдэггүй зүйлс Түүнд хамаагүй, Тэр зүгээр л асуудлыг шийддэг гэж боддог.

Энэ үзэл бодол бүр эртнээс улбаатай. Жишээ нь, Нихор “эцсийн өдөр бүх хүн төрөлхтөн аврагдах болно, мөн тэд айх бас чичрэх ч хэрэггүй, харин тэд тэргүүнээ өргөн мөн баясаж болох ажээ; учир нь Их Эзэн бүх хүмүүнийг бүтээсэн, мөн түүнчлэн бүх хүмүүнийг гэтэлгэсэн; мөн, төгсгөлд нь, бүх хүмүүн мөнх амьдралтай байна хэмээн тэрээр хүмүүст түүнчлэн гэрчлэв” (Алма 1:4) гэжээ.

Нихорын сургаалаас хамгийн эмгэнэлт дүр болох, “өглөөний хүү” Люсиферийн дэвшүүлсэн авралын талаарх хандлагыг харж болно (Исаиа 14:12-ыг мөн Сургаал ба Гэрээ 76:25–27-г үзнэ үү). Бурхан Люсиферыг “мөн адил эхлэлээс байгаа бөлгөө, мөн тэрээр миний өмнө ирж, хэлэв,—Болгоогтун, би энд байна, намайг илгээгтүн, би таны хүү байх болно, мөн нэг ч бодгаль хаягдахгүйгээр бибээр хүн төрөлхтнийг гэтэлгэх болно, мөн үүнийг би гарцаагүй хийх болно, иймийн тулд өөрийн алдар хүндэтгэлийг надад өгөгтүн.

Гэвч, болгоогтун, миний Хайрт мөн эхлэлээс Сонгогдсон Хайрт Хүү минь, надад хэлэв—Аав аа, таны таалал хэрэгжих болно, мөн алдар суу үүрд таных байх болно” (Moсе 4:1–2) хэмээн тайлбарлажээ.

Энэ нь зөвхөн Есүс Эцэгийн төлөвлөгөөг дэмжиж, Люсифер бага зэрэг өөрчлөлт оруулахыг санал болгосон явдал биш байлаа. Люсиферийн санал бидний өөрсдийн сонголтоор үйлдэх боломжийг үгүй болгон, төлөвлөгөөг устгах байв. Люсиферийн төлөвлөгөө үнэн хэрэгтээ Бурханы бусад бүх охид, хөвгүүдийг буюу биднийг өөрийн утсан хүүхэлдэй болгох дарамт дээр суурилах байлаа. Эцэг энэ бүхнийг ийн дүгнэжээ.

“Иймийн тул, Сатан миний эсрэг бослого гаргасан хийгээд бибээр Их Эзэн, Бурхан, мөн тэрчлэн түүнд өгсөн хүмүүний сонгох эрхийг эрэлхийлэн мөн би түүнд өөрийн хүчийг өгөх ёстой гэсний учир түүнийг би Төрсөн Ганцынхаа хүчээр доош хаягдахаар болгосон бөлгөө;

Мөн тэрээр Сатан, тийм ээ, бүр чөтгөр, хүмүүнийг мэхлэн мөн харалган болгох, мөн тэднийг, бүр миний дуу хоолойг үл сонсох болгоныг таалалдаа боолчлон хөтлөх бүх худал хуурмагийн эцэг болсон билээ” (Moсe 4:3–4; тодотгол нэмэгдсэн).

Харин эсрэгээрээ, Эцэгийн арга замаар үүнийг хийснээр бидэнд нэн хэрэгтэй мөнх бус амьдралын туршлага олгох байсан. “Мөнх бус амьдралын туршлага” гэдэг нь миний хувьд сонгох эрх буюу бид “сайн сайхны үнэ цэнийг мэдэж болохын тулд гашууныг [амсаж]” (Мосе 6:55), сурч боловсрон, наманчилж, өсөж хөгжин, зүгээр “үйлдүүлэх” (2 Нифай 2:13) явдал биш, харин өөрсдийнхөө төлөө үйлдэх чадавхтай нэгэн болж, эцэст нь хилэнцтийг ялан дийлж, селестиел хуулийн дагуу амьдрах хүсэл, чадвараа харуулна гэсэн үг юм.

