2020
Ойртон очих: Аврагчтай адил хайрлах нь
2020 оны 12-р сар


Ойртон очих: Аврагчтай адил хайрлах нь

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

Бид Аврагчийн бусадтай харилцах үлгэр жишээнээс ихийг сурах боломжтой.

Jesus talking to the Samaritan woman at the well

Худаг дээр, Кристал Клөүс

Бид Сүмийн гомо гэгдэх гишүүдийн хувьд, Сүмийн гишүүдтэй болон бусадтай хэрхэн харилцаагаа хамгийн сайнаар авч үлдэж болохыг ойлгоход туслуулахдаа Аврагчийн үлгэр жишээг үргэлж дагадаг байсан. Нэг өдөр бид Аврагч биднээс хэрхэн “Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биенээ хайрлагтун” (Иохан 13:34) хэмээн хүссэн талаар бодож байв. Тэрээр “би та нарыг хайрласан учраас гээгүй, харин” “би та нарыг яаж хайрласан шиг” гэсэн нь бидэнд сонирхолтой санагдсан. Энэ нь Аврагч хүмүүсийг хэрхэн хайрладаг байсан юм бол гэж бодоход биднийг хүргэв. Тэр ямар байдлаар хайраа харуулдаг байсан бэ?

Бид Шинэ Гэрээг, ялангуяа Аврагч мөнх бус амьдралдаа бусадтай хэрхэн харьцаж байсан тухай түүхүүдийг судлахад цаг гаргахаар шийдэв. Бид хоёр хоёулаа ижил хүйстэндээ татагддаг эхнэр, нөхрийн хувьд, ялангуяа нийтийн ерөнхий ойлголтоос ангид байдаг бололтой хүмүүст Есүс хэрхэн ханддаг байсныг илүү сайн ойлгохыг хүссэн юм. Энд анзаарсан хэдэн загвараа дурдъя. Үүнд:

Есүс соёлын ялгааг эелдгээр хүлээн авдаг байсан

Бид Аврагчийн амьдралынхаа туршид үзэж туулсантай адилхан, нийгмийн болон улс төрийн хувьд асар их талцаж буй цаг үед амьдарч байна. Түүний амьдарч байсан цаг үе дэх зарим асуудал урт удаан хугацаанд байсан, түүхийн болон соёлын итгэл үнэмшилд гүн гүнзгий суурилсан байв.

Жишээ нь, Их Эзэн олон зуун жил үргэлжилсэн дайсагналын улмаас иудейчүүдийн зайлсхийлдэг байсан Самари нутгаар зориуд дайрч аялсан. Есүс нэгэн эмэгтэйтэй таарч, түүнээс ус татаж өгөхийг хүсэхэд тэрээр Түүнд иудей, самари үндэстний хоорондын ялгаанаас болж улс төр, шашны хувьд “өөр” хүн гэдгээр нь хандсан бололтой. (Иохан 4-ийг үзнэ үү.) Харин Есүс хариуд нь тэр эмэгтэйтэй Бурханы охин гэдгээр нь харьцсан. Тэр энэ эмэгтэйтэй хайраар, сэтгэлээсээ ярилцсан нь бид бүхэнд агуу үлгэр жишээ болдог. Дайсны түгээмэл ашигладаг башир арга бол тэр биднийг өөр хооронд нь тулалдуулахаар өөр өөр хуаранд салгадаг явдал юм. “Их Эзэн зүрхийг нь хардаг” (1 Самуел 16:7).

Энэ түүхээр өгсөн сургамжийг манай өнөөгийн нийгэмд хэрэгжүүлэх амархан. Бид өдөр бүрийн ердийн амьдралдаа, Сүмийн цуглаан болон үйл ажиллагаан дээр янз бүрийн нөхцөл байдалтай хүмүүстэй таардаг. Заримыг нь бүр улс төр, соёлын дайсан хэмээн нэрлэж ч болно. Бид ялгаж салгадаг зүйлс дээр биш, харин Тэнгэрлэг эцэг эхийн хүүхдүүдийн хувьд нийтлэг зүйлс дээрээ анхаарлаа хандуулж, бусадтай Аврагчийн адил хайраар ярилцаж сурах сонголтыг хийж чадна.

