2020
Төгс мод
2020 оны 12-р сар


Төгс мод

“Jesus, once of humble birth, now in glory comes to earth” (Есүс даруухан төрсөн ч дэлхийд алдар суутайгаар залран ирнэ) (Hymns, no. 196).

The Perfect Tree

“Ээж ээ, үүнийг хар даа!” гэж Жошуа Христийн мэндэлсний баярын сүлд мод руу заав. Энэ нь төгс ногоон мөчиртэй, өндөр, нарийхан мод байлаа.

Ээж нь зогтусан, үнийнх нь шошгыг хараад, толгойгоо сэгсрэв. “Үгүй дээ, авч чадахгүй гэж бодож байна.”

Жошуа санаа алдан цааш алхлаа. Зах бүхэлдээ хүнсний лангуу, Христийн мэндэлсний баярын сүлд модоор дүүрсэн байв. Сүлд модоо засах, bûche de Noël зэрэг амттангаа хийхэд орох зүйлсээ худалдаж авч буй гэр бүлүүдийн хөл хөдөлгөөнд зах дарагдсан байлаа. Ээж нь хоол хүнсээ цуглуулахаар Жошуаг дагуулан гарсан боловч тэр Христийн мэндэлсний баярын сүлд модноос нүд салгасангүй. Зарим мод нь өндөр, нарийхан байхад зарим нь намхан, пагдгар байв. Тэр байтугай өөртэй нь чацуу модыг хүртэл Жошуа харлаа.

Ээж нь энэ жил мөнгө муутай байгаа гэж хэлжээ. Тэд сүлд мод ч худалдаж авч чадахгүй байх. Жошуа үүнд бага зэрэг сэтгэлээр унав. Тэр ээжтэйгээ хамт зах явах болгонд Христийн мэндэлсний баярын төгс сүлд модыг хайсаар байв. Юмыг яаж мэдэх вэ, тэдэнд гэртээ авч харих мод олдох ч юм бил үү.

Жошуа ээжийнхээ гараас хөтлөлцөн, дараагийн эгнээний моднууд руу алхав. Жошуа уулга алдлаа. Тэрхүү төгс мод яг тэнд байж байх нь тэр!

Тэр түрүүлэн гүйж очоод, модыг барьж үзэв. Тэр мод тийм ч ногоон байсангүй. Сэгсгэр мөчир ч алга. Бас тийм ч өндөр биш байв. Үнэндээ энэ мод таяг тулсан өвгөн шиг бөхийсөн байлаа.

“Ээж ээ, энэ төгс юм байна! Жошуа ийн хэлэв. “Бид үүнийг гэртээ авч болох уу?” Тэгье л дээ?” гэж тэр гуйлаа.

Ээж нь үнийнх нь шошгыг хараад, “За, яах вэ, энэ тийм ч үнэтэй биш юм байна. Манай машинд ч багтах юм байна” гэлээ.

Жошуа тэсэн ядан хүлээж байв. Тэр ээжийгээ модны үнийг төлөхийг хүлээх зуур хүрмийнхээ ханцуйг оролдож байлаа. Удалгүй нэг сайн ах модыг нь машинд оруулахад туслав. Тэднийг гэртээ ирэхэд хойд ах Маттиу, аав хоёр нь модыг машинаас гаргахад тусаллаа. Тэд модыг дотогш оруулж, урд өрөөнийхөө буланд байрлуулав.

“Эхлээд бид гэрлээ зүүх хэрэгтэй” гэж Маттиу хэлэв.

Мод их далий байснаас гэрэл зүүхэд тийм ч амар байсангүй. Маттиу гэрлүүдээ модны дээд хэсгээр, харин Жошуа доод хэсгээр нь зүүлээ. Дараа нь тэд чимэглэлээ өлгөж, эцэст нь аав нь модны орой дээр од тавихад Жошуад туслав.

Аав гэрлийг нь асаагаад, ээжийг мөрөөр нь тэвэрлээ. Жошуа мод руугаа харан инээмсэглэв. Модны гэрэл өрөөг бүхэлд нь дулаацуулж, тав тухтай болгож байлаа. Тэр модныхоо доор суун, тод өнгийн чимэглэлүүдээ харав. Мод нь одоо бөхийсөн, өрөвдөлтэй харагдахгүй байлаа. Маш үзэсгэлэнтэй, төгс харагдаж байв!

“Энэ бол Есүсийн төгс мод” гэж Жошуаг хэлэхэд

“Наадах чинь юу гэсэн үг вэ?” гэж ээж нь асуув.

“Манай мод яг Есүстэй адилхан. Тэр хямдхан, тоосонд дарагдсан тэвшинд төрсөн шүү дээ. Манай мод ч бас зах дотор хямдхан, өрөвдөлтэй мод байсан. Гэхдээ одоо мод маань Есүс хэрхэн сүр жавхлант хаан болсонтой адил үзэсгэлэнтэй, сүрлэг харагдаж байна” гэж Жошуаг хэлэхэд,

“Манай төгс Есүсийн мод. Надад энэ үг таалагдаж байна шүү!” гэж аав нь хэллээ.

Жошуа инээмсэглэв. Энэ үнэхээр Христийн мэндэлсний онцгой баяр болохоор байлаа.