Энэ нь биднээс сайн, муугийн талаарх мэдлэг, хоёр зүйлээс нэгийг нь сонгох чадавх, боломжийг шаарддаг. Мөн энэ нь хийсэн сонголтынхоо өмнөөс хариуцлага хүлээхийг шаарддаг. Үгүй бол энэ бүхэн сонголт байж чадахгүй билээ. Сонголт нь эргээд хуулийг юм уу урьдчилан харах боломжтой үр дүнг шаарддаг. Бид тодорхой үйлдэл эсвэл сонголтоор тодорхой үр дүн, үр дагаварт хүрэх ёстой. Харин үүний эсрэг сонголт нь эсрэг үр дагаварт хүргэдэг. Хэрэв үйлдлүүд тодорхой үр дагаварт хүргэхгүй бол үр дүнг хэн ч хянах боломжгүй бөгөөд сонголт хийх нь утгагүй байх болно.

painting of Jesus visiting the Nephites

НЭГ НЭГЭЭР НЬ, ВОЛТЭР РЭЙН

Хууль ба шударга ёс

Алма шударга ёсыг хуультай адил утгаар хэрэглэн, “Эдүгээ шударга ёсны ажил [хуулийн үйл ажиллагаа] устгагдах учиргүй; хэрэв тэгвэл, Бурхан нь Бурхан байхаа болих сон” (Алма 42:13) гэж хэлжээ. Бурханы хуулийг ойлгох төгс ойлголт, үүнийг ашиглах байдал, өөрөөр хэлбэл Өөрийнх нь шударга ёс Өөрт нь хүч өгдөг гэсэн үг юм. Сонгох эрхтэй мөн уг эрхээ хэрэгжүүлэх боломжтой байхын тулд бидэнд Бурханы Өөрөө дагаж мөрддөг, хэрэгжүүлдэг, тогтсон, хувиршгүй хуулийн тогтолцоо, шударга ёс хэрэгтэй.2 Энэ шударга ёс бол бидний үйлдэх эрх чөлөөний үндэс суурь ба туйлын аз жаргалд хүрэх цорын ганц арга зам юм.

Их Эзэн бидэнд “хуулиар зохицуулагддаг тэр нь тэрчлэн хуулиар хамгаалагдан мөн төгөлдөржиж мөн түүгээр ариусгагддаг бөлгөө” (Сургаал ба Гэрээ 88:34) хэмээн хэлсэн. Гэхдээ бид үргэлж, найдвартай “хуулиар зохицуулагдаагүй” гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Хууль зөрчсөн үедээ бид хууль, шударга ёс биднийг хамгаалж, төгөлдөржүүлэхийг хүлээх ёсгүй (2 Нифай 2:5-ыг үзнэ үү). Тиймээс шударга байхын зэрэгцээ хайраар өдөөгдсөн Тэнгэрлэг Эцэг маань нигүүлслийг бий болгосон. Тэрбээр үүнийг Өөрийн Цагаатгалаар, бидний төлөө шударга ёсны төлөөсийг төлж чадах Нэгэн болох Өөрийн Цорын ганц Хүүг бидний нүглийн төлөө өргөл болгон өгснөөр биднийг буруутгалгүй хуулийн өмнө зөвтгөсөн, дахин нэг удаа дэмжиж, хамгаалах замаар гүйцэтгэсэн. Алма ийн тайлбарлажээ.

