Итгэлийн арал: Хичээл зүтгэлийн түүх
Арал дээрээ байнга зэгс нэмж тавьснаар л Койлагийн гэр бүл живэхгүй байж чадна.
Нелсон Койла, Дора Койла нар далай эсвэл нуур уруу түрж орсон хатуу чулуулгаас тогтсон ердийн арал дээр биш, харин Перу дахь Титикака нуур дээр зэгсээр өөрсдөө хийсэн бяцхан хөвөгч арал дээр амьдардаг ажээ.
Арал барьж, түүнийг гэр орноо болгох нь итгэлийг шаарддаг. Ердөө 1.2 метр зузаан давхарласан зэгсэн арал дээр тэдний гэр бүл амьдарч, арав орчим урц -10o -аас дээш илүү хүйтэн усан дээр хөвж явах бөгөөд салхи, бороо гэхчлэн байгалийн үзэгдлүүд арлан гэрийг нь нурааж хийсгэхээр байнга заналхийлдэг гэнэ.
Харин Нелсон, Дора нарт арал нь гэр бүлээ сүнслэг байдлын хувьд төлөвшүүлэхээр хийж байгаа зүйлийг нь төлөөлдөг бөгөөд итгэлийн тэрхүү арал нь дэлхийн эсрэг гэр бүлээрээ хамт тэмцдэгийг нь бэлгэддэг ажээ.
Амьдралаас тэдний сурч мэдсэн зүйл гэвэл итгэлийг төлөвшүүлэх нь шаргуу зүтгэлийг байнга шаарддаг явдал мөн.
Арлан гэрээ бат бөх болгох шалтгаан
Олон үеэрээ эдгээр арлуудыг барьж, дээр нь амьдардаг Юросын хүмүүсийн хувьд тотора хэмээх зэгс бол өдөр тутмын амьдралынх нь амин чухал хэсэг мөн. Титикака арлын гүехэн усанд ургадаг зэгсийг гал дээр хоол болгоход түлш болгон ашиглаж болно. Үндсийг нь идэж болно. Хивгийг нь эмчилгээний зориулалтаар ашиглаж ч болдог гэнэ. Мэдээжийн хэрэг бараг юм бүхнийг: орон гэр, уламжлалт завь, харуулын байр, арал болон хогийн хувингаа хүртэл зэгсээр хийнэ.
Юросчууд зэгсийг дээр дээрээс нь олон үе давхарлаж арлуудаа хийдэг ажээ. Гэвч тотора зэгс нь барилгын бусад материалуудтай харьцуулахад түргэн мууддаг гэнэ. Хуурай улиралд зэгс наранд хатна. Борооны улиралд зэгс чийгэнд түргэн ялзарна. Усан дээр байдаг доод давхрагууд аажмаар ялзарна. Койлагийн арал байнга мууддаг болохоор Нелсон 10-15 хоноод л зэгсэн шинэ үеийг нэмж хийдэг гэнэ.
“Арал хийх нь зөвхөн эхлэл юм. Хэрэв зэгс нэмэхгүй бол арал алгуурхан задарч унана. Харин хэдийчинээ олон үе давхарлана, арал цагийн уртад төдийчинээ бөх болдог” гэж тэр ярилаа.
Хойш тавихын аюул
Зэгсэн үе нэмэх нь их ярвигтай, нарийн биш ч гэсэн байнгын шаргуу ажил юм. Хойшлуулах шиг амархан юм байхгүй л дээ.
Гэвч зэгсэн үе нэмэхийг хойш тавьснаар гэр бүлийн аль нэг гишүүн нимгэн газар гишгэхэд доош цөмөрч, хүйтэн усанд унах аюулыг ихэсгэнэ гэсэн үг. Энэ нь насанд хүрэгчдийн хувьд нэг их аюултай зүйл биш боловч бага насны хүүхдүүдэд, тухайлбал Койлагийн хоёр настай хүү Эмерсон мэтийн хүүхдүүдэд тун аюултай.
