2020
Бэлэг хүлээн ав
2020 оны 12-р сар


Бэлэг хүлээн ав

Бурханы үгийг судлах, үйлчлэх, наманчлах, ариун сүмд очих зэрэг нь энэ Христийн мэндэлсний баяраар Бурханы хайрыг мэдрэхэд бидэнд тусална.

illustraton of the tree of life

11-р сарын нэг орой гэртээ иртэл хүүхдүүд маань унтлагын өрөөгөө Христийн мэндэлсний баярын үлгэрийн орон болгосон байв. Зул сарын гацуур мод, гялтганасан саа, хэлхээтэй гэрэл, цаасан цасан ширхгүүд булан тохой, орны хүрээ, хана, тааз зэргийг чимсэн байлаа. Түлээний мод, гэрэл, оймсоор чимэглэсэн, гараар хийсэн ханын зуухны дүр зургийг гүйцээж тавьсан байв. Христийн мэндэлсний баярын энэ сүрлэг дүр зураг гэр орон, зүрх сэтгэлийг маань дулаацуулсан юм.

Христийн мэндэлсний баярын талаарх миний дуртай өөр нэг дүр зургийг бошиглогч Нифай дүрсэлсэн байдаг. Нифайн эцэг Лихай жимс нь сэтгэлийг нь үлэмж баяраар дүүргэх сайхан жимстэй нэгэн модыг үзэгдлээр олж харснаа хуваалцсан (1 Нифай 8:12-ыг үзнэ үү). Нифай бас эцгийнхээ дүрсэлсэн модыг харах хүсэлтэй байв. Нифай залбирлынхаа хариуд уг үзэгдлийг харсан. Энэ үйл явдлын талаарх Нифайн цэдэг миний хувьд Христийн мэндэлсний баярын гайхамшигт түүх юм. Тэр ийнхүү бичжээ.

“Мөнхүү улиран тохиох дор би модыг хараад, Сүнсэнд хандан: Та надад бүхнээс эрхэм дээд тэр модыг үзүүлснийг би ухаарав хэмээн хэлэв.

Мөн тэрээр надад: Юуг хүснэв та? хэмээв.

Мөн би түүнд хариулж, өгүүлсэн нь: Үүний утгыг мэдэх хүсэлтэй гэв …

… Мөн би Назар хотыг үзэв; бас Назар хот дахь онгон бүсгүйг би харав, мөн тэрбээр үлэмж хонгор мөн цагаан байлаа. …

… Мөн тэр надад хандан: Болгоогтун, таны харж буй тэр онгон бүсгүй бол Бурханы Хүүгийн махан бодийн биеийг төрүүлэгч эх нь бөлгөө хэмээв.

… Мөн би сайхь онгон бүсгүйг дахин харж, гар дээрээ хүүхэд тэвэрсэн байхыг болгоов.

Мөн тэнгэр элч надад хандан: Бурханы Хургыг, тийм ээ, бүр Мөнхийн Эцэгийн Хүүг болгоогтун! … хэмээв” (1 Нифай 11:9–11, 13, 18, 20–21).

Нифай уг модны утгыг мэдэхийг хүсэхэд түүнд Христийн мэндэлсний анхны баярыг үзүүлсэн нь чухал ач холбогдолтой гэж би үздэг. Дараа нь Сүнс модны утгыг ойлгосон эсэхийг Нифайгаас асуухад Нифай энэхүү сүнсээр өдөөгдсөн дараах хариултыг өгчээ.

“Тийм ээ, энэ бол хүмүүний үрсийн зүрхэнд хааяагүй түгэх Бурханы хайр; иймийн тул, энэ нь бүхнээс илүү, хамгийн ихээр хүслийг татагч буюу” гэхэд

Сүнс “Тийм ээ, мөн бодгальд хамгийн их баясгалант болой” (1 Нифай 11:22–23) хэмээн нэмж хэлжээ.