“Мөн эдүгээ, нигүүлслийн төлөвлөгөө нь цагаатгал хийгдэхгүйгээр улиран тохиогдох боломжгүй; тиймийн тул Бурхан нь төгс, шударга Бурхан, мөн түүнчлэн нигүүлсэнгүй Бурхан байж болохын тулд нигүүлслийн төлөвлөгөөг гүйцэлдүүлэхээр, шударга ёсны шаардлагыг хангахаар Бурхан өөрөө дэлхийн нүглийн төлөө цагаатгалыг нөхөн төлдөг. …

Гэвч хууль өгөгдсөн, мөн шийтгэл нь [эсвэл үр дагавар нь] тогтоогдсон, мөн наманчлал олгогдсон юм; нигүүлсэл нь наманчлалыг шаардана; өөрөөр бол, шударга ёс нь уг хүнийг шаардаж, мөн шударга ёс хуулийг хэрэгжүүлж, мөн хууль нь шийтгэлийг оноодог; хэрвээ тийм бус аваас, шударга ёсны ажлууд устгагдаж, мөн Бурхан нь Бурхан байхаа болих сон.

Гэвч Бурхан Бурхан байхаа болихгүй, мөн нигүүлсэл нь гэмшигчийг шаарддаг, мөн нигүүлсэл нь цагаатгалын учир ирдэг” (Алма 42:15, 22–23).

Мэдээж наманчилдаг хүмүүс л хариуцлага үүрч, наманчлалаар дамжуулан Түүний нигүүлслийг хүлээн авдаг.3 Өөрөөр хэлбэл, Өөрийнх нь Хайрт Хүү бидний нүглийн төлөө Цагаатгалыг гүйцэтгэсэн учраас бидэнд зөвхөн Тэнгэрлэг Эцэг л санал болгож болох тэрхүү өршөөлийн энэрэнгүй бэлгийг нэхэж авахын тулд бидний хийх зүйл бол наманчлал юм.

painting of Jesus Christ praying in Garden of Gethsemane

ХРИСТ ГЕТСЕМАНИЙН ЦЭЦЭРЛЭГТ ЗАЛБИРЧ БАЙГАА НЬ, ХЕРМАНН КЛЕМЕНИЗ

Есүс Христийн Цагаатгал

Есүс Христийн Цагаатгалын ачаар бид муу сонголтынхоо үр дагавраас эргэн босож чадна. Бусдын нүгэл, алдаа дутагдлын бидэнд үзүүлсэн нөлөө, шударга бус бүхэн Есүс Христийн Цагаатгалын ачаар нөхөн төлөгдөнө. Бүрэн бүтэн болж, ариусгагдахад бидэнд Аврагч хэрэгтэй. Тиймээс бидний асуултад “Үгүй ээ, Бурхан хүнийг аврахын тулд Өөрийн хүссэнээрээ үйлдэж чадахгүй. Тэр дур зоргоороо байхын зэрэгцээ шударга байж чадахгүй. Хэрэв Бурхан шударга биш байвал Бурхан байхаа болино.” Тиймээс аврал, өргөмжлөл нь хөдөлшгүй хууль, шударга ёсыг дагаж мөрдөх замаар гүйцэлдэх ёстой. Аврагчийг өгснөөр шударга ёсыг хамгаалж үлдсэнд нь Бурхандаа талархъя” гэж хариулна.

Мөнх бус оршихуйн өмнөх амьдрал дахь агуу зөвлөлөөр Люсифер сайн дураараа бидний аврагч болъё гээгүй гэдгийг анхаарна уу. Тэр бидний өмнөөс зовж шаналж, амиа өгч, цусаа урсгах сонирхолгүй байсан. Тэр шударга ёс гүйцэлдэхийг хүссэнгүй, харин өөрөө хууль тогтоогч болохыг эрэлхийлж байв.4 Люсифер Эцэгтээ “өөрийн алдар хүндэтгэлийг надад өгөгтүн” (Мосе 4:1) гэж хэлэхдээ, уг хүчийг өөрийн дур зоргоор ашиглахын тулд “Захирах эрхийг надад өгөөч” гэсэн утгаар хэлсэн гэж би боддог. Түүний хэлсэн зүйл ямар ч цаг мөчид хууль болох байсан. Ийм байдлаар хэн ч өөрийн хүслээр үйлдэж чадахгүй байх байсан. Люсифер бүхнээс дээгүүр заларч, өөр хэн ч ахиж дэвшихээргүй байх байсан.

