2011
Дүү минь, ах нь шийдвэр төгс байна
2011 оны долдугаар сар


Тэргүүн Зөвлөлийн Захиас бичиг

Дүү миньах нь шийдвэр төгс байна

President Dieter F. Uchtdorf

Ах дүү хоёр хөвгүүн цэнхэр нуурын толигор ус уруу өнгийсөн багахан цохионы орой дээр зогсож байлаа. Энэ бол олны мэддэг усанд шумбах газар. Хүмүүсийг ус уруу үсэрч орохыг харсан ах дүү хоёр үсрээд үзвэл яасан юм гэж олон удаа ярилцсан гэнэ.

Тэд хоёул үсрэхийг хүссэн ч, хэн нь ч эхэлж үсрэхийг зүрхэлсэнгүй. Цохио нэг их өндөр байгаагүй ч хоёр хөвгүүн өнгийж хартал цохио улам ч өндөр болсон мэт санагдан хулчийн зүрх алдлаа.

Эцэстээ ах нь ирмэг дээр нэг хөлөө тавиад ус уруу шийдэмгийхэн үсрэх гэв. Тэр агшинд дүү нь “Ирэх зун хүртэл хүлээвэл яасан юм бэ” гэж шивнэв.

Гэвч ахынх нь эрч хүч түүнийг зоригжуулав. “Дүү минь ах нь шийдвэр төгс байна!” гэв.

Тэр ус үсчүүлэн цүнхээл уруу үсрэн орсноо, усны мандал дээр гарч ирэн ялалтын дуу хадаах нь тэр. Дүү нь тэр даруй ус уруу үсэрлээ. Дараа нь “Дүү минь, ах нь шийдвэр төгс байна” гэж хэлснийг санан инээлджээ.

Шийдвэр төгс байх нь усанд шумбахтай бага зэрэг төстэй юм. Чи шийдвэр төгс байж болно эсвэл үгүй ч байж болно. Нэг бол чи урагш ахина эсвэл байрандаа зогссон хэвээр байна. Энэ хоёрын дунд байж чадахгүй. Амьдралынхаа үлдсэн хэсгийг өөрчлөхөд хүргэх шийдвэр гаргах үетэй бид тулгардаг. Сүмийн гишүүд бид “Усанд шумбах уу эсвэл эрэг дээр зүгээр зогсож байх уу? Эсвэл урагш алхаж, зөвхөн хөлийнхөө хурууг усанд дүрээд усны температурыг шалгах уу?” гэж өөрсдөөсөө асуух ёстой.

Бид буруу юм хийснээс нүгэл үйлддэг. Бид юу ч хийхгүй байвал бас зарим төрлийн нүглийг үйлддэг. Сайн мэдээнд итгэл дундуур байх нь харуусал, аз жаргалгүй байдал, гэм буруу уруу хөтөлж мэднэ. Гэрээт хүмүүс учраас бидэнд ийм явдал тохиолдох ёсгүй. Бид баптисм хүртэх бас Их Эзэний өргөөнд орох үедээ Түүнтэй гэрээнүүд хийдэг. Эрэгтэйчүүд санваарт томилогдох үедээ Их Эзэнтэй гэрээнүүд хийдэг. Их Эзэнтэй хийсэн гэрээгээ сахихаас илүү чухал зүйл бидэнд байдаггүй. Хуучин Гэрээнд Рахел, Леа хоёр Иаковт хэрхэн хариулсныг санацгаая. “Бурханы танд хэлсэн бүхнийг хийтүгэй” (Эхлэл 31:16) гэсэн нь энгийн, шулуухан хариулт бөгөөд тэдний тууштай чигч байдлыг харуулдаг.

Зөвхөн хуурамч итгэлтэй хүмүүс л дутуу дулимаг гэрчлэл, баяр баясгалан, амар амгаланг хүлээж болно. Тэнгэрийн цонхнууд тэдэнд бас л хагас нээгдэх болно. “Одоо би 50 хувийн л итгэлтэй байж байгаад, Христийг Хоёр дахь Ирэлтээр ирэхэд итгэлээ 100 болгоно” гэж бодох нь тэнэглэл биш гэж үү?

Их Эзэнтэй байгуулсан гэрээнүүддээ тууштай үнэнч байх нь бидний хөрвөлтийн үр жимс юм. Аврагчид болон Түүний Сүмд тууштай үнэнч байх нь бидний зан чанарыг төлөвшүүлж, сүнсийг хүчирхэгжүүлдэг, ингэснээр бид Христтэй уулзах үед Тэрбээр биднийг тэврэн авч, “Сайн байна, итгэмжит сайн боол минь” (Maтай 25:21) хэмээн хэлэх болно.

Бодол санаа, үйлдэл хоёр ялгаатай юм. Зөвхөн хоосон амлалт өгөхийг эрмэлздэг хүмүүс юм бүхэнд шалтаг олдог. Итгэлдээ тууштай үнэнч байдаг хүмүүс сорилт бэрхшээлийг даван туулж, “Тийм ээ, үүнийг хойшлуулах үнэхээр бодитой шалтгаан байгаа ч гэсэн би гэрээнүүд хийсэн хүн. Тиймээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд шийдвэр төгс байна” гэж өөрсдөдөө хэлдэг. Тэд судруудыг судалж, Тэнгэр дэх Эцэгийнхээ удирдамжийг чин сэтгэлээсээ эрэлхийлэн, Сүмийн дуудлагуудыг хүлээн авч, хичээнгүйлэн биелүүлдэг. Тэд цуглаанууддаа оролцож, гэрийн болон айлчлагч багшийн ажлаа хийдэг.

“Амлалт нь тэргэл сар лугаа адил юм. Хэрэв амлалтыг тэр дор нь биелүүлэхгүй бол өдөр өдрөөр жижгэрсээр алга болдог” гэсэн зүйр үг байдаг. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүд бид дагалдагчдын замаар алхах шийдвэр төгс байна. Бид Аврагчийнхаа үлгэр жишээг дагах шийдвэр төгс байна. Их Эзэний Сүмийн бүх гишүүд жинхэнэ ёсоор хөрвөж, Бурханы хаант улсыг байгуулахын төлөө шийдвэр төгс байж, чадавхийнхаа дээд хэмжээгээр амьдрах юм бол дэлхий хэрхэн адислагдаж, хэрхэн сайжран өөрчлөгдөхийг төсөөлөөд үз л дээ.

Бид бүгдээрээ шийдвэр гаргах үедээ усыг анзаардаггүй. Бид итгэлтэй байж, урагш давшин, айдас, эргэлзээгээ зоригоор ялж, “Би шийдвэр төгс байна!” гэж өөрсдөдөө хэлдэг байхын төлөө би залбирч байна.

IЗургийг Бжорн Троклейсон

Зураг чимэглэлийг Стийв Кропп