Миний диплом хамгаалсан сэдэв ба Мормоны Ном
Скотт Макдональд, Калифорни, АНУ
Намайг их сургуулийн оюутан байхад, миний элссэн зэрэг хамгаалах хөтөлбөр оюутнуудаас дипломын ажил бичихийг шаардлаа. Оюутан бүрийн ажлыг хоёр профессор хянаж, батлах ёстой байв.
Би дипломын ажлаараа Мормоны Номон дахь дайнуудыг судалж, дүгнэлт гаргахаар сонгож, энэ тухайгаа нэг профессортой зөвлөлдөхөд тэр миний ажлын удирдагч болохыг зөвшөөрөв. Тэр бас өөр нэг профессорыг миний ажлын хоёр дахь удирдагч байх боломжтой хүн гэж санал болголоо.
Тэгээд би хоёр дахь профессорт ажлынхаа сэдвийг тайлбарлахаар уулзав. Намайг Мормоны Номын тухай дурдмагц түүний зан хувирч, Сүмийг шүүмжилж эхлэв. Түүнийг үгээ дуусгатал би чимээгүй сонсоод дараа нь профессор бидний итгэлийг буруу ойлгодог юм байна гэж бодож байгаагаа тайлбарлав. Тэр миний хэлсэн зүйлсд итгээгүй ч гайхалтай нь миний ажлын удирдагч болохыг зөвшөөрлөө.
Бараг жил шахам судалгаа хийж, ажлаа бичсэний дараа би дипломын ажлаа багш нараар батлуулахаар өргөн барив. Тэр жил би хуулийн сургуульд тэнцсэн бөгөөд диплом хамгаалах энэ төслөө дуусгаж, цааш үргэлжлүүлэн суралцах хэрэгтэй байлаа.
Сүмийг шүүмжилсэн нөгөө профессороос би долоо хоногийн дараа э-мэйл хүлээж авлаа. Тэр намайг өрөөндөө ирж уулзана уу гэсэн байв.
Намайг хүрч очиход тэр надаас хаалгаа хааж, суухыг хүсэв. Профессор тэр дороо миний дипломын ажлыг биш харин Мормоны Номыг дайрч давшилж гарав. Би Мормоны Номын тухай гэрчлэлээ аль болох тайвнаар хэллээ.
Тэгээд профессороос миний дипломын ажлыг батлах уу гэж эргэлзэнгүйгээр асуув. Тэр батлахгүй гэв.
Би санаагаар унаж, яахаа ч мэдэхгүй уруу царайлан гэртээ ирэв. Энэ профессор миний дипломын ажлыг батлаагүй болохоор диплом хамгаалах хөтөлбөрийг дүүргэж, хуулийн сургуульд суралцах боломжоо алдаж болзошгүй болов. Бүх юм яаж ийгээд бүтэх болтугай хэмээн би залбирлаа.
Миний дипломын ажлыг удирдаж байсан нөгөө профессорт учир байдлаа хэлэхэд, татгалзсан профессортой маргааш нь уулзаж, дипломын ажлаа батлуулахаар дахиад нэг оролдоод үз гэж зөвлөв.
Маргааш өглөө нь би профессорын өрөөний гадаа хүлээж байлаа. Профессор миний хүсэлтэд ямар хариу барихыг мэдэхгүй учраас ихэд сандарч байлаа. Тэр өрөөнийхөө хаалгыг чимээгүйхэн онгойлгож, намайг ор гэж дохив. Тэр нэг ч үг хэлсэнгүй үзгээ гаргаж, миний дипломын ажилд гарын үсгээ зурснаар албан ёсны баталгаа өглөө. Чухам юунаас болж шийдвэрээ өөрчилснөө хэлсэнгүй. Гэвч намайг баяртай гэхэд над уруу хараад инээмсэглэв.
Энэ хүнд гэрчлэлээ хэлэх боломж олдсонд би баяртай байлаа. Бид итгэдэг зүйлийнхээ төлөө хатуу зогссон үед Тэнгэрлэг Эцэг биднийг хүчирхэгжүүлж, адислах болно гэдгийг би мэднэ.