Нифай энэ туршлагаараа дамжуулан бидний бодгальд хамгийн хүсүүштэй, баясалтай зүйл бол Бурханы Хүү, Есүс Христээр дамжуулан Түүний хайрыг мэдрэх явдал юм гэдгийг ойлгосон. Энэ бол Христийн мэндэлсний баярын жинхэнэ бэлэг юм. Гэвч бидний дунд олон хүн амьдралдаа, тэр бүү хэл энэ баярын өдрүүдэд ч Бурханы хайрыг мэдэрч чаддаггүй. Энэ Христийн мэндэлсний баярын өдрүүдэд Бурханы хайрын бэлгийг хүлээн авахын тулд бидний хийж болох дөрвөн зүйлийг доор санал болгон оруулав.

1. Бурханы үгсийг судлах

Судрууд, амьд бошиглогчдын үгсийг тогтмол судал эсвэл дахин судалж эхэл. Лихай үзэгдэлдээ мод руу хөтөлсөн “төмөр бариулыг” харсан (1 Нифай 8:19). Бурханы хайрыг мэдэрсэн хүмүүс төмөр бариулд хүрч, зууран барьсаар модны жимснээс хүртэх хүртлээ тавилгүй, урагшилсаар байв (1 Нифай 8:30). Энэ төмөр бариул Бурхан үг байсныг Нифай мэдэж авдаг (1 Нифай 11:25-ыг үзнэ үү).

Бид Их Эзэний үгсийг судалснаар Түүнийг амьдралдаа урин авчирч болно. Бидний амлалт дааж давшгүй хүнд байх шаардлагагүй. Найзуудыгаа судраа хэр удаан судлах ёстой вэ гэж асуухад би дандаа “Сүнсийг мэдэртлээ унш. Дараа нь үргэлжлүүлж унших хэрэгтэй гэдгээ мэдэрч магад” гэж хариулдаг. Бидний унших цаг, шүлэг, бүлгийн тоо тийм ч чухал биш. Хамгийн чухал нь судлах явцдаа Сүнстэй хамт байхыг эрэлхийлэх хэрэгтэй. Их Эзэн бидний гаргасан хүчин чармайлтыг өчүүхэн гэлтгүй адислах болно.

12-р сарын Ирээд, Намайг дага судлах материалд Моронайн ном болон “Христийн мэндэлсний баяр” гэсэн онцгой бүлэг багтсан. Ариун ёслолын залбирлуудыг болон Моронай гэх мэт бошиглогчдын Есүс Христийн талаар хүчтэй хувийн гэрчлэлээ хуваалцсан үгсийг судлан, өөрсдийгөө сударт умбуулах шиг сайхан боломж өөр хаана байх билээ?

Бид бас Ерөнхий чуулганы сэтгүүлээс чуулганы үгсийг уншиж эсвэл Gospel Library дээрх тэдний үгийг сонсон, амьд бошиглогчдын үгсийг судалж болно. Лихайн зүүдэн дэх төмөр бариулын адил Христийн үгсийг шинээр судлах нь энэ Христийн мэндэлсний баяраар Бурханы хайрыг мэдрэхэд биднийг хөтөлж болох юм.

2. Үйлчлэх

Өсвөр насанд минь болж өнгөрсөн хамгийн нандин Христийн мэндэлсний баяр бол гэр бүлээрээ авга, нагац ах эгч, үеэлүүдтэйгээ хамт тусламж хэрэгтэй байсан орон нутгийнхаа гэр бүлд хувцас хунар, хоол хүнс, тоглоом, нүдний шил, цахилгаан бараа хандивлахад оролцсон явдал байв. Христийн мэндэлсний баярыг гэрт нь авчирсан урт цувааны нэгэн хэсэг байснаа би хэзээ ч мартахгүй. Энэ мэдрэмж Христийн мэндэлсний баяр өнгөрсний дараа ч хоногшиж үлдсэн бөгөөд ээжийнх нь болон дөрвөн хүүхдийнх нь талархсан сэтгэгдэл надад дурсамж болон үлдсэн юм. Тэр гэр бүлд үйлчилсэн нь миний зүрхэнд Бурханы хайрыг “хааяагүй түг[ээсэн]” (1 Нифай 11:22).

