2011
Энэрэлт эхийн амьдралын зорилго
2011 оны долдугаар сар


Бидний гэр орон, гэр бүл

Энэрэлт эхийн амьдралын зорилго

Бид Тонгад амьдардаг байлаа. Намайг бага байхад ээж маань семинарын багш нарт хичээлээ заахад нь хааяа тусалдаг байж билээ. Таван настай байхаас эхлэн арван нас хүртэл ээж намайг семинарт явахаасаа өмнө эртлэн босоод хичээлд минь хүргэж өгдөг байлаа. Ягаан жүржлэгийн бутнууд дундуур зам даган 400 метр явган явах үед ээж маань “Чи айж байна уу?” гэж асуудаг байлаа. Би зоригтойгоор “Үгүй” гэж хариулдаг байв.

Тэгэхэд ээж “Нэгэн цагт чи зоригтой байж, Тэнгэрлэг Эцэгтээ үйлчлэх хэрэгтэй. Тэрбээр биднийг бүх зүйлээр, тэр ч байтугай Түүнтэй хамт амьдрахаар эргэж очих төлөвлөгөөгөөр хангасан юм. Нэгэн өдөр чи номлолд явж, Түүнд бүх зүрх сэтгэл, хүч чадал, оюун ухаанаараа үйлчлэх болно. Сайн номлогч болохын тулд одооноос бэлтгэх хэрэгтэй” гэж билээ.

Сүүлдээ манайх гэр бүлээрээ АНУ-ын Калифорнийн Онтариод шилжиж ирэв. Ээж минь шинэ газар ирээд нутгийн хэлээр ярьж чадахгүй, ёс заншлыг нь ч мэдэхгүй тэвддэг байлаа. Ээж минь эм тахиа дэгдээхэйнүүдээ далавчин дороо цуглуулдаг шиг бүх хүүхдээ цуглуулж, өвдөг сөгдөн өөрт нь Түүний өгсөн хүүхдүүдээс хэн нь ч Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмээс урвахгүй байхыг Тэнгэрлэг Эцэгээс гуйн залбирдаг байлаа. Эцэг эх маань гэр бүлээ бэхжүүлэхэд Тэнгэрлэг Эцэгийн тусламжийг эрэлхийлэн, гэр бүлээрээ залбирч, тогтмол мацаг барин, өдөр бүр судар судалж, долоо хоног бүр гэр бүлийн үдэш хийж, Сүмийн цуглаануудад оролцдог байлаа.

Аав ээж хоёр биднийг бүр багаасаа номлогч шиг байхад урамшуулан дэмждэг байв. Бид сүмд явахдаа үргэлж цагаан цамц өмсөж, үсээ номлогч шиг засуулна. Би прист учраас ариун ёслолыг адисалдаг байсан бол багш, диконы албан тушаалтай эрэгтэй дүү нар маань ариун ёслолыг бэлтгэж, түгээнэ. Аав ээж хоёр маань биднийг үүргээ итгэлтэйгээр биелүүлж байгаа эсэхэд санаа тавьдаг байсныг би хардаг байлаа.

Намайг номлолд явахын өмнө ээж “Чи хийх ёстой зүйлээ хий, би ч бас хийх ёстойгоо хийнэ. Чамд заах хүмүүс олдохын төлөө би мацаг барьж, залбирч байх болно” гэж билээ. Ээж минь дөрвөн хүүгийнхээ номлолын үеэр мацаг барьж, залбирдаг байсан юм. Бид бүгдээрээ итгэлтэйгээр үйлчилж, хүндэтгэлтэйгээр гэртээ эргэж ирсэн билээ.

Ээжийгээ өөд болохоос өмнө сүүлчийн удаа намайг эргэж очиход тэрбээр “Пейхолани, энэ амьдралд бас ирэх амьдралд юу хамгийн чухал болох тухай мэддэг бүх зүйлээ би та нарт заасан. Тэр нь Есүс Христийн сайн мэдээ бол үнэн. Есүс Христийн цагаатгагч цус бодгалийн тань аврал юм. Ариун сүмд Их Эзэнтэй хийсэн гэрээнүүдээ хүндэтгэж яв. Ингэх юм бол манай гэр бүл үүрд хамт байх болно. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр амьд учраас би үүнийг ямар ч эргэлзээгүйгээр мэднэ” гэж хэлсэн юм.

Миний гэрчлэл сайн мэдээн дээр, ээж аав хоёрын маань хэлдэг байсан үг бүрээр төлөвшсөн юм. Аав ээж хоёр минь бидэнд сайн мэдээг зааж, биднийг Аврагч уруу удирдан хөтлөх үүрэг зорилгоо биелүүлсэн учир нэгэн цагт манай гэр бүл хамт байх болно гэдгийг би мэднэ.

Зураг дээр Зохиогчийн эцэг Мосес, эх Лавина, зээ дүү нар Лос-Анжелесийн ариун сүмийн гадаа.

Пейхолани Каувакагийн зөвшөөрлөөр гэрэл зургийг нийтлэв