Өнөө үеийн анхдагчдын түүхийг Сүм хүлээн авч байна
Сүмийн гишүүд анхдагчдын тухай бодохдоо 19-р зуунд Нэгдсэн Улсын өрнөд уруу усан онгоц болон явганаар урт аян хийсэн хүмүүсийн тухай ерөнхийдөө төсөөлдөг.
Олон хүн тэд өөрсдөө өнөө үеийн анхдагчид гэдгээ мэддэггүй.
Сүмийн Түүхийн Газар эдүгээ өнөө үеийн анхдагчдын түүхийг хүлээн авч байна. Тус газар хувь хүмүүсээс ирүүлсэн тэдний түүхийг баяртай хүлээж авахын хамт ариун сүм шинээр баригдаж байгаа буюу баригдсан газарт амьдардаг хөрвөгчид, шинэ номлолд үйлчилж байгаа номлогчид, Хожмын Үеийн Гэгээнтнүүд олноороо амьдардаггүй газар ч сайн мэдээний зарчмуудыг амьдралдаа хэрэгжүүлж байгаа хүмүүсийн түүхийг онцгой сонирхдог билээ.
“Адил туршлагыг туулсан буюу нэг зуунд, нэг газарт амьдардаг хүмүүст бусад хүмүүсийн хувийн түүх тусалж болно” гэж Сүмийн Түүхийн Газрын баримт цуглуулалтын менежер Брад Вествуд хэлэв.
Хувийн түүх нь номлолын дурсамж, эцэг эхийн хувийн туршлага, бүх амьдралын буюу амьдралын аль нэг үеийн түүх эсвэл ямар нэг чухал үйл явдлын тухай байж болно.
“Бурханы бүх хүүхдүүд Түүний мэлмийд адил тэгш гэдэгт бид итгэдэг” гэж Вествуд ах хэлэв. “Бид бүгдээрээ өөрийн гэсэн түүхтэй. Энэ дэлхийд бид сорилтын үеийг туулж байна. Түүх нь гэрчлэлийг төлөвшүүлэхэд тусална гэдгийг бид мэднэ.”
Зуун жилийн дараа гэр бүлийн цэдэггүй хүн таны түүхийн цэдгийг уншаад, “Хөрвөгч гэдэг чинь ийм л байх ёстой юм байна” хэмээн хэлэх болно гэж Вествуд ах ярив.
Хүмүүс өөрсдийн садан төрлүүд болон бусад хүмүүсийн тухай, тэдний тэмцэл, хуримтлуулсан сургамж, мэргэн ухааны тухай мэдсэнээр амьдралдаа тус нэмэртэй зөвлөгөөг олж болно.
Аль нэг түүхийг номын санд өгч, жагсаалтанд нь оруулснаар уншигчид үзэж, уншихад бэлэн болно. Сүмийн Түүхийн Номын Санд шилжүүлсэн гар бичмэл буюу номнуудыг урт хугацаагаар хадгалахын тулд тохиромжтой хэмд хадгалдаг.
Вествуд ах дараах зөвлөгөөг хувийн түүхээ Сүмийн Номын Санд илгээхээр төлөвлөж байгаа хүмүүст зориулан өгч байгаа ажээ:
Олон нийтэд зориулан бич. Хувийн тэмдэглэл нь түүхийн чухал эх сурвалж боловч ихэнхдээ олон нийтэд тохиромжгүй, өдөр тутмын үйл явдал, хувийн бодол санааны тухай өгүүлсэн байдаг. Заримдаа өдрийн тэмдэглэл нь хэн нэгний хувийн нууцыг задруулж болно. Хүлээн авсан түүхэнд хэн нэгний нэр хүндэд муугаар нөлөөлөх мэдээлэл орсон бол уг түүхийг хүлээн авч болох хэдий ч, олон нийтэд зориулан үзүүлэхгүй.