Нөгөө талаас, Есүс ах дүү нь өсөж хөгжихөд өөрчлөгдөн хувирдаггүй шударга ёс, нигүүлсэл хоёрын аль аль нь байх шаардлагатай гэдгийг ойлгожээ. Тэрээр Эцэгтэй хамт биднийг хүчээр захирч, ноёрхохыг эрэлхийлээгүй, харин Эцэгтэй хамт “бүхний дээр байж,” “бүх хүч байж” (Сургаал ба Гэрээ 132:20) болохын тулд биднийг чөлөөлж, өргөн дэмжихийг эрэлхийлсэн.

Энэ сүнсэн Ууган Хүү махан биетэй Төрсөн Цорын Ганц Хүү болж, төсөөлөхийн аргагүй зовж шаналан, биднийг гэтэлгэхийн тулд гутамшигт үхлээр үхэхийг сайн дураараа сонгосонд бид хэчнээн их талархах ёстой билээ. Тэрбээр шударга ёс, нигүүлсэл хоёрыг төгс байдлаар нэгтгэдэг. Тэрээр биднийг нүгэлтэй байлгах гэж бус, нүглээс гэтэлгэхээр ирсэн (Хиламан 5:10–11-ийг мөн Матай 1:21-ийг үзнэ үү).

Тэр бас биднийг Уналтаас, сүнслэг болон бие махбодын үхлээс гэтэлгэдэг. Тэр үхэшгүй байдал болон мөнх амьдралын үүд хаалгыг нээж өгдөг. Түүний хайранд умбахгүй байхын аргагүй. “Үнэхээр Тэр бидний сул дорой байдлыг тээж, Өвчин зовлонг маань үүрчээ. …

… Тэр гэмт үйлдлийн маань улмаас Тэр хатгагдан, Хилэнцийн маань улмаас Тэр бяцарч авай. Амар тайвны маань төлөө Түүн дээр гэсгээл байж, шархаар нь бид эдгэрчээ” (Исаиа 53:4–5).

painting of shepherds looking at baby Jesus, held by Mary

ЕСҮСИЙГ ХАЙРЛАН БИШРЭВ, Маттиас Стомэр, Bridgeman Images

Бурханыг магтъя

Христийн мэндэлсний баяр ойртох тусам зарим нь асуудалтай, зарим нь ирээдүйдээ санаа зовдог байж болох юм. Таны амьдрал маш их “чимээ шуугиантай,” амсхийх завгүй, нам гүм эргэцүүлэн бодох цаггүй, өөрийн сэтгэл зүрхийг уудлан харж, хаана байгаа, хаашаа явахаа тодорхойлох цаг гаргахгүй, их бага хэмжээгээр байнга онлайн дээр өнгөрч байж болох юм. “Шууд төгс төгөлдөр болох ёстой” эсвэл “амьдралдаа байнга аз жаргалтай, амжилттай байх ёстой” зэрэг бодит бус шаардлага танд нөлөөлж байж ч болно.

Та эдгээр буруу бодлоо хаяж, “чимээ шуугианаа” багасгаж, Христийн мэндэлсний баярын өдрүүдэд их биш юм аа гэхэд ядаж нэг цагийг Бурханы Хүүгийн “гайхамшгуудын” талаар тунгаан бодоход зарцуулаасай хэмээн би хүсэж байна. …”5 Энэ цаг хугацааг дахин баталгаа авах, шинэчлэх цаг болго.

Би өмнөх Христийн мэндэлсний баяраар дараах захиасыг бичиж байв.

