2011
Бурханаар дуудагдсан
2011 оны долдугаар сар


Сүмд үйлчилсэн нь

Бурханаар дуудагдсан нь

“Бурханаар, Бошиглолоор, эрх мэдэлтнээр толгой дээр гар тавиулан дуудагдсан байх” (Итгэлийн Тунхаг 1:5) гэдэг нь юу гэсэн утгатайг би өөрөө мэдсэн юм.

Нөхөр бид хоёр саяхан шинэ хотод шилжиж ирээд, шинэ тойрогтоо явна гээд сэтгэл хөдөлж байлаа. Тойргийн хил өөрчлөгдөж, хуваагдсан байлаа.

Биднийг хоёр дахь ням гарагт сүмд ирсний дараа тойргийн бичиг хэргийн ажилтан мягмар гарагийн орой бишоптой уулзуулахаар цаг товлов. Бишоп товчхон уулзсаны дараа намайг Хүүхдийн Хэсгийн ерөнхийлөгчөөр дуудах зөвшөөрлийг манай нөхрөөс хүслээ. Тэгээд тэр надад дуудлага өгөв. Би тэвдэн сандарсан ч, дуудлагаас хэзээ ч татгалзаж болохгүй гэдгийг надад зааж сургасан болохоор чадах бүхнээ хийхээр зөвшөөрсөн юм.

Бишоп надад нэрсийн жагсаалт өгөөд зөвлөхүүд болон нарийн бичгийн нэрсийг сонгож, хоёр өдрийн дараа буцаж уулзахаар тохиролцов. Миний сандарсан гэж жигтэйхэн! Гэртээ ирээд угаалгын өрөөндөө орж, хаалгаа түгжээд уйллаа. Тэгээд зүрх сэтгэлээ Тэнгэрлэг Эцэгт уудлан, шинэ дуудлагынхаа талаар сэтгэл зовж буйгаа илэрхийлэв. Би шинэ тойрогтоо ганц ч хүн танихгүй болохоор Түүний туслалцаа хэрэгтэй байлаа. Залбирч дуусахад амар амгалангийн мэдрэмж бялхан байлаа.

Маргааш өглөө нь залбираад гэрийнхээ ажилд хичээнгүйлэн орлоо. Бишопын надад өгсөн нэрсийн жагсаалт гал тогооны ширээн дээр байлаа. Хажуугаар нь өнгөрөх бүрд жагсаалт уруу хяламхийн харна. Нэрсийн жагсаалтыг нэлээд хэдэн удаа харсны дараа хоёр нэр бусдаасаа ялгарч байх шиг санагдав. Жагсаалтыг авч, нэрсийг уншлаа. Нэрсийг чанга дуугаар унштал бүлээхэн мэдрэмж төрлөө. Би хэзээ ч Ариун Сүнсийг ийм хүчтэйгээр мэдэрч байсангүй.

Тэр дороо Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч, нөгөөх нэрсийг дахин хэлтэл хацрыг минь даган нулимс урслаа. Эдгээр эмэгтэйчүүдийн алиныг нь ч би танихгүй ч тэд миний зөвлөхүүд байх болно гэдгийг зүрх сэтгэлдээ мэдэж байлаа.

Тэр орой би нэрсийн тухай бодож байлаа. Жагсаалтын нэрсийг бодох бүрд нэг нэр орж ирээд байлаа. Тэр эмэгтэй миний нарийн бичиг болсон.

Маргааш нь би бишоптой уулзаж, зөвлөхүүд болон нарийн бичгийнхээ нэрсийг өглөө. Гайхалтай нь миний сонгосон эмэгтэйчүүд Хүүхдийн Хэсэгт сайн тохирно гэж бишопын бодсон тэр хүмүүс байлаа. Ням гарагт намайг сүмд очиход бишопын зөвлөлийн нэгдүгээр зөвлөх надтай цуглааны байрны гадна зогсоод миний зөвлөхүүд болон нарийн бичигийн даргыг ирэхэд нь надад зааж өгөв. Эгч нарыг харахад тэднийг аль хэдийн таньдаг юм шиг мэдрэмж надад төрж билээ. Эдгээр эмэгтэйчүүд Бурханаар дуудагдсаныг Сүнс надад дахин баталсан юм.

Бид Их Эзэнд үйлчлэхдээ эв нийцтэй ажиллаж чадна гэдгийг би мэдэж байлаа. Бид үнэхээр тэгж ажилласан даа. Хэдийгээр би эгч нарыг танихгүй ч гэсэн тэд дуудлагадаа төгс тохирсон байж билээ. Их Эзэн хэнийг дуудахаа мэдсэн байлаа. Бошиглолоор Бурханаар дуудагдах гэсэн нь юу гэсэн үг болохыг мэдсэн сайхан туршлага болсон юм.

Зураг чимэглэлийг Рут Сипус