Бид Христийн тухай ярьж байна
Амьд уснаас шимтэн хүрт
“Харин өөрт нь Миний өгөх уснаас уугч хэн ч хэзээ ч цангахгүй” (Иoхан 4:14).
Би ажлынхаа шаардлагаар дэлхийн олон орны цэвэр ус хүрэлцэхгүй байгаа газруудад очиж ажилласан. Манай бүлэг орон нутгийн засгийн газрууд, оршин суугчидтай хамтран худаг, булгийн болон борооны ус зэрэг амьдралыг тэтгэгч цэвэр усны тогтвортой эх булгаар хангахаар ажилладаг.
Усны төслүүд нь амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Цэвэр ус нь гэдэсний хижиг, булчин задрах тахал болон уснаас үүдэлтэй бусад өвчнүүдийг зогсоодог учраас хүмүүсийн эрүүл мэнд эрс сайжирдаг. Эцэг эх, хүүхдүүд өмнө нь ус зөөхөд зориулдаг байсан цагаа одоо ажил хийх, боловсролтой болоход зориулж байгаа учраас эдийн засгийн ач холбогдолтой юм. Өргөн цар хүрээтэй олон асуудалтай тулгарч байгаа газруудад ч цэвэр ус хамгийн чухал гэдгийг хүмүүс хэлж байна.
Аврагч дэлхийн үйлчлэлдээ ус авах гэж худаг дээр цугласан хүмүүст цаг заваа зориулсан байдаг. Тэрбээр худаг дээрх эмэгтэйд “Харин өөрт нь Миний өгөх уснаас уугч хэн ч хэзээ ч цангахгүй” (Иохан 4:14) гэж хэлснээрээ, Түүний сайн мэдээ бидний үндсэн хэрэгцээг үүрд хангадгийг бидэнд заасан юм. Би үүнд итгэдэг.
Устай болохын тулд хөдөлмөрлөх хүсэл эрмэлзэлтэй байхыг надад заасан Африкийн Кенийн нэгэн эмэгтэйд би үргэлж талархаж явах болно. Тэдний тосгонд худаг гаргасны дараа энэ үйл явдлыг тэмдэглэж байх үеэр би түүнтэй танилцсан юм. Шинэ худагтай болсноор ус авах гэж өдөр бүр 14 км явдаг байсан бол одоо зөвхөн 1.6 км-н зайтай боллоо хэмээн тэр эмэгтэй талархан ярьж билээ. Ийм боломжтой болсондоо тэр хөл нь газарт хүрэхгүй баярлаж байлаа.
Хэрэв би ус авах гэж 1.6 км явган явах хэрэгтэй болбол ямар санагдах байсныг бодож үзлээ. Тэр эмэгтэй гэрийн ажил болон ногооны газартаа ажиллах зэргээ хойш тавиад ийм хол усанд явдаг нь үнэхээр гайхмаар байлаа. Тэр эмэгтэй усгүйгээр бусад ажлаа хийх боломжгүйг мэддэг байжээ. Түүний ажил хэчнээн хүнд болохыг бодоод үз л дээ. Ус авчрах нь хүч чадал, тэвчээр хатуужил шаардана. Гэвч тэр гэр бүлийнхээ төлөө өдөр бүр 14 км явган явахад бэлэн байсан аж.
Цэвэр усыг гэртээ цоргоноос авдаг бид Христэд ирэхийг хаалт эргүүлээд аяга цэвэр ус авахтай адил хялбархан зүйл шиг боддог. Эсвэл бид чухал ажлуудаа маш чухал ажлуудаа ч Есүс Христийг болон Түүний Эцэгийг мэдэхийг эрэлхийлэхийн тулд хойш тавихад бэлэн үү?
Амьд усны худаг–Аврагч бидэнд хэзээ ч усгүй байдаггүй, үргэлж цэвэр, амьдралыг тэтгэгч устай худгийг санал болгодгийг би мэднэ. Бид Түүн уруу хоосон аягатай очиход Тэр аягыг бидний хүлээн авах чадвараас илүүгээр бялхтал дүүргэж өгөх болно. Тэрбээр үнэхээр амьд ус, Бурханы хайрын илрэл мөн.
Амьд ус гэж юу вэ?
-
Амьд ус бол Есүс Христийн сайн мэдээ юм.
-
“Амьдралын усан оргилуур нь … Бурханы хайрын бэлэгдэл ажгуу” (1 Нифай 11:25).
-
Амьд ус бидэнд “үүрдийн амийг” (Иoхан 4:14; С ба Г 63:23) өгч чадна.