Аврагч амилсныхаа дараа Америк дахь хүмүүс дээр айлчлан очиж, “Чөтгөр нь … зөрчилдөөний эцэг юм, мөн тэрбээр хүмүүний зүрх сэтгэлийг нэг нэгэндээ уурлан зөрчилдөхөд өдөөн хатгадаг” (3 Нифай 11:29) хэмээн заасан. Хүмүүс Түүнийг сонсож, дараагийн үеийнхэн нь “баян ба ядуу, боол ба чөлөөт гэж байсангүй, харин тэд бүгдээр эрх чөлөөтэй, мөн тэнгэрлэг бэлгээс хүртэгсэд болгогдсон” (4 Нифай 1:3) нийгмийг бүтээлцжээ.

Есүс холдон явахын оронд ойртон очсон

Есүс гол төлөв шоовдорлогдон нийгмээс адлагдсан хүмүүсээс Өөрийгөө тусгаарлах шалтаг хайхын оронд тэдэнд сэтгэлээрээ, бүр биеэр ойртохыг хичээдэг байсан.

Жишээ нь, Есүс нэг удаа хатингир гартай хүнтэй таарчээ. Хүндэтгэлийн өдөр байсан тул шашны зан үйлээс болоод тухайн өдөр зарим зүйл хийж болохыг хориглосон байв. Есүс нийтээрээ хүлээн зөвшөөрсөн боломж гартал тусламж хэрэгтэй хүнээс зайлсхийхийн оронд нэн даруй “сайн[ыг] үйлдсэн” (Матай 12:12) юм. Тэрээр уг хүнд хандан гараа сунга гэв. “Тэр сунгамагц гар нь нөгөөтэйгөө адил зүгээр болов” (Матай 12:13).

Судар дээр үүнтэй төстэй түүх олон бий. Есүс бузар хэмээн тооцогдсон эмэгтэйд өрөвч сэтгэлээр хандаж, (Лук 8-ыг үзнэ үү), олон дуу хоолой сонсож, өөрийгөө зүсдэг байсан хүнийг хүлээн авч, эдгээн (Марк 5), хүмүүс буруугаар ойлгодог байсан хүнийг эдгээсэн (Иохан 9:1–7-г үзнэ үү). Судраас харж болох нэг загвар бол “Есүс гараа сунгахдаа” (Матай 8:3) ихэвчлэн бусдыг урамшуулж, хайрлаж, эдгээж, амар амгаланг өгдөг байв.

Магадгүй биднээс өөр байж болох хүмүүстэй илүү их ойрт гэсэн урилгыг бид эдгээр түүхээс авч болох юм. Жишээ нь, бусдаас өөр маягаар хувцасласан хэн нэгнийг сүмд ирэхэд бид түүний хажууд суух уу? Бид үүдний танхимд өрнөж буй яриандаа тэдэнд зай гарган, оролцох боломж олгох уу? Бид тэдэнтэй илүү сайн танилцаж, бидний нэг хэсэг гэдгийг мэдрэхэд нь туслан, инээмсэглэн мэндчилж, эелдэг байдлаар асуулт тавьдаг уу?

Хамгийн чухал нь, бид Аврагчийн адил амар амгалан, хайраа хуваалцаж, бусадтай сэтгэл санааны болон сүнслэг байдлын хувьд хэрхэн дотно харилцаатай болж болох вэ? Хичээл зүтгэл гарган, ялангуяа өөрөөсөө өөр хүмүүстэй холбогдвол Бурхан биднийг адисалдаг гэдгийг бид мэднэ.

Есүс хүмүүсийг хамт хооллоход урьдаг байсан.

Бид Шинэ Гэрээг судалж байхдаа, Аврагчийг байнга бусадтай хамт хооллодог байсанд сэтгэл хөдөлсөн. Тэрээр цагийг хамт өнгөрүүлэхээр сонгосон хүмүүсээсээ болж олон удаа шүүмжлүүлж байв.

Нэг жишээ нь, Есүс “татвар хураагч” буюу тухайн цаг үед эрх баригч засгийн газрыг төлөөлж байсан Матай гэгч хүнийг Өөрийн шавиар дуудсан (Лук 5:27-г үзнэ үү; Судруудын удирдамж, “Татвар хураагч”). Иудейчууд татвар хураагчдыг ихэнхдээ үзэн яддаг байв. Тиймээс Матайг Есүст болон Түүний шавь нарт зориулан томоохон зоог барихад Бурханы зарлигуудыг дагадаг хэмээн өөрийгөө үздэг байсан хуулийн багш нар болон фарисайчууд гомдолложээ. “Та нар чинь яагаад татвар хураагч нар ба нүгэлтнүүдийн хамт идэж ууж байдаг билээ?” гэхэд Есүс “Эмч эрүүлд нь бус, өвчтэйд нь хэрэгтэй” (Лук 5:30–31) хэмээн хариулжээ.

