2011
Бага багаар ирсэн өөрчлөлт
2011 оны долдугаар сар


Бага багаар ирсэн өөрчлөлт

Би өөрийгөө тун дажгүй байгаа гэж боддог байв. Номлолд үйлчилж, коллеж төгсөн, бүрэн цагийн ажилд орсон, эцэст нь ганцаараа орон сууцанд орлоо. Ням гараг бүр сүмд явж, заримдаа үйл ажиллагаануудад оролцдог байлаа. Би ганц бие болон гэрлэсэн олон найзтай байв. Хүүхэд байхдаа миний хийх дуртай зүйл бол ном унших байсан бөгөөд одоо харин ном унших завтай болсон байв. Ийм олон үйл ажиллагаа байсаар атал нэг л сэтгэл гонсгор байх болов.

Алмагийн 37-р бүлэгт хүү Хиламандаа өгсөн Алмагийн зөвлөгөө байдаг. Шүлэг 41–42-т Алма Лихайн гэр бүл болон Лиахонагийн тухай өгүүлдэг. “Тэд хойрго байж, мөн итгэлээ бас хичээнгүй байдлаа бодитой болгохоо мартсан” үед Лиахона ажиллахгүй болж, “тэд аглаг буйдад саатаж, өөрөөр хэлбэл чиг замаа шууд хөөсөнгүй; тэд аян замдаа урагшилсангүй” гэж тэрбээр тайлбарлажээ. Эдгээр шүлгүүдийг уншсан нь өөрийгөө өсч хөгжихгүй байгааг мэдэхэд надад туслав. Би итгэлээ ашигладаггүй бас амьдралынхаа юм бүхэнд шаргуу хичээнгүй биш болохоо мэдлээ. Бас зорилгоо биелүүлэхийн төлөө ажиллахаа больсон байв. Би ямар нэгэн юм болохыг зүгээр л хүлээж суудаг хүн болжээ.

Өөрчлөх хэрэгтэй зүйлсийг бичиж тэмдэглэн, жагсаалт гаргаагүй боловч өөрчлөлт бага багаар гарч эхэлсэн юм. Нэгдүгээрт, би өглөө эрт босч, гүйх буюу дасгал хийдэг болов. Хоёрдугаарт, ажилдаа өсч хөгжих болон өөр ажил олж хийхэд тусалж болох сургуулийн хөтөлбөрүүдийг судалж эхэллээ. Нэг хөтөлбөр олж, түүгээр шалгалт өгөхөд бэлтгэх цаг гаргав. Судар судалж, залбирах нь надад улам чухал болж, Христийн үгсийг шимтэн судалж, Сүнсийг мэдрэхийн төлөө өдөр бүр цаг гаргахыг хичээдэг болов. Тойргийнхоо ажилд, ялангуяа цаг заваа золиослох ажилд илүү их хүч чармайлт тавьдаг боллоо.

Бага ч гэсэн өөрчлөлт гарч эхэлсэнд баяртай байлаа. Өсөлт хөгжилтөө болон Тэнгэрлэг Эцэг надад шинэ сорилтууд өгч байгааг мэдрэх болов. Эдгээр сорилтуудыг би айдас, урам хугаралтаар биш харин итгэл найдвараар угтах болно. Бид итгэлээ хөгжүүлэхээ эсвэл итгэлээ ашиглахаа больж, Тэнгэрлэг Эцэг бидэнд өсч хөгжихөд туслах боломжгүй чиглэлээр явах юм бол хүрэх ёстой газартаа хүрч чадахгүй гэдгийг би мэдсэн билээ. Өмнөх замаа харахад минь тусалсан өөрийн амьдрал дахь жижиг өөрчлөлтүүдэд би их баяртай байна.