“Бид Есүс Христийн мэндэлснийг ярихдаа, үүний дараа тохиолдох зүйлийн талаар зохих ёсоор ярьдаг. Биднийг илүү их халамжлахад Түүний мэдрэх зүйл, туулах зовлон буюу Түүний цовдлолт, амилалтын улмаас Түүний төрөлт туйлын ач холбогдолтой байсан (Aлма 7:11–12-ыг үзнэ үү). …

[Гэхдээ би] жилийн энэ үеийг тэвшин дэх нялх хүүхдийн талаар бодох тохиромжтой үе гэж боддог. Ирээдүйд болох зүйлүүдээс сүрдэх эсвэл тэдгээрийн талаар санаа зовох хэрэггүй. … Тэнгэрлэг бошиглолын биелэл, Түүний дэлхийн амьдралын эхлэлийг тунгаан бодохын тулд чимээгүй, амар тайван хэдэн хормыг зарцуул.

Түр амсхийх, амар тайван байх, оюундаа энэ бяцхан хүүхдийг төсөөлөн харах цаг гарга. Түүний эсвэл таны амьдралд юу тохиолдох бол гэж тэгтлээ санаа зовох хэрэггүй. Үүний оронд, дэлхийн түүхэн дэх хамгийн амгалан мөч буюу “Дээр өндөрт алдар нь Бурханд байх болтугай, доор газарт амар тайван нь Түүний тааллыг олсон хүмүүст байх болтугай” (Лук 2:14)6 гэсэн захиастай хамт тэнгэр баясаж байсан мөчийг тунгаан бодоход амар тайван хэдэн мөчийг зориул.

Эх сурвалж

  1. Teachings of Presidents of the Church: Gordon B. Hinckley (2016), 330.

  2. “Мөн хаант улс болгонд хууль өгөгдсөн болой; мөн хууль болгонд тодорхой хязгаарууд тэрчлэн мөн нөхцөлүүд буй. Тэдгээр нөхцөлийг мөрддөггүй бүх хүмүүн зөвтгөгддөггүй бөлгөө” (Сургаал ба Гэрээ 88:38–39). Бурхан хамгийн дээд хаант улсын хуулийг дагаж мөрддөг. Тиймээс “Тэрээр бүх зүйлийг ухамсарладаг, мөн бүх зүйл түүний өмнө байдаг, мөн бүх зүйл түүний эргэн тойронд байдаг, мөн тэрбээр бүх зүйлийн дээгүүр, мөн бүх зүйлд байдаг, мөн бүх зүйлээр дамжсан байдаг, мөн бүх зүйлийн эргэн тойронд байдаг; мөн бүх зүйл түүгээр, мөн түүнээс, бүр Бурханаас, үүрд мөн мөнхөд болой” (Сургаал ба Гэрээ 88:41).

  3. “Тийм ээ, мөн миний хүмүүс наманчлах болгонд би тэднийг миний эсрэг алдаануудад нь өршөөх болно” (Мозая 26:30).

  4. Сатаныг дагадаг тэдгээр нь адил зорилготой бөгөөд Их Эзэний тунхагласанчлан “Хууль зөрчигч, мөн хуулийг мөрддөггүй атлаа өөрөө өөртөө хууль бий болгохыг эрэлхийлдэг, мөн нүгэлд байхыг хүсдэг, мөн бүхэлдээ нүгэлд байдаг тэр нь хуулиар ч, мөн нигүүлслээр ч, шударга ёсоор ч, мөн шүүлтээр ч ариусгагдаж чадах нь үгүй. Тиймийн тул, тэд бузар хэвээр үлдэх ёстой” хэмээн орчин үед тодорхойлсон байдаг (Сургаал ба Гэрээ 88:35).

  5. Teachings: Gordon B. Hinckley, 331.

  6. Д.Тодд Кристоффэрсон, “Амар амгалан бай,” Лиахона, 2015 оны 12-р сар, 36.