painting of Jesus walking down a dirt path with disciples

Кидрон хөндийд Есүс шавь нарынхаа хамт, Балаж Бало, уран зургийн сан

Энэ бол Аврагч гадна төрх, дэлхийн нэр хүнд зэрэгт автахгүй байхыг сонгож байсны тод жишээ юм. Харин үүний оронд Тэрээр хувь хүн бүрийн хэрэгцээ, үнэ цэн, чадавхад анхаарлаа төвлөрүүлдэг байсан. Есүсийг Матайтай болон бусадтай цуг хооллож байсан тухай уншиж байхад нэг сонирхолтой зүйл бидний анхаарлыг татаж билээ. Бид хүмүүстэй холбогдохгүй бол хэзээ ч тэдэнд нөлөөлж чадахгүй. Бид тэднийг таньж мэдэн, аян замынхаа хаана явж байгаагаас нь үл хамааран хайрлаж мөн хүлээн зөвшөөрөхгүй бол тэдний амьдралд нөлөөлж чадахгүй нь ойлгомжтой.

Та “нүгэлтнийг хайрла, нүглийг үзэн яд” гэхийг сонсож байсан байх. Бид энэ урилгын эхний хэсэгт хангалттай цаг зарцуулж чаддаг уу? Есүс бидэнд “бие биенээ хайрлагтун” (Иохан 13:34-ийг үзнэ үү) мөн “дал дахин долоон удаа” (Матай 18:22-ыг үзнэ үү) уучил хэмээсэн. Бид хэн нэгний нүглийг тодорхойлж, үзэн ядахад цаг заваа зарцуулахын оронд энэ хүчээ бусад ах, эгчтэйгээ харилцаагаа сайжруулахад ашиглаж болно.

Бид “нүгэлтнийг хайрла, тэднийг хоолонд урь” гэж хэлэх дуртай. Бид бүгд нүгэл үйлдсэн тул “Бурханы алдар сууд хүрдэггүй” (Ром 3:23). Тиймээс бид энэ боломжийг ашиглан, Бурханы Сүнс орших газар хайраар бэлтгэсэн зоогоор дамжуулан бусдад хангалттай сайн үйлчлэх ёстой. Бүгдээрээ чин сэтгэлээсээ эелдэг яриа өрнүүлэн, жинхэнээсээ нөхөрлөн, Есүс хэрхэн биднийг хардгийн адил бие биенээ харахыг хичээж, ширээгээ тойрон сууцгаая.

Сионыг байгуулах

Энэ жил бид Есүс Христийн сайн мэдээ сэргээгдэнэ хэмээн тунхагласан Анхны үзэгдлийн хоёр зуун жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн. Бид дараа жил энэхүү эрин үед дэлхий дээр Их Эзэний хаант улсыг байгуулахад тусалсан эхэн үеийн гэгээнтнүүдийн үлгэр жишээнээс суралцана. Хэдийгээр улс үндэстэн, шашны итгэл үнэмшил, нийгэм эдийн засгийн гарал үүслийн хувьд өөр өөр байсан ч эхэн үеийн тэдгээр гэгээнтэн хамтран ажиллах, нэгдмэл байх арга замыг олох хэрэгтэй байв.

Өнөөгийн энэ цаг үед ч бидэнд үүнтэй адилхан боломж гарч ирдэг. Биднийг салган бутаргахыг хичээдэг соёлын болон улс төрийн ялгаанаас үл хамааран бид ямар нэг байдлаар итгэлдээ хэрхэн нэгдэх арга замаа ойлгох ёстой. Бид зөвхөн Аврагчийн удирдлаган доор үүнийг хийх боломжтой. Тэрээр бидний сул талыг төгс ойлгодог ба сул дорой зүйлсийг хүчирхэг болгож чадна (Ифер 12:27-г үзнэ үү). Тэр бидний зовлонг төгс ойлгодог ба биднийг эдгээж тусалдаг (Алма 7:11–12-ыг үзнэ үү). Тэрээр бидний өөр хоорондын ялгааг төгс ойлгодог төдийгүй Сургаал ба Гэрээ 49:25-д дүрсэлснээр бид Сионд цэцэглэн хөгжиж, баясана хэмээн амласан. Хамтдаа.