Бусдад үзүүлж буй үйлчлэл маань том эсвэл төвөгтэй байх албагүй. Бишопоор үйлчилж байхдаа ганцаардсан, түгшсэн эсвэл сэтгэлээр унасан хүмүүс манай орон нутаг, тойрогт ямар ч үед гарч ирж болно гэдгийг би мэдсэн. Утсаар ярих, санаа тавьсан мессеж, эелдэг үгтэй ил захидал илгээх, гэртээ хийсэн амттанг өгөх, ойр зуур хамтдаа алхах эсвэл хэн нэгэнд хүүхдийг нь харж өгч туслах нь тэнгэрээс илгээсэн гайхамшиг, залбирлынх нь хариу байж болно.

Хэрэв бид Тэнгэрлэг Эцэгээсээ “Өнөөдөр миний тусалж чадах хэн нэгэн байна уу?” гэж асуувал нэр эсвэл царай төрх нь бидний оюун санаанд орж ирэн, Ариун Сүнсний өдөөлт уг хүнийг хэрхэн адисалж болохыг ойлгоход бидэнд тусална. Бид тэдгээр өдөөлтийн дагуу үйлдсэнээр Бурханы тэднийг гэсэн хайрыг мэдрэх болно.

Сүмийн “Дэлхийг гэрэлтүүл” санаачилга Бурханы хайрыг бусдад мэдрүүлэхэд туслах үйлчлэлийн энгийн үйлдлүүдийг санал болгодог. Энэ Христийн мэндэлсний баяраар үйлчлэлээр дамжуулан амьдралдаа Бурханы хайрын бэлгийг хүлээн ав хэмээх Сүнсний өдөөлтийг хүлээн авбал Дэлхийг гэрэлтүүл санаачилга танд эхлэхэд тусална (ComeuntoChrist.org руу орно уу).

3. Наманчлах

Гурав дахь урилга бол Аврагчийн наманчлалын бэлгийг хүлээн авах явдал юм. Далын ахлагч Линн Г.Роббинс “Наманчлал бол бүтэлгүйтлээс бүтэлгүйтэл рүү урам зоригоо алдалгүй явах боломжийг бидэнд олгодог, байнга боломжтой байдаг Бурханы бэлэг юм. Наманчлал бол биднийг бүтэлгүйтсэн үед хэрэгжүүлэх Түүний нөөц төлөвлөгөө биш. Харин наманчлал бол биднийг алдаа гаргана гэдгийг мэдэж байсан Түүний төлөвлөгөө мөн”1 гэж заасан.

Энэ амьдрал хэцүү. Мөнх амьдралд хүрэх зорилгынхоо төлөө явах үед бид бүгдээрээ хүчин мөхөсдөж, Христийн Цагаатгалын гэтэлгэгч хүч бидэнд хэрэг болдог. Аврагчийн бидний гэм нүглийн шийтгэлийг сайн дураараа Өөр дээрээ авахаар сонгосон шалтгаануудын нэг бол бидэнд наманчлалын бэлгээс хүртэх боломж олгох явдал байв. Тэрээр төлөөсийг нь аль хэдийн төлсөн. Бидэнд зөвхөн Түүний дараах урилгыг хүлээн авах эсэхийг сонгох л үлдсэн.

“Тиймийн тул, наманчилж мөн бяцхан хүүхдийн адил надад ирэх хэнийг боловч, би түүнийг хүлээн авах болно, учир нь Бурханы хаант улс бол ийм хүмүүсийнх юм. Болгоогтун, ийм хүмүүсийн төлөө би амиа өгч, мөн үүнийгээ буцаан авсан юм; тиймийн тул наманчил, мөн дэлхийн хязгаарууд та нар надад ир, мөн аврагдагтун” (3 Нифай 9:22).

