2011
Ариун сүмд орж, адислалуудаа ав
2011 оны долдугаар сар


Айлчлагч багшийн захиас бичиг

Ариун сүмд орж, адислалуудаа ав

Энэ материалыг судалж, гэрээр нь очиж заадаг эгч нартай аль болох тохиромжтой арга замаар ярилц. Эгч нарыг хүчирхэгжүүлэх болон Нийгмийн Халамжийн Бүлэг амьдралд тань идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд туслах асуултуудыг асуу.

Итгэл • Гэр бүл • Халамж

Эгч нар аа, бид хамгийн их адислагдсан хүмүүс шүү. Аврагч бол энэ Сүмийн тэргүүн. Биднийг амьд бошиглогчид удирддаг. Ариун судрууд бидэнд байдаг. Дэлхий даяар олон ариун сүм бий. Бид тэнд Тэнгэрлэг Эцэгтээ эргэж очиход туслах зайлшгүй шаардлагатай ёслолуудыг хүлээн авч болно.

Бид эхлээд өөрсдийнхөө төлөө ёслолууд хийлгэхээр ариун сүмд ордог. “Ариун сүмийн үндсэн зорилго бол селестиел хаант улс дахь бидний өргөмжлөлд шаардлагатай ёслолуудаар хангах явдал мөн гэж Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Роберт Д.Хейлс тайлбарласан байдаг. Ариун сүмийн ёслолууд биднийг Аврагч уруу чиглүүлж, Есүс Христийн цагаатгалаар дамжин ирдэг адислалуудыг бидэнд өгдөг. Ариун сүмүүд нь дэлхийн Бүтээлтийн тухай хүмүүнд мэдэгдсэн агуу мэдлэг хийгээд мэргэн ухааныг өгч, түүнээс суралцдаг газар юм. Ариун сүмийн хишгийн заавар нь мөнх бус байдалд бид амьдралаа хэрхэн авч явах удирдамж болдог. … Ёслол нь бид хэрхэн амьдрах тухай цуврал зааврууд болон Аврагчаа дагаснаар зөв шударга амьдрах тухай бидний хийдэг гэрээнүүдээс бүрддэг.”1

Гэвч бидний ариун сүмийн ёслол үүгээр дуусдаггүй. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ерөнхийлөгч Боид К.Пакер ийн сургажээ: “Нас барсан хэн нэгний өмнөөс төлөөлөх ёслол хийлгэснээр та хийсэн гэрээнүүдээ өөрөө дүгнэх болно. Их Эзэний өргөөтэй холбоотой агуу сүнслэг адислалуудыг оюун ухаандаа тунгаан бодсоноор та улам хүчирхэгжих болно. … Ариун сүмд таны авч болох адислалууд нь гэрээнүүд болон ёслолуудад төвлөрсөн байдаг.”2

Ариун сүмд дахин дахин орж бай. Ариун сүмд гэрээнүүд хийж сахих нь бүх адислалуудаас хамгийн агуу нь болох мөнх амьдралд хүрэх зам дээр биднийг байлгах болно.

Барбара Томпсон Нийгмийн Халамжийн Бүлгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх.

Судруудаас

Исаиа 2:3; 1 Коринт 11:11; Илчлэлт 7:13–15; Сургаал ба Гэрээ 109

Бидний түүхээс

Бошиглогч Иосеф Смит Нийгмийн Халамжийн Бүлгийн эгч нарт хандан цуглаанууд дээр олон удаа үг хэлдэг байжээ. Наувугийн Ариун сүмийг баригдаж байх үеэр Бошиглогч эгч нарт сургаалын талаар заавар өгч, ариун сүмийн ёслолуудаар дамжуулан илүү их мэдлэг олж авахад нь тэднийг бэлтгэдэг байжээ. 1842 онд ариун сүмийн хишиг нь “та нарыг харанхуйгаас гаргаж, гайхамшигтай гэрэлд аваачих болно” хэмээн Мэрси Фиелдинг Томпсонд хэлжээ.3

Наувугаас дүрвэхээс өмнө 6000 орчим Хожмын Үеийн Гэгээнтэн ариун сүмийн ёслолууд хүлээн авсан баримт байдаг. Ерөнхийлөгч Бригам Янг (1801–77) өгүүлсэн нь: “[Ариун сүмийн] ёслолуудыг хүлээн авах гэсэн гэгээнтнүүдийн хүсэл тэмүүлэл ер бусын их байсан учир тэднийг адислах гэсэн бидний хүсэл үлэмж их байснаас бибээр Ариун сүм дэх Их Эзэний ажилд өөрийгөө бүрэн зориулж, өдөржин шөнөжин ажиллан, хоногт дунджаар дөрвөөс илүүгүй цаг унтан, долоо хоногт гэртээ нэг л удаа харьдаг байлаа.”4 Гэгээнтнүүд хот болон ариун сүмээ орхиж, үл мэдэгдэх алс газар уруу аян хийхэд ариун сүмийн гэрээнүүдийн хүч тэднийг бэхжүүлсэн юм.

Эшлэл

  1. Роберт Д.Хейлс, “Ариун сүмийн адислалууд” Лиахона, 2009 оны 10-р сар, 14.

  2. Боид K.Пакер, The Holy Temple (1980), 170, 171.

  3. Teachings of Presidents of the Church: Joseph Smith (2007), 414.

  4. Teachings of Presidents of the Church: Brigham Young [1997], 299.