Би хэрхэн мэдсэн бэ?
Наймдугаар шүлгэн дэх хариу
Иосеф Смит хариугаа Иаков 1:5-аас олсон юм. Харин би өөрийнхөө хариуг цөөхөн шүлгийн дараа олсон.
Шөнийн 11:00 болж байлаа. Би сургуулийн найз нартайгаа гадагшаа гараад ирсний дараа өрөөндөө байв. Тэр орой зөв шийдвэр гаргаагүйгээ би мэдэж байв. “Гэвч тийм аймаар муу шийдвэр ч байгаагүй л дээ” гэж өөрийгөө зөвтгөв.
Гэрийн даалгавраа гаргаж ирлээ. Сэтгэл нэг л гонсгор байв. Их ядарсан болохоор энэ бүгдээс салахын тулд зөвхөн унтмаар л байлаа. “Судруудаа унших хэрэгтэй байдаг. За яахав, өнөө орой л судар уншихаа больё” гэж бодлоо.
Хийх ёстой юмсаа нэгд нэгэнгүй бодлоо. Судраа унших, өглөө эрт семинарт явах, сүмд болон Мючелд явах, сайн дүн авах, хичээлээс гадуурх үйл ажиллагаануудад оролцох, хагас цагийн ажил хийх гээд … жагсаалт цааш үргэлжилнэ.
Миний амьдралын юм бүхэнд, тэр тусмаа ахлах сургуульдаа цорын ганц Хожмын Үеийн Гэгээнтэн эмэгтэй байсан болохоор би олон ачаа дарамттай байдаг. Би үе тэнгийхээ хүүхдүүдийн уулзах цорын ганц Хожмын Үеийн Гэгээнтэн эмэгтэй ч байж магадгүй тул сайн үлгэр дууриал үзүүлэх хэрэгтэй гэдгийг өөртөө дахин дахин сануулдаг байв. Гэвч би алдаа гаргаж эхэлснээ мэдэж байлаа.
“Найз нар шигээ санаа зовох юмгүй амар явах юмсан” гэж бодох болов. Бас үдэшлэгт явах, муу үг хэлсэн үедээ эвгүй мэдрэмж бүү төрдөг байгаасай гэж бодно, гэвч эвгүй мэдрэмж төрдөг нь үнэн юм. Буруу сонголт хийснээ мэдсэн үед бие шархиран өвдөх шиг мэдрэмж төрдөг. Гэвч зарим шалтгааны улмаас би буруу шийдвэр гаргасаар л байлаа.
Гэрийн даалгавраа хийж дуусахад бараг шөнө дунд болж байв. Таван цагийн дараа цагийн сэрүүлэг жингэнэнэ. Тэгээд босч, өөрийгөө албадах шахан семинарт яваад, ахлах сургуулийн нэг өдрийг ардаа хийхийг хичээнэ.
Тэгтэл надад гэнэт нэг санаа төрсөн нь юу гэвэл би бүх дүрмийг дуулгавартай дагах хэрэггүй байлаа. Хүсвэл Сүм, семинар, Мючелд явахаа ч больж болох юм. Манай гэрийнхэн явдаг болохоор би заавал явах хэрэгтэй гэж үү.
Энэ бол ачааг хөнгөлөх санаа байлаа. Судраа унших ёстой гэсэн хүчтэй бодол төрөх үед би орондоо ороод яг унтах гэж байв. “Үгүй ээ. Би нэгэнт шийдсэн шүү дээ” гэсэн бодол төрлөө.
Дахин ингэж бодогдлоо. “За яахав, сүүлчийн удаа нэг судар уншиж болох юм” гэж энэ үед бодогдов.
Бид тэр жил семинарт Шинэ Гэрээг судалж байсан юм. Номын хавчуургаа хавчуулсан Иаковын 1-р бүлгийг нээв. Энэ бол Ариун Ойн Цоорхой уруу очиж, зүрх сэтгэлээ Тэнгэрлэг Эцэгт уудлан залбирахад Иосеф Смитэд сүнслэгээр нөлөөлсөн тэр бүлэг байлаа. “Ямар хачирхалтай юм бэ” гэж би бодлоо. Тэгээд уншиж эхлэв.
Тавдугаар шүлгийг би мэддэг байлаа: “Харин та нарын хэн нэгэн нь мэргэн ухаанаар дутвал …” Гэвч тэр шөнө миний нүдийг нээсэн шүлэг бол 8-р шүлэг байлаа. Энэ шүлэгт “Тэр хүн хоёр санаа өвөрлөгч бөгөөд бүх үйлдээ тогтворгүй байдаг юм” гэжээ. Би мэл гайхав. Тэгээд үүнийг дахиж уншлаа.
Би чинь хоёр санаа өвөрлөгч байна шүү дээ. Би өөрийгөө Хожмын Үеийн Гэгээнтэн гэдэг атал ажил үйлс нь өөрийг өгүүлж эхэлсэн байлаа. Хэрэв энэ хэвээрээ цааш үргэлжлэх юм бол ямар замыг сонгосон нь хамаагүй, би тогтворгүй, найдваргүй, бүр цаашлаад аз жаргалгүй нэгэн болох байв.
Сайн мэдээ үнэн үү гэдгийг мэдэх хэрэгтэй байлаа. Сайн мэдээг судлахын тулд өглөө бүр 5:00 цагт босох нь ашиг тустай юу гэдгийг мэдэх хэрэгтэй байв. Намайг хүмүүс шоолдог ч сайн мэдээ надад үнэхээр их аз жаргал, баяр баяслыг авчирсан учраас би үүгээр амьдрахын тулд чадлынхаа хэмжээгээр хичээн чармайх хэрэгтэйгээ мэдэх нь чухал байлаа.
Бараг шөнийн 1:00 цаг болж байсан ч би орныхоо дэргэд өвдөг сөгдөн зүрх сэтгэлээ Тэнгэр дэх Эцэгтээ хандан илчиллээ. Юу зөв болохыг, ямар замаар явахыг мэдэхэд, намайг гараас минь хөтлөн, төөрөлдсөн санаа бодлоо өөрөөсөө хэрхэн зайлуулахыг мэдэхэд туслаач хэмээн Түүнээс гуйлаа.
“Чи үүнийг аль хэдийнээ мэднэ шүү дээ” гэсэн энгийн атлаа тод томруун бодол намуухнаар оюун ухаанд минь орж ирэв. Тийм ээ, би мэддэг байсан.
Би өвдөг дээрээсээ босч, гэрлээ унтраагаад унтахаар хэвтэв. Дөрвөн цагийн дараа цагийн сэрүүлэг жингэнэв. Би нойрмоглон сэрүүлгийг зогсоов. Минутын дараа би босч, шинэ өдөрт, семинартаа явахад бэлэн болсон байлаа.
Шөнө дунд болсон тэрхүү гайхалтай туршлагаас хойш олон жил өнгөрчээ. Миний гэрчлэл одоо ч өссөөр байна. Заримдаа энэ нь бусад үеээс илүү хүчтэй байдаг. Ялгаа нь гэвэл би дахиж хэзээ ч өнгөрсөн үеийнхээ алдааг давтаагүйгээ мэддэг.