Зогсолтгүй сэлээд бай
Арванхоёр настай Монико Сейли усанд сэлэх дуртай. Энэ охин Шинэ Зеландын шилдэг залуу сэлэгчдийн нэг бөгөөд усандаа бол загас л гэсэн үг.
Гэхдээ загас шиг гэх нь үнэнд нийцэхгүй байж мэднэ л дээ. Тэр охин усанд сэлэхдээ яагаад тийм гарамгай болсны өөр нэг тайлбар нь тэрбээр маш шаргуу хичээллэснийх ажээ.
Тэр даваа, лхагва, баасан гараг бүрийн өглөө 5:00 цагаас бассейн дээр хоёр цаг дасгал хийдэг. Мягмар, пүрэв, бямба гарагт тэр хичээлийнхээ дараа ойрын болон холын зайнд гүйдэг ажээ.
Түүний төдийлөн дуртай биш сэлэлт бол эрвээхэй сэлэлт буюу эрүүгээ дээш өргөн, 100 метр тутамд гараа сольж, нэг гараараа сэлэх сэлэлт юм. “Ингэж сэлэхэд хоёр мөр шатаж байгаа юм шиг халуу оргидог” гэж тэр хэллээ.
Харин Моника, хэчнээн хэцүү байлаа ч шантарч бууж өгвөл амьдрал амар хялбар болдоггүй гэсэн сургамжийг үүнээс авсан ажээ. Нөр хичээнгүй хөдөлмөр түүнийг улам хүчтэй болгожээ.
Хичээнгүй хөдөлмөр, хүнд цаг үе
Хичээнгүй хөдөлмөр нь түүнд ашиг тусаа өгчээ. Тэр арван настайгаасаа усан сэлэлтээр медаль авч эхэлсэн гэнэ. Моника 11-тэйдээ өөрийнхөө насны бүлэгт эрвээхэй сэлэлтээр улсынхаа шилдэг 10-т орсон байна. Тэр 12 настайдаа усан сэлэлтийг хөгжүүлэх үндэсний багийн бүрэлдэхүүнд орж, Самоад болсон Номхон Далайн орнуудын тоглолтод оролцохоор шалгарчээ.
“‘Шаргуу хөдөлмөрийн үр дүнд амжилт олдог’ гэж аав минь үргэлж ярьдаг байж билээ. Хичээн чармайж, хүч хөдөлмөр гаргахгүй бол амжилт өөрөө хүрээд ирэхгүй’” гэж тэр ярилаа.
Усан сэлэлтэд мөн амьдралд ч энэ нь үнэн болохыг Моника 11 нас хүрснээсээ хойш хэдхэн сарын дараа аав нь зуурдаар нас барахад мэдсэн ажээ.
“Би аавтайгаа дэндүү дотно байсан даа” гэж Моника хэллээ. “Аав минь намайг усанд сэлж сургах эхлэлийг тавьсан юм. Аав намайг бүх дасгал сургуулилт, тэмцээнүүдэд хүргэж өгдөг байсан. Аавыг өөд болоход надад ярилцах хүнгүй болсон юм шиг санагдаж билээ.”
Бүү бууж өг
Аавыгаа алдсан нь үнэхээр хэцүү байлаа. Гэвч Моника хүнд дасгал сургуулилтаасаа шантарч бууж өгсөнгүй бас аавыгаа өөд болоход Тэнгэрлэг Эцэгт итгэх итгэлээ ч орхисонгүй.
“Аав минь миний үлгэр дууриал байсан даа” гэж тэр хэлэв. “Аав надад сайн мэдээгээр хэрхэн амьдрахыг заасан юм.”
Моника аавыгаа өөд болсноос хойш унтахынхаа өмнө судар уншдаг болсон гэнэ. “Үүнийгээ зуршил болгохыг хичээдэг байлаа” гэж тэр ярилаа. Тэр сургууль дээрээ итгэл бишрэлийнхээ төлөө хатуу зогсдог ажээ. “Надаас Сүмийн тухай олон асуулт асуудаг” гэж тэр хэллээ. Тэр бас тойргийн хөгжмийн удирдаачаар үйлчилдэг.
“Гишүүн болсноороо би адислагдсан” гэж Моника хэлэв. “Сэтгэл санаа хямарсан үед би тайван байхыг хичээдэг.”
Эцэстээ илүү хүчирхэг болдог
Моника аавыгаа үгүйлэн санасан хэвээр байгаа аж. Гэвч тэр ээж болон гэр бүлийнхээ дэмжлэгтэйгээр сайн явна.
Түүний амьдрал төгөлдөр хуурын болон хийлийн хичээл, сурагчдын зөвлөлийн хурал цуглаан, усанд сэлэлт, Хувийн хөгжил дэвшил, ариун ёслолын цуглааны үеэр хөгжим удирдах гээд шил шилээ дарсан олон үйл ажиллагаагаар дүүрэн байдаг аж.
Тэр усан сэлэлтээрээ хэр амжилт гаргах тухайгаа эсвээс үүнтэй амьдралаа хэр зэрэг удаан холбохоо хараахан мэдэхгүй байгаа гэнэ. Харин сайн мэдээний тухайд гэвэл тэр эцсийг хүртэл амьдралаа үүнтэй холбохоор эгнэгт шийдсэн ажээ.
“Зарим үед амьдрал үнэхээр хэцүү байдаг л даа” гэж Моника хэллээ. “Гэвч хэцүү зүйлсийг хийх нь биднийг улам хүчирхэг болгодог. Зогсолтгүй сэлээд байх хэрэгтэй.”