Түүхийг хэсэг бүлгүүд болгон бич. Хүүхэд ахуй үеийнхээ дурсамжуудаар эхэлж, одоо үеийг хүртэлх түүхийг хамруулан бичихийг хичээ. Нэг удаад нэг л түүхээр эхэл. Жишээ нь, зөвхөн номлолынхоо тухай бичсэнээр эхэлж болно. Номлолынхоо тухай бичиж дууссаны дараа амьдралынхаа өөр нэг үеийн тухай бич.
Анхдагч эх сурвалжууд буюу дүрсэлж буй үйл явдлын үеэр эсвэл ойролцоох үед бичигдсэн түүхийн баримт бичгүүдийг ашигла. Хэрэв танд захидал байгаа бол хуулбарыг хийх буюу номонд оруул. Гэрэл зураг байгаа бол хавсарга. Хэрэв та аль нэг мэдээллийг номноос ашигласан бол ямар номноос эш татсаныг заа. Хайчилбарын цомгийг хувийн түүхийн нэг хэсэг болгон оруулж болно. Хайчилбарын цомгийг хийдэг хүмүүс ихэвчлэн гарчиг тавьдаггүй, үйл явдлуудын тухай тайлбар бичдэггүй. Хайчилбарын цомог дахь зургуудын тайлбарыг бичихэд ердөө хэдхэн минут хангалттай байдаг гэж Вествуд ах ярилаа.
Бусад хүмүүстэй зөвлөж, ярилц. “Бид хувийн түүхээ ихэвчлэн өөрсдийнхөө үзэл бодол гэж боддог, гэвч ирээдүйн ач холбогдлыг нь бодох юм бол энэ нь илүү чухал зүйл юм” гэж Вествуд ах ярилаа. Бусад хүмүүстэй ярилцах нь шинэ ойлголтыг өгч, түүхийг чинь улам сайжруулна.
Сүнслэг туршлага, чухал үйл явдлууд, тэдгээрийн хүчин зүйлс, үйл явдал ба хүмүүсийн тухай бич. “Хүмүүс цэгцтэй өгүүлсэн түүхэнд дуртай байдаг. Үйл явдлуудыг эхлэл, өрнөл, төгсгөл хэсэгтэй бич. “Хоёр наснаас өмнөх амьдралдаа олон хуудас бүү зориул. Хүмүүс энэ тухай уншихгүй бөгөөд та энэ тухайгаа бичих шаардлагагүй” гэж Вествуд ах хэллээ.
Юу сонирхдог тухайгаа бич. Цаг хугацааны дарааллаар биш, харин сонирхсон сэдвээрээ бичиж болно гэдгийг Вествуд ах зөвлөлөө.
Хамгийн чухал нь гишүүд хувийн буюу гэр бүлийн түүхээ бичээд гэр бүлийн гишүүддээ танилцуулалгүйгээр Сүмд ирүүлэх ёсгүй. Учир нь уг түүх нь тухайн гэр бүлийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Хувийн түүхээ туурвихад цаг зав гаргаж, хүнд хэцүү болон сайн сайхан цагийнхаа тухай шударгаар бичих нь амьдралдаа Их Эзэний гарыг харах боломжийг олгож, гэр бүл, Сүмийн бусад гишүүдийг бэхжүүлэхэд туслах өв болон дурсамжийг үлдээх болно.
Хэрэв та өнөө үеийн анхдагч бөгөөд туршлагаа хуваалцахыг хүсдэг бол хувийн түүхээ Сүмийн Түүхийн Газарт ирүүлнэ үү.
Та түүхээ Church History Library, 15 East North Temple Street, Salt Lake City, UT 84150-1600, USA, Attention: Acquisitions гэсэн хаягаар шуудангаар буюу э-мэйлээр ирүүлж болно.
Даваагаас баасан гарагуудад 9-17 цагт өөрийн биеэр авчирч өгч болно.
Та түүхээ бас ChurchHistoryAcquisitions@ldschurch.org хаягаар э-мэйлээр явуулах буюу Church History Acquisition- уруу 1-801-240-5696 дугаарын утсаар ярьж болно.