2011
Калгари дахь миний анхдагч байсан өдрүүд
2011 оны долдугаар сар


Калгари дахь миний анхдагч байсан өдрүүд

Лоррейн Гилмоур, Онтарио, Канад

Би 1947 онд хойд Англид нэгэн жижигхэн хотод төрсөн. Би 15-тай байхдаа найз нараараа дамжуулан номлогчидтой танилцаж, Сүмд нэгдсэн. Гэвч манай гэрийнхэн сүмд нэгдсэнгүй.

Сүмийн эхэн үеийн анхдагчдын тухай мэдсэн тэр үед хээр талыг туулсан өвөг дээдсийн өв надад байгаагүйгээс би тийм ч их өөрчлөгдсөнгүй гэсэн мэдрэмж төрж билээ. Гэвч би сайн мэдээнд өсч хөгжин, бодол санаа минь өөрчлөгдөж байлаа.

Над шиг хүмүүсийг Сүмд нэгдэх замыг эхэн үеийн анхдагчид тавьсан юм байна гэдгийг би ойлгосон юм. Намайг сайн мэдээтэй танилцуулсан хоёр номлогч анхдагчдын үр удам байсан болохоор би анхдагчдад маш их өртэй хүн. Ямар нэг байдлаар би тэдэнтэй холбоотойгоо мэдэрч билээ.

Өөрсдөд нь хэзээ ч байгаагүй зүйлсийг болон өнөөдөр миний эдэлж байгаа эрх чөлөөг надад боломжтой болгохын төлөө золиослол хийж, шаргуу хөдөлмөрлөн, тэр ч байтугай дайнд тулалдаж явсан өгөөмөр сэтгэлтэй хүмүүсийн өв надад байгааг би ойлгосон. Аав, ээж хоёр минь Сүмд нэгдээгүй ч намайг эрхэмлэх зүйлс болон сайн зарчмуудтай болгон хүмүүжүүлж, сайн мэдээг хүлээн авахад бэлтгэсэн юм.

Эцэст нь олон янзын анхдагчид байдгийг би мэдсэн. Би бол гэр бүлээсээ нэг дэх үеийн Сүмийн гишүүн. Манай гэрийнхэн баптисм хүртэх миний шийдвэрт дургүй байсан нь сүмийн цуглаануудад оролцоход надад хүндрэлтэй байв. Манай жижигхэн салбарт гишүүдийн тоо, ялангуяа санваартнуудын тоо хангалтгүй байсан нь бэрхшээл учруулдаг байлаа. Эцэстээ манайхыг хариуцсан номлол манай салбарыг хаах нь тодорхой болов.

Үүний улмаас Канад уруу шилжихээр шийдсэн нь миний амьдралдаа гаргасан хамгийн хүнд шийдвэрүүдийн нэг байлаа. Би айлын ганц хүүхэд байсан ба эцэг эх минь надад хэчнээн их хайртай байсны адилаар би ч тэдэндээ хайртай байлаа. Гэвч би сүмд явах боломжгүй газарт байвал миний гэрчлэл үгүй болж мэдэх аюул тулгарсан юм. Гэрээсээ явдаг тэр орой аав галт тэрэгний хажуугаар гүйж, дохиогоор намайг үнсэж байгаагаа харуулахад, ээж намайг ширтэн харсаар хоцорсон нь одоо хүртэл миний санаанаас гардаггүй. Зүрх минь эмтэрч байсан ч тэндээс явах ёстойгоо би мэдэж байлаа.

Ингээд 1967 оны 5-р сард Ээжүүдийн баярын өдөр би Альбертын Калгарид ирлээ. Би амьдарч байсан айлынхаа гишүүдтэй хамт сүмийн цуглаанд суугаад цуглааны турш уйллаа. Би нулимс урсган байж гэртээ аав, ээж хоёртоо захидал бичихдээ Канадад сайхан байгаа ч, Англи эх орноо болон гэрийнхнээ их санаж байгаагаа хэлдэг байв.

Шинэ амьдрал болон гэрээ санаж ганцаардан, уйтгарлахын зовлондоо дасан зохицох гэж зүдэрч байсан ч сайн мэдээнд би үнэнч хэвээр үлдсэн юм. Бүх цуглаанд алгасалгүй оролцож, санал болгосон дуудлага бүрийг хүлээн авдаг байлаа. Тэр үе бол миний хувьд анхдагчийн өдрүүд байсан юм.

Тэгж байхдаа би нөхөртэйгөө танилцсан юм. Нөхөр бид хоёр Альбертын Кардстон ариун сүмд лацдан холбуулж, гурван хүүхдээ Сүмд өсгөн хүмүүжүүллээ.

Би Англид эргэж ирэх бүрд хөрвөлтийнхөө талаар олон дурсамжид умбан, үй олон адислалынхаа төлөө талархахгүй байж чаддаггүй. Хэрэв тийм хүнд сонголт хийж, Сүнсийг дагах зориг гаргаагүй бол өнөөдөр би хаана байх байсан бол оо?

Надад болон над шиг бусад хүмүүст сайн мэдээг сонсох замыг бэлтгэсэн Сүмийн эхэн үеийн анхдагчдад би мөнхөд талархаж явах болно. Өнөө үеийн анхдагч байх боломж хийгээд зоригийг өмнөх үеийн хүмүүс надад өгсөн юм.

Гэрээсээ явдаг тэр орой аав галт тэрэгний хажуугаар гүйж, дохиогоор намайг үнсэж байгаагаа харуулахад, ээж намайг ширтэн харсаар хоцорсон нь одоо хүртэл миний санаанаас гардаггүй. Зүрх минь эмтэрч байсан ч тэндээс явах ёстойгоо би мэдэж байлаа.