2020
Шорон дахь залбирлын хүч
2020 оны 12-р сар


Шорон дахь залбирлын хүч

Би тэр Христийн мэндэлсний баярын өмнөх оройг хэзээ ч мартахгүй.

small Nativity with a silhouette of children in the background

Зургийг Фил Арт

Би үл хөдлөх хөрөнгийн залилангийн хэргээр холбооны шоронд дөрвөн жил хагас хоригдсон юм. Тэнд байгаа эмэгтэйчүүдийн ихэнх нь дуугүй, бусадтай хүндэтгэлтэй харьцдаг хүмүүс байв. Хэсэг хугацааны дараа 10 эмэгтэй миний өөдөөс харсан өрөөнд шилжиж ирсэн юм.

Тэд шөнө орой болтол инээлдэж, чанга хөгжим сонсдог байв. Тэдний байгаа байдал бусдад хэрхэн нөлөөлж байгааг тэд тоодоггүй байлаа. Өрөөнийхөн маань намайг тэдэнтэй ярилцуулахыг хүссэн ч ихэвчлэн ийм яриа шоронд сайнаар өнгөрдөггүй байв. Үүний оронд би энэ эмэгтэйчүүдийг зан байдлаа өөрчилж, тайван амгалан байдалд эргэж орохын төлөө залбирсан ч байдал улам бүр дордож байлаа.

Нэг орой би залбирч байхдаа, хөршүүдтэйгээ танилцахын тулд ямар ч хүчин чармайлт гаргаагүйгээ ухааран ойлгосон юм. Би маргааш нь тэдний өрөөнд орж, тэдэнтэй ярилцав. Тэд надад гэр бүл, хайртай хүмүүсийнхээ зургуудыг үзүүлэв. Тэд бас хэтэрхий чанга дуутай байсандаа уучлал гуйж билээ. Тэр үеэс хойш тэд намайг харахаараа даллаж, баяртай байгаагаа илэрхийлдэг болов.

Христийн мэндэлсний баяр болохоос хэдэн долоо хоногийн өмнө тэд намайг Христийн мэндэлсний баярын өмнөх оройн хоолонд урьсан юм. Бид бас өөрсдөдөө тохиолдсон сүнслэг туршлагуудаа бие биетэйгээ хуваалцахаар төлөвлөв. Христийн мэндэлсний баярын өмнөх орой бид хамтдаа цугларан, хэдэн цаасан чимэглэл өлгөлөө. Христийн мэндэлсний баярын мод байгаагүй ч бид амар амгалангийн сүнсийг мэдэрч билээ. Бид туна загас, төмсний чипсээр даруухан оройн зоог барьсныхаа дараа туршлагаасаа хуваалцав. Бид бүгдээрээ өөр өөр шашин шүтлэгтэй, өөр өөрийн гэсэн өвөрмөц түүхтэй байсан ч зүрх сэтгэл маань хоорондоо холбогдож, Сүнс тэнд оршиж байсан.

Април бидэнд 14-тэй байхад нь ээж нь хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс болж нас барсан тухай ярив. Тэр гудамжинд гарч, 15 насандаа хүүхэд төрүүлж, хүүхдээ үрчлүүлсэн байлаа. Тэр хар тамхинд донтож бас хар тамхи наймаалж эхэлсэн бөгөөд эцэст нь шоронд орсон байв.

“Нэг өдөр би, яагаад би амьд яваа юм бол гэж бодсон. Би үхсэн байлаа ч юу ч өөрчлөгдөхгүй. Хэн ч намайг шоронд орсныг мэдээгүй. Намайг үхсэн ч хэн ч мэдэхгүй өнгөрнө гэж бодсон” гэж Април хэлж билээ. Дараа нь тэр залбирч, өөрийг нь хэн болохыг мэдэх эсэхийг Бурханаас асуусан байв.

Дараагийн долоо хоногт шоронгийн зөвлөх түүнд үрчлүүлсэн охиноос нь ирсэн захидлыг өгөхдөө,

“Бурхан чамайг харж хандаж байгаа бололтой” гэж хэлжээ.

Април “Би одоо охиндоо захидал бичдэг мөн тэр намайг нэг удаа эргэж ирсэн. Би шашны талаар сайн мэдэхгүй ч Бурхан миний залбиралд хариулсан тул надад санаа тавьдгийг нь мэддэг болсон” гэж хэлж билээ.

Априлыг түүхээ хуваалцсаны дараа бид бүгдээрээ нүдэндээ нулимс цийлэгнүүлэн чимээгүй сууцгаасан.

Би шоронд байх хугацаандаа Тэнгэр дэх Эцэгтээ хандан, гэр бүлийг минь харж хамгаалаач хэмээн зүрх сэтгэлээ уудлан, залбирдаг байв. Харин би шоронгийн хажуу өрөөний хүмүүсийнхээ төлөө залбирахдаа тэдний бурханлаг чадавхыг олж харан, Аврагчийн хайр, нигүүлслийг илүү бүрэн дүүрэн мэдрэх болсон юм.

Шоронд өнгөрүүлсэн тэрхүү Христийн мэндэлсний баярын өмнөх орой гайхалтай сайхан байсан.