Тиймээс гэр бүлийнх нь гишүүн бүрийн аюулгүй байдал, үүнээс хамаарах учраас Нелсон үргэлж зэгсэн үеийг нэмж хийдэг ажээ.
Энэ бол Койлагийнхны амьдралд өөрчлөлт гаргасан шаргуу ажил хөдөлмөрийн сургамж юм.
Хичээл зүтгэлийн үр дүн
Шаргуу чанар бол ямар нэг зүйлийг хийхэд бэрхшээлийг үл хайхран шантаршгүй байх явдал мөн.1 Дора 1998 онд баптисм хүртсэнийхээ дараа шаргуу хичээнгүй байх нь хэчнээн чухал бас хэчнээн хэцүү болохыг мэдсэн гэнэ.
Дора 17-тойдоо эмэгтэй дүү Алисынхаа хамт баптисм хүртсэн нь юросчуудын арлууд дээр Сүм өсч хөгжихөд тусалсан байна. Гэвч сар орчмын дараа аав нь Сүмтэй холбоотой аливаа юм хийхийг тэдэнд хориглосон гэнэ.
Харин охидод ямар нэг хачирхалтай зүйл тохиолджээ. Тэд хамт байхдаа таарамжгүй болж, маргаж ам муруйх нь нэмэгдсэн гэнэ. Охид нь Сүмийн үйл ажиллагаануудад оролцдог үед тэдний зан байдал сайжирч өөрчлөгдөж байсныг аав нь анзаарчээ.
“Энэ нь аавын санаа бодлыг өөрчилсөн юм. Аав биднийг сүмд цагтаа очоосой гэсэндээ өглөө эрт сэрээдэг болсон” гэж Дора ярилаа.
Дора өөрсдийнх нь амьдралд сайн мэдээний авчирсан өөрчлөлтийг Алистайгаа тогтмол хийж заншсан жижиг зүйлүүд, тухайлбал аравны нэгээ төлөх, залбирах, судар судлах, Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих, ариун ёслолоос хүртсэнээр гэрээнүүдээ долоо хоног бүр шинэчлэхтэй холбож үздэг ажээ.
Хожим нь итгэл, хичээл зүтгэлээс ирдэг өөрчлөлтүүдийг өөрөө харсан учраас2 Дорагийн аав гэр бүлийнхээ бусад гишүүдийн хамт Сүмд нэгджээ.
Хичээл зүтгэлээс ирдэг шагнал
Саад бэрхшээлийг үл хайхран зөвийг хийхэд шаргуу тэвчээртэй байхыг Их Эзэний гэрээт хүмүүсээс шаарддаг. Гэвч3 зарлигуудыг сахих,4 илчлэлтэд анхаарал тавих,5 судруудыг судлах болон6 Түүний ажлыг хийхэд шаргуу тэвчээртэй байдаг хүмүүст Их Эзэн агуу адислалуудыг амласан юм.7
Итгэлийн арлаа байгаа байдлаар нь болон зүйрлүүлсэн утгаар нь (итгэлийн арал хэмээн) авч яваа Койлагийнхан энэ туршлагаараа дамжуулан хичээл зүтгэлээс ирдэг шагнал бодитой болохыг мэдсэн ажээ. “Заримдаа бид өдөр бүр давтагддаг ажил, хоол унд хийх болон бусад ажилдаа багтрах шахдаг. Бурханыг мартахаар л бүх зүйл төвөгтэй болж, олон асуудал ундран, ажил бүтэхээ больдог” гэж Нелсон ярилаа.
Нелсон тэр өглөө шинээр тавьсан нэг үе зэгс уруу дохиод “Хэрэв бид шаргуу тэвчээртэй байж, залбиран, судар судалж, мацаг барин, гэр бүлийн үдшээ тогтмол хийдэг байвал бат бөх итгэлтэй болно” гэж Нелсон ярилаа.