Сүмийн эргэн тойронд
Бие даах чадвараа хөгжүүлэхэд оёдлын машинуудыг ашигласан нь
Фижийн Нийгмийн Хамгааллын Яаманд 2010 онд Сүмээс бэлэглэсэн 50 оёдлын машин, мөн дахин бэлэглэх 50 оёдлын машин нь Фижийн хөдөө нутагт амьдардаг эмэгтэйчүүдийн бие даах чадвар, ажил эрхлэх боломжийг нэмэгдүүлэхэд тусалжээ.
Хүмүүнлэгийн тусламжийн санд Сүмийн гишүүдийн хандивласан хандив нь оёдлын машин бэлэглэх зэрэг төслүүдийг хэрэгжүүлж, дэлхий даяарх хэрэгцээг шийдвэрлэхэд туслах боломжийг Сүмд олгодог. Сүмийн төлөөлөгчид орон нутгийн хэрэгцээ, олон нийтийн хүсэлд хүндэтгэлтэйгээр хандахын тулд тосгон болон засгийн газрын удирдагчидтай нягт хамтран ажиллаж байна.
“Бид Есүс Христийн дагалдагчид учраас энэ төслийг мөн үүнтэй төстэй бусад төслүүдийг хэрэгжүүлдэг.” Бүсийн Далын Ахлагч Таниела Б.Ваколо Fiji Times сонинд өгсөн ярилцлагадаа “Бидний итгэл … дэлхийд сайныг үйлдэхэд биднийг удирддаг” гэж хэлжээ.
Японы гишүүн шагнал хүртэв
Японы Фужисава гадасны гишүүн Южи Сужияама Японд болсон аюулт газар хөдлөлтөөс дөрвөн сарын өмнө эх орныхоо төлөө идэвх зүтгэл гарган хөдөлмөрлөсөн гавьяаныхаа төлөө дунд зэрэглэлийн Ариун Эрдэнийн Шагнал хүлээн авчээ.
Сужияама ах Гадаад Яамны гишүүнээр олон жил ажиллахдаа гэрээ хэлэлцээр байгуулах үйлсэд өндөр идэвх зүтгэл гаргаж, Японы дипломат төлөөлөгчөөр ажиллаж байжээ.
Ажил үйлсдээ сайныг үйлдэх бүх боломжоор Их Эзэн биднийг хангадгийг Сужияама ах мэддэг. “Бидэнд хэрэгцээгээ ухаарч ойлгоход туслахын тулд Их Эзэн заримдаа хүндрэл бэрхшээлийг бий болгодог. Тэдгээр хэрэгцээ болон зөв шийдвэр гаргах боломжууд нь хүмүүсийг өсч хөгжин, энэ дэлхийд аз жаргалтай байх боломжийг олгодог” гэж тэрээр хэллээ.
Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Энэрлийн байгууллага цэвэр усаар хангав
Дэлхий даяар бараг нэг тэрбум хүмүүс цэвэр усаар дутагдаж байгаа бөгөөд үүний улмаас булчин задрах тахал, суулгалт, хижиг зэрэг уснаас үүдэлтэй өвчнүүд гарч байна. Сүм 2002 оноос хойш 5,000 гаруй тосгон суурины долоон сая гаруй хүмүүст цэвэр усны эх үүсвэртэй болоход нь туслаад байна. Ус бол аз жаргал гэсэн видео news.lds.org-т англи хэлээр гарсан бөгөөд ХҮГ Энэрлийн байгууллагаас Сиерра Леоны нэг тосгоныг цэвэр устай болгосон тухай өгүүлдэг.