Сүнс бидэнд ачаагаа буулга хэмээн сүнслэг өдөөлт өгдөг ч бид бүгдээрээ ямар нэгэн нүглийн ачааг үүрч явдаг гэж би боддог. Манай бишоп, гадасны ерөнхийлөгчид бидэнд тусалж чадна. Аврагч сайхан сэтгэлтэй, өршөөнгүй тул Өөрийн үйлчлэгчдэд энэ сэтгэлээсээ хуваалцдаг. Тэд биднийг хайрлаж, Аврагчийн Цагаатгалаар дамжуулан эдгэрэхэд тусалдаг. Бид бүгдээр Аврагчийн Өөрт нь ирэх саналыг хүлээн авч, Христийн мэндэлсний энэ баяраар эдгэрч чадна.

4. Их Эзэний өргөөнд морилох

Түүний хайрыг хамгийн их мэдэрч байсан мөчүүдийн маань зарим нь Бурханы ариун сүмүүдэд тохиосон. Би тэнд сайхан эхнэртэйгээ энэ амьдралд төдийгүй мөнхөд лацдан холбогдсон. Би тэнд шийдвэр гаргахад туслах удирдамж хүсэн, хүнд бэрх үед амар амгаланг олохоор очдог. Ариун сүмд тэнгэрт арай илүү хурдан хүрч, илчлэлт арай илүү урсан ирдэг мэт санагддаг.

Ариун сүмийн ёслолууд гээд Мелкизедек санваарын ёслолуудын талаар Их Эзэн “Тиймийн тул, үүний ёслолуудад бурханлиг чанарын хүч илэрхийлэгддэг” (Сургаал ба Гэрээ 84:20) хэмээн хэлжээ.

Ариун сүмийн ёслолуудад оролцсоноор бид Бурханыг таньж эхэлдэг бөгөөд амар амгалан, бурханлаг амьдралын хүч бидний амьдралд ирдэг.

Ерөнхийлөгч Томас С.Монсон (1927–2018) “Биднийг ариун сүмд очиход хүмүүний зүрх сэтгэлд төрж болох аливаа мэдрэмжээс хавьгүй хол давсан сүнслэг байдлын цар хүрээ, амар амгалангийн мэдрэмж бидэн рүү ирдэг”2 хэмээн амласан.

Хэрэв та амар амгаланг мэдрээгүй хэсэг хугацаа өнгөрсөн бол энэ Христийн мэндэлсэн баярын өдрүүдэд яагаад ариун сүмийг дахин нээгдэхэд ариун сүмд байнга орж байх шинэ амлалтын эхлэлийг тавьж болохгүй гэж? Хэрэв та хишгээ хараахан хүртээгүй байгаа бол танай тойрог эсвэл салбарын удирдагчид танд бэлтгэхэд тусална. Бид бас өвөг дээдэс маань ариун сүмийн адислалуудыг хүлээн авч болохын тулд тэдний нэрсийг олж, илгээснээр Бурханы хайрыг мэдэрч чадна.

Жинхэнэ бэлэг

Бурханы үгс, чин сэтгэлийн үйлчлэл, наманчлах, ариун сүмийн ёслолуудад оролцох зэрэг нь бүгд Христийн мэндэлсний баярын жинхэнэ бэлгийг хүлээн авах боломж юм. Төлөөлөгч Иохан “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн” (Иoхан 3:16) хэмээн бичсэн. Энэ Христийн мэндэлсний баяраар бидний хүн нэг бүр Бурханы Хүү, Есүс Христээр дамжуулан Түүний гайхамшигт хайрын бэлгээс хүртэхэд бидэнд туслах эдгээр зүйлийг сонгохдоо Сүнсээр удирдуулах болтугай хэмээн би залбирч байна.

Эх сурвалж

  1. Линн Г.Роббинс, “Дал дахин долоон удаа,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 25.

  2. Томас С.Монсон, “Ариун сүмийн адислалууд,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 77.